Categories
мэдээ нийгэм

​Худалдаа эрхлэгчдийн дарамт өдөр ирэх тусам өсөж байна гэв

Монгол худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо хамтран худалдаа наймаа эрхэлдэг иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Худалдаа эрхлэгчдэд тулгарч байгаа нэн тулгамдсан асуудал бол ТҮЦ ачилт. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайд тавьсан ТҮЦ-ийг ачна гэж ярьж байгаа. Зөвшөөрлийг нь түтгэлзүүлчихээд, энэ талаараа иргэдэд тайлбар өгдөггүй” хэмээн Монгол худалдаачдын холбооны тэргүүн З.Пунцалдулам хэлэв.

Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхцэцэг ярихдаа “Төр иргэнийхээ өмнө нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хангах үүрэгтэй. Гэтэл төр үүргээ гүйцэтгэхгүй байна. Худалдаа эрхлэгчдийн дарамт өдөр ирэх тусам өсөж байна. Ажиллаж, амьдрах гэж хичээж байгаа иргэдээ битгий дарамтлаач. Үндсэн хуульд хүн бүхэн адил тэгш эрхтэй гэж заасан байдаг. Амжиргааны түвшин доогуур иргэдэд хууль, шүүх хатуу үйлчилж байна” гэв.

Мөн Худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлагдах хүртэл нийслэлийн хэмжээнд ТҮЦ ачихгүй гэсэн боловч ачаад явчихсан талаар худалдаа эрхлэгч иргэд хэлж байв.

Тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын дарга О.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч нарт ил захидал илгээжээ.

Уг захидалд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг батлахаас өмнө худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хамгаалах, тэднийг дэмжих талаар журманд тусгаж өгөхийг хүссэн байна. Мөн нээлттэй санал асуулгыг зохион байгуулах хүсэлтийг гаргаж байгаа аж.

Д.ХУЛАН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *