Categories
мэдээ спорт

Хоёр ёкозүна унаж башё сонирхолтой эхэллээ

Image result for Хакухо М.ДаваажаргалЭнэ оны мэргэжлийн сумо бөхийн сүүлийн тэмцээн “Кюүшюү башё” өчигдөр Фүкүока хотод эхэлсэн билээ. Кюүшюү башёд 22 монгол сүмоч дөрвөн зиндаанд хүч үзэх бөгөөд үүнээс дээд зиндаа буюу Макүүчид есөн бөх эрэмбэлэгдсэн байна.

Кюүшюү башёгийн чансааг өнгөрсөн 9-р сард түрүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байгаа бол баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал магнайлж байна.

Харин баруун жигүүрийн хоёрдугаарт жагссан, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд энэ сарын тэмцээнийг өнжлөө. Монгол сумочдоос маэгашира Такайнова А.Баасандорж бас бэртлийн улмаас өнжиж байгаа юм.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо алдаж, зүүн жигүүрийн сэкиваки цолтой хүч үзэхээр болжээ. Тэрбээр 10 ба түүнээс дээш давахад озэки цолоо эргүүлэн авна.

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира цолтнуудыг тэргүүлсэн бол Ичиножюү А.Ичинноров барууны дөрөв, Араваши Э.Дөлгөөн барууны тав, Чиёошома Г.Мөнхсайхан зүүний зургаад тус тус эрэмбэлэгдээд байна.

Өчигдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи Оношод унасан бол япон аварга Кисегосато манай бөх Тамаваши Мөнх-Оргилд ялагдав. Ийнхүү хоёр аварга эхний өдөр унаж башё сонирхолтой эхэллээ.

Харин 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал Котошёогикүг давлаа. Озэки цолтой хоёр бөх Гойёдо, Такаясү нар өрсөлдөгч бөхчүүдээ ялсан. Энэ сард 10 давбал озэки цолоо эргүүлэн авах Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр маэгашира Хокүтофүжид өвдөг шороодсон бол маэгаширагийн 4-д эрэмбэлэгдсэн Ичиножёо А.Ичинноров Чиёонокүниг, Араваши Дөлгөөн Такарафүжиг, Чиёошома Г.Мөнхсайхан Точионошинг тус тус давлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *