Хятадын удирдагч Си Зиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийж буй талаар ТАСС агентлаг мэдээлэв. Өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын удирдагчийн тусгай онгоц Внуково онгоцны буудалд газардсан байна. Си Зиньпин онгоцны буудалд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игор Моргулов, Хятад улс дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов, ОХУ дахь Хятадын Элчин сайд Ли Хуэй нартай уулзжээ.Энэ үеэр Хятад, ОХУ-ын төрийн дуулал эгшиглэсэн байна.
Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад айлчилж буй Си Зиньпинийг хүлээн авч уулзжээ. Удирдагчид Кремлийн ордны Сүлдэт танхимд гар барин инээмсэглэн, зургаа татуулсан байна. Хятадын удирдагч “Би энэхүү айлчлал Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, маш үр өгөөжтэй байх болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлжээ.