Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа эрхлэгчдэд зориулсан журмыг иргэдийн оролцоотой хэлэлцэж байна

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлэг зохиож, 800 гаруй иргэд, худалдаа эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонссон байна. Үүнээс гарсан саналыг НИТХ-д өчигдөр танилцуулсан юм. Иймд өнөөдөр НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчилж, батлах, иргэдэд танилцуулах бүх нийтийн хэлэлцүүлэг зохиолоо.

Энэ үеэр төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд үүссэн гол зөрчил, маргаан болох нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудалд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэх асуудлыг тойрон өрнөж байлаа. Мөн стандартын шаардлага хангаагүй дэн буудал, нийтийн эзэмшлийн газрыг бохирдуулдаг нийтийн үйлчилгээний газруудын тухай ч хөндөгдөж байв.

Тус журмыг шинэчлэх болсон шалтгаан нь НИТХТ-ийн 2014 оны долоодугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” нь Хууль зүйн, дотоод хэргийн яамны мэдээллийн санд бүртгэгдээгүй тул эрх зүйн чадамжгүй хэмээн үзсэн байна. Түүнчлэн худалдаа хоол үйлдвэрлэл болон ахуйн үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс орон нутгийн хэмжээнд зарим харилцааг зохицуулахад эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой аж.

Ил задгай худалдаа эрхэлж байгаа болон ТҮЦ-д хүнсний бүтээгдэхүүн зарсан тухай гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт их ирдэг хэмээн хэлэлцүүлгийн үеэр дурдагдаж байв. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн “ТҮЦ-д хийсэн хяналт шалгалтын үеэр хадгалалтын горим алдагдахуйц хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил их илэрдэг. Энэ нь эрүүл ахуйн шалгуурт тэнцэхгүй газар хадгалсан байдаг. Тиймээс хүнсний биш зүйл эсвэл хадгалалтын горим шаарддаггүй байраа бүтээгдэхүүн худалдаалаасай гэж хүсч байна. Гол гардаг зөрчлүүд нь нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн, бууз, ороомог, пирошки, хуушуур, хавчуургатай талх зэрэг бэлэн бүтээгдэхүүн худалдаалаад байдаг. Энэ нь зуны улиралд хэт халчихсан хоорондоо исэлддэг. Харин өвөл нь хөрчихсөн, нян ихээр үржсэн байдаг. Энгийнээр хэлэхэд хүмүүс гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнээ ил байгаад муудчих байх хэмээн нарны тусгалаас хол байлгаж, хөргөгчинд хадгалдаг шүү дээ. Гэтэл худалдаа эрхлэгчид шилэн хоргоны цаана эсвэл, лангуун дээрээ өрөөд тавьчихдаг. Тиймээс бидний зүгээс ТҮЦ-д хүнсний бүтээгдэхүүн заруулахгүй байх, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын газар нь зарж борлуулах шаардлага тавьж байгаа. Мөн гар дээрээс наймаа эрхлэхийг хориглож байна” хэмээсэн юм.

Мэргэжлийн хяналтын газраас ТҮЦ-үүд НӨАТ-ын хуудас өгдөггүй учраас иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулахад хүндрэлтэй байдаг. Учир нь тус газраас авсан гэсэн баримт нь байхгүй тул нотологддоггүй гэж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцож буй Худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс “Журманд ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулж болохгүй, харин гэр хороолол буюу захын хорооллын дунд байршуулж болно гэж заасан байна. Энэ нь хотын захын айл өрхүүд өөрсдийнх нь хэлж байгаа чанаргүй барааг идэж, ууж болно гэсэн үг юм уу. Бас ТҮЦ-ийн нэршлийг солино. Сольсон нэршилтэй байршилд худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүнээс бусад буюу ахуйн, соёлын бараа зарна гэсэн заалтууд байгаа. Энэ нь ямар ч амьдралгүй зүйл шүү дээ. Нийслэлд ТҮЦ-ийн худалдаа эрхэлж буй 1600 гаруй иргэд бий. Тэдний үйл ажиллагааг зогсоочихвол төр засаг Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлгийн 19-р зүйлд заасан “Төр иргэнийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг болно. Яг үнэндээ 1990 оноос хойш одоог хэрнэ ТҮЦ эрхлэгчдэд зориулан мөрдүүлэх хууль, дүрэм, журам байхгүй” гэв.

Харин энд ирсэн энгийн иргэдийн хувьд “Гар дээрээс худалдаа эрхлэгчид сургууль, цэцэрлэгийн орчимд тамхи ширхэглэн зарах, хориглосон бараа зарах зөрчил гаргадаг. Эдгээрийг нь хүүхдүүд худалдан авч, буруу зүйлд урвуу татагдах нь ихэсч байна” гэсэн байр суурьтай байна.

Өмнө нь олон нийтийн дунд энэ тухай санал асуулга явуулж 70 гаруй хувь нь ТҮЦ, гар дээрээс худалдаа эрхлэлтийг зогсоох хэрэгтэй гэж үзсэн бол хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд, худалдаа эрхлэгчдийн дундаас санал авахад дийлэнх нь энэхүү журмыг эсэргүүцсэн байр суурьтай байсан юм.

З.МӨНХСУВД


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *