Categories
мэдээ цаг-үе

Хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очоод ирлээ

Ус далайн тунгалагт хөлөрсөн уулсынх нь навчис өнгө өнгөөр солонгорох ахуйд Солонгост хөл тавих сайхан. Сөүлийн намар ёстой л нэг улаан шаргалыг улбартуулан өнгө тунамал байна. Тэнгэрийн үзэмжит Намсан уулын оройд алтан титэм шиг гялалзах “Намсан цамхаг” буюу “N Seoul tower”-ын шилэн огторгуйгаас Солонгосыг харах бахтай юм билээ. Оргил эзэлсэн барилгууд нь хөлийн дор хүүхдийн өрсөн тоглоом шиг үзэгдэж байх жишээний. Өндрийн салхинд гэрэлтэх эл цамхагийн оройд гарах л гэж энэхэн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирдэг нь мэдээж. Намсан уулыг хэдэнтээ ороож бараг л зүрхэн тушаа нь хүртэл автобусаар явна. Тэгээд уулаа мөрлөөд дээш алхана. Саруулхан өргөн замаар нэг хэсэг нь усны урсгал лугаа доош бууж, харин нөгөө хэсэг нь далайн түрлэг лүгээ дээш тэмүүлнэ.

Тэр дээр бүр их дээр Сөүл таур ихэмсэг бадрангуй харагдах ажгуу. Цамхагийн цахилгаан шатанд суухуйд сансар огторгуйд гэрлийн хурдаар зорчиж буй дүрс бичлэг дэлгэцэнд гарна. Тэрүүхэн зуурт нээрээ л сансарт нисчихэв үү гэж санахаар. Олон тивийн хүмүүс хөлхөлдсөн цамхагийн оройн өргөн чөлөөнөөс Сөүл таурын дүртэй хонх худалдаж авлаа. Олны хөлөөс жаахан алслаад түүнээ дуугарган сонсов. Ертөнцийн цээжнээ ер бусын дуу цангинах шиг, уулын оройн энэхэн зайд сэрэл мэдрэмжийн гэгээ гэрэл гялбас хийх шиг боллоо. Ямар чиг байсан тэнгэрийн цэнхэрлиг ахуйд зүрхнийхээ долгист чичиргээ өгч орхив. Ийнхүү Сөүлийн алтан титэм цамхагийн оройгоос хонхон дуутай буудаг байна шүү. Дэргэдүүр хөтлөлцөн хөлхөлдсөн залуус хайрын бэлгэ тэмдэг зүрхэн хэлбэртэй цоож зүүж орхиод сүрхий байна лээ. Дурлалт бүсгүйдээ хайртай гэдгээ бататгаж байгаа юм болов уу, ерөөс зүрх сэтгэлээ тэр чигт нь түгжээд орхичихож ч байгаа юм бил үү, мэдэхгүй. Тэр жил Сена мөрний эргээр Парисын тэнгэр дор алхалж явахад Сена мөрний гүүр хайр дурлалын цоожинд шаналгаатай нь аргагүй “цовдлуулсан” байсныг санах юм.

Сөүлд ирснийх гэрэлтэж буй аз жаргалын өргөө хэмээдэг Кёнбукгүн хааны ордон мөн үзэсгэлэн төгөлдөр Бугаксан уулын хормойд орших Ерөнхийлөгчийн хөх ордныг үзэж таарна. Хөх ордны гадаах цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдэд цэргийн парад гэж хэрдээ л сүр жавхлантай жагсаал болдгийг мэднэ. Харин ажлын өдрөөр ирэхэд лоозон барьсан иргэдийн жагсаал энд тэндгүй үзэгдэх нь бий. Солонгосууд бол үнэхээр жагсагч ард түмэн юм. Агуу удирдагчийнхаа амин хайртай охин буюу Пак Гын Хэ ерөнхийлөгчөө тэд арван долоон саяулаа цуглан жагсаж байгаад төрийн тэргүүнээс нь буулгаж улмаар шоронд бараг л бүх насаар нь хорьчихсон. Хорин таван жил гэдэг жаран зургаан настай эмэгтэйн хувьд амаргүй даваа. Солонгосын түүхэнд хамгийн олон хүн цугласан нь Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан лаатай жагсаал одоогоор бичигдээд байна. Сөүл хот арван сая хүн амтай. Тэгвэл 17 сая хүн жагссан гэж байгаа. Хөх ордны түүхэн музейд үе үеийн удирдагчдынх нь зураг хөрөг намтар нь хадаатай байж байна. Гунигтай нь сүүлийн хоёр Ерөнхийлөгч нь шоронд, түүний өмнөх нь амиа хорлосон гээд дандаа хар толботой. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шиг Солонгосын төр удирдсан ерөнхийлөгчдөө үнэндээ халтайг бид сайн мэднэ дээ.

Шөнийн Сөүл бол үнэндээ гэрэл гэгээнд умбасан солонгот ертөнц билээ сэн. Хөгжмийн эрс тэс урсгал шиг хүмүүн гэгчийн нэгэнтээ умбаж үзэх сонин хачин ертөнцийн нэг юм.

Мёндуны солонгот гудамж гэж сая сая жуулчдын харцыг булаасан газар бий. Зөвхөн Мёндун ч гэлтгүй бүхий л гудамж талбайд нь олон улсын сүлжээ дэлгүүрүүд, дэлхийн зартай брэндүүд, загварын орчин, олон үндэсний хоолны газар, гоо сайхны хамгийн алдартай төвүүд үүд хаалгаа дэлгэн угтдаг. Зүс царай гундмал гэж хувь заяандаа огтоос гутрахын хэрэггүй. Тоолоод өгдөг нь хэрэвзээ байдаг л юм бол таныг царай зүс, бие галбирын хувьд төгс сайхан болгох нь бүү хэл дахин хувилаад гаргачихаж ч чадах үлгэр зүүдний орчин нэгэнт бүрдсэн. Бүсгүйчүүдийн өөхөө шахуулж, хөхөө томруулдаг гоо сайхны газар танилцуулгаа монгол хэл дээр гаргасан байна билээ. Бодох нь ээ, манайхан байнгын үйлчлүүлэгч нь байж таарах нь. Гоо сайхны газрын солонгос охид “Монгол эмэгтэйчүүд ийм болж байгаа” гээд харьцуулсан зураг үзүүлээд, таатай нь аргагүй инээмсэглэн бөхөлзөөд байсан. Сэтгэл ихэд хангалуун байдаг бололтой. Ингэхэд танилцуулга дээр нь эгээтэй манай урлаг соёлын одод маань байгаагүй байгаа даа.

Түндэмун, Намдэмун гэх томоохон худалдааны төвүүдийг мэдэхгүй монгол хүн бараг л үгүй. Манайхаар бол “Нарантуул”, “Хархорин” гэж болохоор тэдгээр захуудад монголчууд Эрээнд яваа юм шиг бэлчиж байгаа юм чинь. Америк барааны худалдааны төв “Костко”-гоос том том шилтэй сархад авахад хажуугаар нь бас монголчууд мэндтэй нэг нь мэндтэй, мэндгүй нь ширүүн дориун хараад зөрнө. Хан мөрнийг тэд хатан Туул шигээ санаж сэржимлэдэг байлгүй. Сороксан уулыг Богд уул шигээ бодож алхдаг юм гэсэн. Арга ч үгүй юм даа, адууны бэлчээрт архайж явсан залуус Улаанбаатар нийслэлээ дутуу хагас үзээд нэг л мэдэх нь ээ Хан мөрний эрэгт “Харийн нутаг давчдаад байна…” хэмээн дуулалдаж зогсдог. Хан мөрөн гэснээс нүсэр том гуч шахам гүүрийг нуруун дээгүүрээ гүдийлгэн тэгнэсэн уг мөрний сарны гэрлийн солонгот хүрхрээ Сөүлийн шөнийн бас нэгэн шигтгээ. Хичнээн ч хүний амийг залгисан юм бэ дээ гэж Хан мөрнийг хэлэх нэг нь бий. Гэвч хичнээн монгол хүн энэ мөрний эрэгт ахуй амьдрал нь дэвжин дээшилж, дэлхийн соёлт ертөнцийг үзэн баясаж, эх нутгаа санан гансарсан гэх билээ. Олон олон монголчуудыг орох оронтой болгосон буянтай сайхан ус мөрөн гэж эрхгүй санагддаг юм. Ямар сайндаа л монгол айл гэрийг тодотгосон онигоо маягийн яриа хүртэл гарахав. Монгол айлд нэг архичин, нэг бөө, нэг Солонгост ажилладаг хүн, бас нэг орифлеймчин байдаг гээд инээлддэг. Бодит хөрснөөс ургасан онигоо буюу нэгэн цагийн Монголын дүр төрх энэ яалт ч үгүй мөн.

Солонгосын Элчин сайдын яамны урилгаар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн албан томилолтоор очсон бидний хэсэг сэтгүүлчийг БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн III хэлтсийн дарга хатагтай На Юун Үк хүлээн авч уулзан үдийн зоог барилаа. Зүүн хойд Ази тэр дундаа Монголыг хариуцсан эл эрхэм өмнө нь нэг удаа Улаанбаатарт ирж байжээ. Тэгэхдээ арванхоёрдугаар сарын ид хүйтнээр ирсэн байна. Зуны дэлгэр цагт очиж Монголын тал нутгийн үзэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн бидний зоог албан яриагаар үргэлжилсэн юм. Тэрээр Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн үед хоёр улсын харилцаа улс төрийн тавцанд идэвхтэй өрнөж байна гэдгийг тодотгоод Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзсаныг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-д албан айлчлал хийх байх, мөн Мүн Жэ Ин ерөнхийлөгчийг Монголд төрийн айлчлал хийх байх гэдгийг ч дуулгасан юм. “Манай хоёр улс одоогоор иж бүрэн түншлэлийн харилцаатай байгаа. Дараагийн шат нь стратегийн хамтын ажиллагаа байдаг. 2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Уг ойг тохиолдуулан харилцаагаа стратегийн түншийн хэмжээнд хүргэхийг зорьж байна. Монгол Улс Японтой стратегийн түнш болсноор эдийн засгийн хэлэлцээр байгуулсан. Ийм хэлэлцээрийг манай тал Монгол Улстай хийхийг хүсч байгаа” хэмээн На Юун Үк дарга хэлж байна.

Монголын зах зээлийг сонирхсон томоохон корпорациуд “Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой биш” гэх өнөө л аргаа барсан үгээ хэлээд буцдагийг албаны хүмүүс цухалзуулсан. Монголчууд бид хулхины зангаа больж бизнесийн алтан дүрмийг баримтлан хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө тодорхой болговол Солонгосын томоохон компаниуд аль ч салбарт мөнгө цацаад эхлэх нь тодорхой.

“Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Солонгосын “Samsung C&T” компанийн асуудал босч ирнэ. “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулалт хийчихсэн, тэр нь бараг л үлгэр болоод төгсчихсөн. Монголын улс төрийн шороочдын нам, нүүрсчдийн намын нүдэлдээний үндэс суурь нь “Шинэ төмөр зам”. Ердөө ганцхан жишээ татахад ийм байна. Гэхдээ солонгосууд хаширсангүй. Хөрөнгө оруулалт хийнэ, хамтарч ажиллана, бидэнд боломж байгаа л гэнэ. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Монгол, Солонгос хоёр улс дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг Зүүн хойд Ази хариуцсан хатагтай итгэл төгс хэлнэ билээ.

Сөүлд үүл манан хуралдсан намрын усархаг бороотой өдөр Солонгосын хойгийг таллан хуваасан Korean De­militarized Zone буюу цэрэггүй бүсэд очлоо. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд их эзэн хааныхаа мэндэлсэн өдрөөр ийнхүү хоёр Солонгосын хилд хөл тавьдаг юм байна. Тэртээ тавин гурван онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу 250 километр урт, дөрвөн километр өргөн энэхүү цэрэггүй бүс байгуулагдсан түүхтэй. Хоёр Солонгосын дайн дууссанаас хойш жаран таван жил улирсан ч цаг ямагт дайны бэлэн байдалд байж, байсхийгээд л умардаас нь гал нээдэг энэ бүс дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогддог. Нэгдсэн хамгаалалтын газрын дундуур улсын хил буюу гал зогсоох шугам дайран өнгөрдөг. Гал зогсоох шугамын хойд талд нь Умард Солонгосын Панмүн ордон, өмнөд талд нь Өмнөд Солонгосын Эрх чөлөөний ордон өөд өөдөөсөө харан байрлажээ. Зэрэгцээ өндөр шонгуудад хоёр улсын далбаа намирч, дэргэдүүр нь Имжингаг гол анир чимээгүйхэн цэлэлзэн урсана. Тавиад оны эхэн үеийн буун дуу тачигнасан дайны жилүүдэд энэ гол цусаар урсч байсан гэдэг. Өдгөө амар амгаланг мэдэрсэн шигээ торгон бидэр татуулан урсаж байна. Гучин найман жилийн өмнө Өмнөд Солонгосын Панмүнжом тосгоны залгаа сууринд 97 метр өндөр далбаат шон босгосонд умардууд уухайн түргэн 160 метрийн далбаат шон босгож барьцжээ. Зэрэгцээ хоёр далбаат шонгийн бяцхан түүх ийм учиртай. Цэрэггүй бүсийн өндөрлөгөөс уулсынх нь оройд нимгэн саарал манан суусан Хойд Солонгосын сууринг ширтэж зогсоно. Томоохон хотуудынх нь нэг болох Гэсоны ойролцоо Ким Ир Синий хөшөө холын дурангийн тусгалд орж ирж байна лээ.

KDZ(Korean Demilita­rized Zone)-д очиход дөрвөн хонгилын тухай өмнөдүүд нь сүр болгон ярьцгаана. Эдгээр дөрвөн хонгилыг хэрвээ илрүүлж амжилгүй удсан бол Хойд Солонгосын цэргүүд ердөө ганцхан цагийн дотор Сөүлийг эзлэх байсан гэдэг. Тэгэхээр сүр болгон ярих нь арга ч үгүй биз. Цэрэггүй бүсэд үйлчлэх хуулийн дагуу хамгаалалтын малгай өмсч хонгил руу орлоо. Газар доошоох нүхээр нь уруудаад 400 метр яваад зам тэгширч байна. Түүнээс цааш хоёр зуу гаруй метр яваад хаалтад тулж очлоо. Цаашаагаа мэдээж урт хонгил үргэлжилнэ. Тэр нь умардын нутаг дэвсгэрт хамаарч байгаа. Бид хойд Солонгост хонгилоор тулаад зогсч байгаа минь энэ. Далан дөрвөн онд анхны хонгилыг илрүүлсэн гэдэг. Эргүүлийн цэргүүд үл ялиг утаа гарахыг анзааран шалгалт явуултал хойд солонгос цэргүүд ухсан хонгил дотроо утаа май тавиад хоол хийж байсан гэнэ. Тэдний хооронд буудалцаан үүсчээ, үр дүн нь мэдээж анхны хонгилыг илрүүлсэн явдал. Тус бүр гучин мянган цэрэг нэг цагийн дотор нэвтрэн орох багтаамжтай. Сөүлийг ердөө ганцхан цагийн дотор эзэлнэ гэдгийг цаад учир нь энэ юм байна.

Хилийн зурвас дахь Панмүнжом тосгоны Энх тайвны ордонд зочилж, эрх чөлөөний гүүрэн дээгүүр алхлаа. Хэдхэн сарын өмнө хоёр Солонгосын удирдагч нарын түүхэн уулзалт энэхүү цэрэггүй бүсэд болсон билээ. Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жөн Уны хувьд Солонгосын дайнаас хойш Өмнөдөд зочилсон анхны ерөнхийлөгч боллоо хэмээн дэлхий нийтээр шуугьсаныг бид мэднэ. Олон улсын анхаарлын төвд байдаг энэ бүс нутаг аргагүй л жуулчдыг соронз адил татдаг газар юм аа. Хүйтэн дайны гэрч зэвэнд идэгдсэн галт тэрэгний тамтаг нь хүртэл үзмэр юм байлгүй, уртаас урт дааралал үүсгээд зураг хөргөө татуулж харагдсан. Харин эрх чөлөөний гүүрэн дээрх Солонгосын хойгийн газрын зураг бүхий далбаа эрхгүй анхаарал татна. Хоёр орны тамирчид нэгдэж тэмцээнд оролцохдоо ашигладаг далбаа нь. Нэг үндэстэн нэгдэхийн бэлгэдэл болгон байрлуулсан нь учиртай л байх.

Ийнхүү Солонгосын солонгот гудамжаар навчис туучин алхалж, усан бороотой өдөр хоёр Солонгосын хилд хөл тавин, эрх чөлөөнийх нь гүүрэн дээр эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, Сөүлийн намрыг зүрхээрээ мэдэрч явсан өдрүүдийнхээ тэмдэглэлээс хүргэхэд ийм буюу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *