“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит VI хуралдаан Улаанбаатарт боллоо.
Хуралдаанд УУХҮ-ийн сайд, ажлын хэсгийн Монголын талын дарга, Д.Сумъяабазар, ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцов.
Хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын энэхүү ажлын хэсгийн Монголын талыг ахалж, Герман түншүүдтэйгээ үр бүтээлтэй хамтран ажиллах үүргийг манай Засгийн газар надад даалгасан. “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд амжилттай хөгжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чухал боломжийн нэг нь 2011 онд байгуулагдсан энэхүү “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /Ашигт малтмалын хэлэлцээр/ юм. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг та бүхэнтэй илэн далангүй ярилцаж, оновчтой шийдэл олох нь бидний гол зорилго” гэлээ. Мөн тэрбээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хоёр тал хамтран хэрэгжүүлэх боломжтой олон төслийн талаар ярилцаж, амжилттай хэрэгжүүлэх гарц, гаргалгаа олно хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ноён Оливер Виттке нар хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.
Холбооны Канцлер Ангела Меркелийг Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээр нь Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эрдэс баялаг, уул уурхайн салбарт түлхүү хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэх боломжийг нээсэн чухал баримт бичиг гэж үздэг талаар салбарын сайд дурдлаа. Мөн энэхүү хэлэлцээрийн хүрээнд дурдсан салбаруудаас гадна зам тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, дэд бүтэц, барилга, хот байгуулалтын салбарт Германы шилдэг технологийг ашиглах, туршлагаас суралцах, Германы норм, стандартыг нэвтрүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бийг сайд Д.Сумъяабазар хэлсэн юм.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооноос мэдээлэл
хийж, “Хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх арга зам, Монгол Улсад Германы
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж”, “Боловсролын салбарын хамтын
ажиллагаа”, “Монгол Улсад хөрөнгө оруулах боломж бололцоо, эрх зүйн орчин”
зэрэг олон сэдвийн хүрээнд холбогдох хүмүүс нь мэдээлэл хийж, харилцан санал
бодлоо солилцлоо.