Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрөөр хүмүүжсэн доктор профессоруудын нэг анги

“Биднийг оюутан ахуй цагт улс орон даяар ургац хураалт, мал төллөлтөөс авахуулаад хөдөө орон нутагт хашаа хороо, байр сууц барих, худаг ухах зэрэг ажилд биднийг дайчилдаг байж билээ. Гэхдээ одоогийн хэллэгээр бол “албадлагын” маягаар л биднийг ажиллуулдаг байсан хэдий ч бүгд л намар хаврын ажилд явахыг хүснэ. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байж дээ. Бүр ажилдаа дурлана гээч. Ер нь нэг анги хамт олны дотор бүлээн дулаан уур амьсгал бүрэлдэн тогтох, нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байх гээд одоогийн хэллэгээр жинхэнэ “супер” анги бий болоход хичээлээс гадуурх хөдөлмөр маш их нөлөөлдөг гэдгийг бид биеэрээ мэдэрсэн улс. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг яах аргагүй үнэн. Хүн хөдөлмөрч, уйгагүй зан чанарынхаа ачаар орчин үеийн өнөөгийн нийгмийг бүтээж чадсан. Үүнийг одоогийн хүүхэд, залуус хэр ойлгодог юм бол. Одоогийн хүүхдүүд ч ажил гэхээр охид нь бол шал арчиж аяга угаахыг, хөвгүүд нь түлээ хагалж, ус зөөх төдийхнийг ойлгодог болж дээ” хэмээн ярилцах тэд бол одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1978 оны МУИС-ийн Хэлбичгийн факультетын Монгол хэл-уран зохиолын ангийг төгсөгчид. Хөдөлмөрөөр “хүмүүжсэн” тус ангиас профессор цолтон дөрөв, докторын зэрэг хамгаалсан гурван ч эрдэмтэн төрөн гарсан нь тус ангийнхны чансааг илтгэнэ.

Ойрын хэдэн жил уулзалдаагүй учраас нэг ангийнханд ярих зүйлс мундахгүй. Тэд өөр хоорондоо сонин хачин болгож ярих зүйлс нь ихэнхдээ хэдэн жил, сарын өмнө болоод өнгөрчихсөн байх жишээтэй. Гэтэл бидний хажуу ширээнд суусан залуус “Паах, аль есдүгээр сард гадаадаас ирсэн, дөрөв таван жилийн өмнө бид тэгж уулзалдсан эсвэл жилийн өмнө ингэж тэгж эмнэлэг домнолгоор явсан гээд улирч, баларсан зүйлсийг өнөөдөр, өчигдөрхөн болсон үйл явдал мэтээр их чухал ярьцгаах юм. Мөн чиг хачин улс юм аа” хэмээн жиг жуг хийцгээв. Арга ч үгүй биз. Тэднийг оюутан ахуй үед гар утас гээч байгаагүй учраас анги дээрээ л уулзалдаж, сонин хачнаа хуваалцдаг байж. Хэрэв хэн нэг нь сум орон нутаг руу удаан хугацаагаар явбал захидлаар харилцдаг байсан санж. Хижээл насанд нь гар утас, интернэт бидний хэрэглээнд нэвтэрч, түүнд дасталаа чамгүй хугацаа зарцуулсан нь лавтай. Гэхдээ даслаа даслаа гээд тэдний ихэнх нь твиттер, фейсбүүк, мэссенжир хаяггүй л болов уу. Тиймээс тэд нэг нэгнийхээ нүд рүү харж, зэрэгцэж суугаад зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцах буюу одоогийн залуусыг бодвол илүү “амьд” харилцааг эрхэмлэдэг байсан, одоо ч хэвээр. Цаашид энэ хэвшил нь юу гэж өөрчлөгдөх билээ. Ямар сайндаа нэг нь “Манай ач хүү сая сургуульд ороод оо. Хичээл нь тарсныг мэдэхийн тулд хүүтэйгээ гар утсаар ярих юм байх оо. Эхний хэд хоног нь хүргэж өгчихөөд хоёр цагийн дараа ангийнх нь хаалгыг сахиад суучихдаг байлаа. Тэгсэн чинь тартал нь нэгээс хоёр цаг хүлээнэ. Заримдаа бүр гурван ч цаг хүлээдэг байгаа. Тэгсэн намайг чинь ядраад сүйд боллоо гээд утас авч өгсөн юм. Яаж залгах, дугаараа хэрхэн хийхийг нь зааж өгөөд байтал эхэндээ будилаад манаргаж өгдөг байсан одоо арай зүгширч байгаа. Энэ “дөрвөлжин хараар” ач хүүгээ хичээлийг нь тарсан эсэхийг л мэддэг төдий. Харин та хэдтэйгээ бол уулзаж ярилцахгүй л утасны цаанаас ярьж ч чадахгүй юм билээ” гэх билээ.

Нэгдүгээр курст элсэн оруутаа намар нь тэд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Загдал тасгийн тарианы үтрэмд ажиллажээ. Тэднийг багш нь болох хожим 1992-1996 онд УИХ-ын гишүүн,Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, академич, нэрт түүхч Ж.Болдбаатар хариуцан явжээ. Ингээд л өдөр шөнийн ээлжинд гарч, тариа буулгаж, цэвэрлээд, сортлон Улаанбаатар руу ачуулаад байх нь тэр. Тэд ядарсан үедээ бороо орохыг тэсэн ядан хүлээнэ. Учир нь хааяа нэг бороо, цас орвол хэд хоногоор амарч нуруу нь тэнийнэ. Гэхдээ л тэд бүрхэг тэнгэрийн дор майхандаа өдөржин дуулж, хуурдан, ном зохиол уншиж” заримдаа бүр намрын хүйтэн бороонд хүн малгүй зутарсан малчил айлд хүртэл тусалдаг байж. Энэ байдлыг нь багш, сургуулийн захиргаа нь сайн ойлгохгүй учраас хааяа нэг нууцаар Загдал тасгийн улаан буланг нэг сайн “доргиодог” санж. Тэдний хувьд “доргих” гэдэг ойлголт тэс ондоо. Шөнийн 12 цаг хүртэл бүжиглэж, дуулж, хөөрөлдөөд л болчих нь тэр. Их л сайндаа хөвгүүд нь саахалтын эзэгтэйг панаалдаж ганц литр нэрмэл олж, хувааж ууцгаана. Мэдээж эрүүл саруул улс өөр хоорондоо зодоон цохион хийнэ гэж байхгүй. Тэгтэл нэгэн удаа Болдбаатар багшдаа гардуулах нь тэр. Багш нь “За, манай тэр хэдэн сэгсгэрүүд болиорой! Сайхан мэдээрэй. Та нар хөдөөний залууст буруу үлгэр үзүүллээ, үдэшлэг дээр бус, хотод хэдэн найз нар цуглаад дарс шимэнгээ хийдэг бүжгийг энд хийлээ” гэж ирээд л сүрхий загнасан гэдэг.

Гуравдугаар дамжаагаа төгсдөг жил буюу 1976 оны зун тэд ангиараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн үхэрчин Хөдөлмөрийн баатар Данзандаржаагийнд ажиллахаар явжээ. Оюутны зуны барилгын ажил гэдэг долдугаар сард өрнөдөг их бүтээн байгуулалтын аян аж. Тийм ч учраас “ОСХГО” буюу “Оюутны социалист хөдөлмөрийн гавшгай отряд” гэж барилгын ажилд туслах цоллоно. Тэд эзгүй хээр, нүцгэн уулын аманд алдарт үхэрчний хонь үхрийн угаалгын ванныг барьж өгсөн аж. Бас хажууд нь худаг ухаж өгч. Ойр хавьд гол байхгүй, зуны халуун шатам халуунд чармай нүцгэн шахуу л ажиллаад байх нь тэр дээ. Хааяа Хэрлэн гол руу явж усанд орно. Сумын захиргаанаас нэг үхэр, хэдэн хонь ямаа өгснийг өөрснөө төхөөрч махаа бэлтгэнэ. Гурил, цагаан будаа, гоймон, давсаар хангалттай хангана. Тэр зун Улс хувьсгалын баяраар МАХ-ын 55 жил, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 45 жил, Тэмцэл нэгдлийн 20 жилийн ойн баярыг зэрэг тэмдэглэжээ. Хөвгүүд нь сумын төв орж барилдацгааж. Зодог шуудаггүй учраас цээж нүцгэлж байгаад өмд гуталтайгаа үзэж тарж дээ. Найдандорж, Зоригт нар нь гурав давж, сумын бөхчүүдийг багагүй сандаргаад авсан сурагтай. Бас дэмбээ хурууны тэмцээнд Д.Цэмбэл шөвгөрчээ. Наадмын үеэр ангийн анд, хожмын доктор Л.Бэгзжав агсан заяаны хань АУДС-ийн оюутан, Аварга хэмээх нутгийн бүсгүйтэй учирсан гэдэг. Ингэхээр тэр зуны наадам монгол хэл-уран зохиолын ангийнханд өгөөмөр хандсан байгаа биз.

Дараа жил нь тэднийг орос хэлний орчуулагчийн ангийнхантай нийлүүлэн ОСХГО болгоод Надя хэмээх орос мэргэжилтэн багшид даатгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу илгээжээ. Биндэрт дутуу баригдсан клубийн барилгыг гүйцэх даалгавартай. Тэднийг явахаас нь өмнө “Биндэрийн буриадууд айхтар аюултай, хамт ойр дотно нөхөрлөж, наргиж цэнгэж болохгүй. Алуулна гэж мэд” хэмээн баахан ятгажээ.Ихэвчлэн охидууд байсан учраас айж сандрахад хөвгүүд нь харин ч тоосон шинжгүй байжээ. Д.Баярхүүгээр толгойлуулсан Ю.Мөнхамгалан, Л.Бадраа, Д.Цэмбэл нар Ононгийн голд сэлж аваад сумын төв рүү гараад гишгэчихэж. Багш нарынх нь хэлдгээр сумын төвийн болдоггүйчүүдийн нэг болох Оргодол гэж нөхрийнд очиж хуруудаж хоножээ. Гоочилж, айлгасан хүн таарсангүй. Харин ч тэр зун буриад зоны өглөгч сэтгэлийн ачаар цөцгий, махаар тасраагүй гэдэг. Намар, хаврын ажилд дайчлагдаад дунджаар 200-300 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ л их мөнгө. Харин энэ удаад зуны ажлын хөлс гэж 25 төгрөг өгчээ. Тэд дор хаяж 200 төгрөг өгнө гэж бат итгэчихээд зарим нь бүр тэр мөнгөө юунд зарцуулахаа ч хүртэл урьдчилаад дэвтэр дээрээ ярайтал биччихсэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэд мөнгөний төлөө биш өөрөө өөрсдийгөө олохын төлөө, насан туршийн найз нөхөдтэй болохын тулд, тэсвэр хатуужилтай болохоор ажлын хөлсөө огтхон ч голоогүй гэдэг.

Өдгөө тэдний ангиас олон доктор профессоруудаас гадна магистр цолтой олон бий. Тэд өдгөө их сургуулийн багш, судлаач, улс төрч, урлаг судлаач, япон, хятад хэлний орчуулагч хийж, салбартаа тэргүүлэгчид нь болон цойлжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн Д.Дэмбэрэлдорж, Өмнөд Солонгосын Дангук их сургуульд багшилж буй профессор Ю.Мөнх-Амгалан, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч агсан, доктор Л.Бэгзжав, Күнзийн соёлын төвийн монгол талын захирал, нэрт дуун хөрвүүлэгч, доктор М.Чимэдцэеэ, Арабад суугаа Монголын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан профессор, улс төр судлаач, нийтлэлч Д.Баярхүү, МУИС-ийн Япон хэлний багш Л.Энхсайхан, СУИС-ийн багш Ц.Бурмаа, Радиогийн япон хэлний редакцийн анхдагч, үүсгэн байгуулагчийн нэг, нэрт орчуулагч бий. Д.Цэмбэл, Монгол дахь энэтхэг судлалын үндсийг тавилцсан судлаач Ч.Сийлэгмаа, Монголч эрдэмтэн, Монголын нууц товчоог Франц, Румын хэл дээр орчуулсан Родика зэрэг салбар бүрийнхээ тэргүүлэгчид нь болжээ, тэд. Түүнчлэн тэд судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр тус бүрдээ өөрсдийн бүтээлийг олны хүртээл болгожээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *