Categories
мэдээ цаг-үе

​Хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах боломж нээгдэж байна

2015 оны долдугаар сард батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд, тэр тусмаа жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх таатай боломж нээгдэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци 2012 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгөнөөс гадна хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх зүйн орчин бүрдэж, түүнийг бодитой хэрэгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болох хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан ажиллаж эхлэхэд бэлэн болжээ.
Цахим мэдээллийн сангийн гол зорилго нь тухайн хөдлөх хөрөнгийн хувьд үүссэн барьцааны эрхийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээллэхээс гадна барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг тогтоох юм билээ. Интернэтэд холбогдсон хэн ч барьцаанд байгаа хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг харчихна, хөдлөх хөрөнгө барьцаалж буй банкны ажилтан тусгай кодоор нэвтрээд барьцааны мэдэгдлийг хэдийд ч оруулах боломжтой гэх мэт давуу талуудтай цахим мэдээллийн сангийн нээлт энэ сарын 20-нд болох юм байна.
Нэг талаас үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлагыг хангаж чаддаггүйгээс болж зээл авч хүчирдэггүй жижиг дунд бизнесийнхнийг дэмжсэн, нөгөөтэйгүүр эдийн засаг тэлэхэд өгөөжөө өгөх энэ хуулийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг байгууллага Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа юм билээ.
Төслийн менежер Б.Батмөнх “Цахим мэдээллийн сангийн зорилго бол барьцаанд авсан тухайн хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тогтоох бүртгэл огт биш юм. Таван сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй бизнес эрхлэгч байлаа гэж бодъё. Энэ тоног төхөөрөмжийг барьцаанд авсан банк барьцааны гэрээ хийснийхээ дараа цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг оруулна. Энэ нь тухайн тоног төхөөрөмжийн хувьд энэ банкны барьцааны эрх байгаа шүү гэсэн нотолгоо л юм” гэсэн тайлбар хийлээ. Хууль батлагдаж, цахим сан ажиллаж эхэлснээр бизнес эрхлэгчдэд бас нэг том давуу үүсч байгаа юм байна. Таван сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөө “А” банкинд нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан бизнес эрхлэгч маргааш нь “Б” банкин дээр очоод нөгөө тоног төхөөрөмжөө барьцаалж дахиад зээл авах боломжтой аж. “Б” банкны зээлийн мэргэжилтэн цахим мэдээллийн сангаас хайлт хийн өмнө нь “А” банкны барьцаанд тавьсан талаарх мэдээллийг хараад “Таван сая төгрөгийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан юм байна. Энэ тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ өндөр учраас манай банк ч барьцаалж зээл өгч болох нь.
Зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч тоног төхөөрөмжийг борлууллаа гэхэд өгсөн зээлээ буцаагаад авах боломж бидэнд байна” гэсэн дүгнэлт хийгээд зээл олгох боломжтой аж. Тоног төхөөрөмжөө барьцаалсан бизнес эрхлэгч банкинд заавал үлдээх шаардлагагүй, барьцаанд тавьсан эд зүйлсээ ашиглаад бизнесээ үргэлжлүүлээд явах боломжтой нь энэ хуулийн хамгийн том давуу тал юм байна.
Хөдлөх хөрөнгө гэдэгт эдийн болон эдийн бус хөрөнгүүд багтаж байгаа юм билээ. Эдийн бус гэдгийн наад захын жишээ нь Оюу толгой компанитай хийсэн ханган нийлүүлэлтийн гэрээ байж болох юм. Ганц Оюу толгой компанитай ч биш, ямар ч газартай хийсэн бизнесийн амжилттай, тогтвортой гэрээ хэлцлээ барьцаалах боломж бизнес эрхлэгчдэд үүсч байна гэсэн үг. Жилийн турш тийм бүтээгдэхүүн нийлүүлэх юм, орлого нь орж ирэхээр зээлээ төлнө гээд санхүүжилт татах боломж жижиг, дунд бизнесийнхэнд нээгдсэн гэж ойлгож болно.
Жижиглэнгийн худалдаа эрхэлж буй, лангуу түрээслэн ажиллуулж байгаа, эргэлтийн хөрөнгө муутай бизнес эрхлэгчдэд ч ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль өгөөжөө өгнө. Лангуун дээрх бараагаа барьцаалаад банкнаас зээл авах боломж хуулиар нээгдэж байна. Банкны барьцаанд тавьсан бараагаа багасгахгүй, байнгын худалдааны эргэлттэй байхад л зээлж авсан мөнгөө эргэлдүүлж өсгөөд байх боломж бүрджээ.
Арилжааны банкууд Олон улсын санхүүгийн корпорацийн энэ чиглэлээр хийсэн сургалт, мэдээлэлд оролцсоор өнөөг хүрчээ. Шинэ боломж бий болж байгаа болохоор банкуудын зүгээс ч хөдлөх хөрөнгө барьцаалаад зээл олгоод эхлэх болов уу.
Сонирхуулж хэлэхэд ОУСК энэ хөтөлбөрийг дэлхийн 30 гаруй улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Хэрэгжүүлсэн зарчим нь манай улсад хэрэгжүүлж байгаатай яг адилхан гэнэ. Өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад сайн хэрэгжсэн жишээнүүд олон юм билээ. Манай улсын оршдог бүсэд гэхэд л Вьетнам улс сайн жишээнд ордог аж. Урд хөршид энэ хууль бүр 2007 оноос хэрэгжсээр өнөөг хүрчээ. Өдийг хүртэл хөдлөх хөрөнгө барьцаалж олгосон зээлийн хэмжээ хэдэн триллион доллараар хэмжигдэж байгаа аж.
Ер нь хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгож буй сайн жишээ болсон улсуудын хувьд жижиг, дунд бизнес нь мэдрэгдэхүйцээр хөгжсөн гэж эдийн засагчид онцолдог. Төсөв улайсан, санхүү хүндхэн ийм үед хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл дагаж жижиг дунд бизнес сэргээд ирвэл эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *