Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томиллоо. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, Их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.
ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Миний бие төрөлх сургуульдаа томилогдон, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бие биенээ харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэв.
ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нь эрх зүйч мэргэжилтэй. Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.