Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл эхэллээ

Европын Холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хөдөө аж ахуй, ойн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

Тус төслийг 2021 оны тавдугаар сараас 2024 оны дөрөвдүгээр сарыг дуустал гурван жилийн хугацаанд Сэлэнгэ болон Хэнтий аймгийн тус бүр гурван суманд хэрэгжүүлэх юм.

Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Траян Христеа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Даниел Пассон, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төслийн менежер Др. Майкл Трокенброт нар хамтын ажиллагааны шинэ төсөл хэрэгжүүлэхээр олон талт түншлэлийн баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны шинэ төсөл “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл нь байгаль орчны доройтол, хүнсний тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг урт хугацаандаа шинэлэг, тогтвортой газрын менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар шийдэхэд чиглэж байна.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Филипп Мэрлин “Франц Улс нь 20-р зууны эхэн үеэс эхлэн газар зүйн заалтыг хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан юм. Франц Монгол хооронд хамтын ажиллагаа 2014 оноос хойш улам бүр нягт болсон бөгөөд үндэсний түвшинд газар зүйн заалтыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, зарим нэг бүтээгдэхүүнийг, тухайлбал, Увсын чацарганыг газарзүйн заалтыг бүртгүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бөгөөд бүтээгдэхүүнийг тухайн газар нутагтай ямар байдлаар (үйлдвэрлэх арга, соёлын өв гэх мэт) холбогдож байгаа тухай мэдээллийг өгдөг. STREAM төслийн хүрээнд Франц Улс Монгол Улсад газар зүйн заалтыг хөгжүүлэх, хүлээн зөвшөөрөх чиглэлээр үргэлжлүүлэн мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд энэ нь цаашлаад Монголын экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.

Төслийг Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран хэрэгжүүлэх юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Траян Христеа “Өнөөдөр Нэг Европ Нэг Баг хөтөлбөрийн хувьд олон улсын түншүүдтэйгээ хамтран нэгэн чухал үйл явдлыг тэмдэглэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөөх түншлэл (GCCA), Хөдөө аж ахуйн судалгаа хийх замаар ухаалаг инновацийг хөгжүүлэх (DESIRA) консорциумын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах үндэсний зорилтот хувь нэмэр оруулахад нь дэмжин ажиллах болно. Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэг, Европын орнууд, НҮБ-ын ХХААБ-ын туршлагад тулгуурлан ой бүхий газрын менежментийг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуй эрхлэхийг дэмжих ажилд шинэлэг санаа, инновацийг хэрэгжүүлэн ажиллах юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *