Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгос зөвшилцөлд хүрчээ

Хоёр Солонгосын төлөөлөгчид олон өдөр хэлэлцсэний үр дүнд хойгт үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаах зөвшилцөлд хүрснийг өнөө өглөө /VIII.25/ мэдээллээ. Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ наймдугаар сарын эхээр газрын тэсрэх бөмбөгт өртөн шархатсан хэрэгт Пхеньяний тал уучлал хүсч, харамсаж буйгаа илэрхийлсэн нь талууд зөвшилцөлд хүрэхэд том түлхэц болсон байна.

Хоёр Солонгосын албаныхны уулзалт хилийн зэвсэггүй бүсэд өнгөрсөн бямба гаригт /VIII.25/ эхэлсэн юм. Түүнчлэн хэлэлцээний үеэр хоёр Солонгосын албаныхан 70 жилийн өмнөх хойгийн дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг энэ намар болон цаашид уулзуулахаар ярилцаж, тохирчээ.

Өмнөд Солонгосын цэргүүд шархатсан хэрэг явдлаас болж Сөүлийн албаныхан Умардын хил дээр чанга яригчуудыг байрлуулан Пхеньяний эсрэг суртал ухуулга цацаж эхэлсэн билээ. Улмаар үүнд эгдүүцсэн Умардын тал Өмнөд Солонгос руу гал нээснээр талууд харилцан буудалсан юм. Үүний дараа Хойд Солонгос хилийн дагуух их бууны тоог нэмж, шумбагчуудаа бэлэн байдалд оруулсан нь хойгийн нөхцөл байдлыг түгшүүртэй болгож байв.

Өмнө нь 2010 онд Өмнөд Солонгосын байлдааны хөлөг живж, 46 хүн амь үрэгдсэнээр хоёр Солонгосын харилцаа тасарч, яриа хэлцэлүүд зогссон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *