Урин дулаан зуны цаг ирсэнтэй холбогдуулан алжаал ядаргаагаа тайлж, амарч зугаалах хүмүүсийн сонирхол нэмэгджээ. Аялахыг зорьж буй хүмүүсийн ая тухтай байдлыг хангах чухал зүйлийн нэг нь аяллын хэрэгсэл байдаг. Тиймээс аяллын хэрэгслүүдийн үнэ ханшийн талаар сурвалжлан уншигчдадаа хүргэж байна.
Аяллын хэрэгслийн үнийг судлахаар Улаанбаатар хотын томоохон захын нэг болох Нарантуул олон улсын худалдааны төвийг зорьсон юм. Захын хаалгаар орвол том жижиг майхан, аяны ширээ, сандал гээд аяллын хэрэгсэл цөм байлаа. Энд аяллын хэрэгсэл худалдаж авахаар ирсэн хүмүүс зөндөө байв.
Нарантуул захын “аяллын хэрэгсэл” худалдагч Х.Батсайхан “Урьдны жилүүдийг бодвол хүмүүсийн хөдөө явж, байгальд амрах хандлага ихэссэн байна. Аяны хэрэгслийн борлуулалт хамаагүй сайжирсан. Одоо зун болсон учраас амралт, зугаалгаар явах хүмүүсийн тоо нэмэгдээд майхан, аяллын хэрэгслийн борлуулалт 2-3 дахин өсөөд байгаа. Манайх аяллын хэрэгслийн бараагаа ихэнхийг нь урдаас оруулж ирдэг. Үнийн хувьд дундаж үнэтэй, боломжийн байдаг. Хамгийн их худалдаалагддаг бараа нь майхан, аяны сандал, мишок, шорлогны зуух” гэсэн юм.
“Нарантуул зах” дээр төвлөрсөн аяллын хэрэгслийн дундаж үнийг сонирхуулбал, хоёр хүний майхан 120-150 мянга, 5-6 хүний майхан 350-450 мянга байсан бол монгол майхан 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.
Харин аяны хөнжил 25-75 мянга, шорлогны зуух хэмжээнээсээ хамаараад 25-70 мянга, загасны уурга 10-160 мянга, аяны ширээ, сандал 50-60 мянга, газан плитка 20-45 мянга, аяны аяга тавагны ком 45-50 мянган төгрөгийн ханштай байлаа.
Хийлдэг завь 120-250 мянга, чийгний гудас мөн хэмжээнээсээ хамааран 25-55 мянга бол хийлдэг гудас 50-55 мянга, борооны цув 8-20 мянга, усны гутал 15-25 мянган төгрөгийн хооронд үнэ ханштай байналээ.
Мөн Нарантуул захын ойролцоох “Sunday plaza”, “Night plaza” зэрэг газруудад аяллын барааны үнэ 15-40 мянган төгрөгөөр ахиу байсан юм.
“Night plaza” төвийн аяллын барааны тасгийн худалдагч Ж.Мөнхтуяа “Манай бараанууд захын үнэтэй ойролцоо байдаг. Хүмүүс барилга дотор, түрээс өндөртэй байдаг болохоор илүү үнэтэй гэж боддог. Их үнийн ялгаа, зөрүү байдаггүй” гэж байв. Энд мөн майхан, аяны сандал, газан плитка их борлуулагддаг байна.
“Нарантуул зах”, түүний ойролцоох төвүүдэд худалдаалагдаж буй аяны хэрэгслийн үнийг судалсны дараагаар аяллын хэрэгслийн төрөлжсөн төвүүдийг зорьсон юм. Аяллын хэрэгслийн нэрийн дэлгүүр болох “Аянчин”, “Season shop”, “Отог” зэрэг дэлгүүрт “Camptown”, “Adisi”, “Coleman” нэрийн бараанууд худалдаалагддаг аж. Эдгээр дэлгүүрт зарагдаж буй бараанууд чанартай брэндийнх гэдэг утгаараа худалдааны захуудынхаас харьцангуй өндөр үнэтэй байсан юм.
Үнийн хувьд хоёр хүний майхан 450-650 мянга, таваас зургаан хүний майхан 850 мянгаас сая 300 мянгын хооронд байлаа. Аяны хөнжил 120-450 мянга, шорлогны зуух 120-150 мянга, аяны ширээ, сандал 100-350 мянга, газан плитка 37-60 мянга бол аяны аяга тавагны ком хэрэгсэл 40-70 мянга, завь 150-500 мянга, чийгний гудас 160-200 мянган төгрөгний үнэтэй байсан юм.
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялсан байна. Монголын дотоод аялагчдын тоо нийт хүн амын гуравны хоёртой тэнцүү юм. Аялагчид ихэссэнтэй холбогдуулан аяллын хэрэгсэл худалдаалах дэлгүүрүүд ч нэмэгдсэн байна. Аялагчид өөрсдийн хүссэн газраасаа, худалдан авах чадвартаа тохируулан аяллын хэрэгслийг сонгох боломж өргөн болжээ.
Э.АМИНАА