Categories
мэдээ цаг-үе

Хоёр гавьяат, хоёр доктор, хориод алтан гадастай нэг төгсөлтийнхөн

Сүхбаатар аймгийн төвийн арван жилийг 1973 онд төгссөн сурагчид энэ удаагийн “Нэг ангийнхан” булангийн зочид юм. 1973 онд уг арван жилийг хоёр бүлгийн нийт 76 сурагч төгсчээ. Дээрх хоёр бүлгийг Тамжид, Улсын начин, биеийн тамирын багш Дашдаваа нар гардан төгсгөж, амьдрал хэмээх их далайд хөтлөн оруулж байсан аж. Сурагчид далуулаа дэм дэмэндээ явсаар өдийг хүрч. Эрхэм зочид өөрсдийгөө “Л.И.Брежневийн бэлэглэсэн Баруун-Урт сумын арван жилийн шинэ сургуульд хөлдөө улавчтай, хүзүүндээ улаан алчууртай, хүрэн форум өмссөн сурагч явлаа бид” гэж хэлэх дуртай. Басхүү “Амьдрал хөл тавьсан тэр хавраас хойш гар барин инээж уулздаг, хэт холдоо бие биенээ санагалздаг, уйлж дуулдаг хүний хорвоод гүйгүүл морин адил хурдалсан он жилүүдийн хойноос гүйсээр байгаад жаран насны босго алхлаа” хэмээн хоорондоо хошигнолдох. Арга ч үгүй биз. Ангиараа шахуу амжилтаар дүүрэн яваа эдгээр нөхөд эх орныхоо өнцөг булан бүрд, хилийн чанадад ч үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүс юм. Тэдний сурагч насны дурсамжаас сөхье.

Аймгийн арван жилийг бараадаж сум сумаас ирсэн сурагчид хоёрхон жил болоход нэгэн цул болж чадсан нь Д.Тамжид, Л.Дашдаваа хоёр багшийн гавьяа. Сум сумаас ирсэн сурагчид өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Баяндэлгэр сумаас ирсэн сурагчид химийн хичээлд, Дарьгангаас ирсэн сурагчид математикийн хичээлд, аймгийн төвийн сурагчид орос хэлний хичээлд манлайлдаг байх жишээтэй. Эндээс багшийн чадвар харагдаж байгаа юм. Ер нь тус төгсөлтийнхөн сургуулийнхаа гойд сайн анги байсан гэдэг. Сурлага, спорт, олимпиад, уралдаан тэмцээн гээд бүхий л талаараа авьяастай хүүхдүүд байж. Энэхүү зүтгэл нь тэдний ирээдүйн амжилтынх нь гол шалтгаан байлаа. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж салбар салбартаа тэргүүний ажилтан болсон хүн тоймгүй олон.

Тиймээс ангийнхныгаа “анхдагч” гэсэн тодотголоор амжилтыг нь жагсаах дуртай аж. Монгол Улсын начин Ж.Чулуун улсын цол хүртсэнээрээ анхдагч. Ж.Чулуун 1973 оноос улсын наадамд зодоглож гурав давж. Ингээд 1978 онд Улсын начин Одсүрэн, улсын арслан Сосорбарам нарын бяр тэнхээ их, уран барилдаантай бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулж Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрчээ. Түүнийг ард түмэн “Ерөнхийлөгчийн бөх” гэдгээр нь андахгүй биз ээ. Харин Ш.Адилбиш гавьяат багш цол авсан анхны багш. Ш.Адилбишийн хувьд бас нэгэн анхдагчийн тоонд явдаг. Учир нь эзэмшсэн мэргэжлээрээ хамгийн их амжилт үзүүлсэн хүн юм. Тодруулбал, химийн хичээлээр аймгийн багш нарын олимпиадад 10, улсад нэг, улсад хоёр удаа гуравдугаар байрт орж байсан нэгэн. Ангиас төрсөн хоёр гавьяатын нэг нь Г.Батхүрэл. Тэрээр шинжлэх ухааны докторыг хүртсэн нь бас ангийнхаа докторуудын анхдагч. Түүний дараа Л.Ганбаатар эдийн засгийн ухааны доктор болсон. Эдийн засгийн гавьяат Г.Батхүрэл Монгол Улсын зөвлөх инженер бөгөөд боловсрол, санхүү эдийн засгийн салбарт олон жил удирдах албан тушаал хашиж байсан жинхэнэ оюуны манлай юм. Ш.Жаргалсайхан, Ш.Цогбаатар хоёр хурандаа цолыг хамгийн түрүүнд хүртсэн анхдагчууд. Тэдний араас хэд хэдэн хурандаа цолтон төрсөн байна. Сумын засаг даргаар хамгийн олон жил ажилласан нь С.Бор. Түүний хувьд Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар хоёр удаа сонгогдож найман жил ажиллажээ. Харин хамгийн “суга” дэвшсэн хүн бол С.Мягмардаш. Сумын нягтлан 2000 онд Санхүү, эдийн засгийн яаманд Монгол Улсын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албанд томилогджээ. Тэрээр бас хамгийн олон салбарын тэргүүн авсан гэнэ. Төрийн албаны, санхүү банкны, хууль зүйн, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн, эрүүлийг хамгаалах гээд тоолоод байвал арван хуруу ч цөөдөхөөр юм. Хамгийн анхны төмөр замчин С.Дайриймаа Ленинградад мэргэжил дээшлүүлжээ. Л.Хадаа энэ ангиас төрсөн засуулч. Үндэсний бөхийн улсын засуулын зэрэг дэвтэй гэж байгаа. Харин С.Цогдэлгэр нэр шигээ олон сайхан хөгжмийн бүтээлийн санааг дэлгэрүүлсэн хүн. 70 гаруй дууны ая, 10 гаруй тайзны бүжгийн хөгжим бичжээ. Тэгвэл ангийнханы егөөддөгөөр өөр олон анхдагч бас байна. Хамгийн олон хүнд “мэс” хүргэсэн хүн бол Ш.Жаргалсайхан эмч. 20 гаруй жил мэс заслын эмч мэргэжлээр ажиллахдаа ихэвчлэн яаралтай мэс засал хийдэг байж. Энэ хугацаанд арван мянга гаруй хүнд амьдрал бэлэглэжээ. Ш.Жаргалсайхан эмч ангийнхаа 30 жилийн уулзалтаар аймагтаа үнэ төлбөргүй мэс засал хүртэл хийсэн аж. Тэгвэл хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн нь М.Дамдинжав, С.Түвшинжаргал хоёр долоо, Ж.Даваасүрэн зургаан хүүхэд төрүүлжээ.

Г.Очирдорж ангийнхан дундаа хамгийн олон барилга барьжээ. 70 гаруй барилгын зураг төслийг толгойдоо боловсруулж цааснаа буулгасан байна. Бусдаасаа түрүүлж өөртөө дуу зохиосон сэргэлэн нөхөд ч бий. Улсын начин Ж.Чулуун “Зааны хүчтэй начин” дууг өөртөө зориулж бүтээсэн байхад Б.Эрдэнэдулам яаж дутах вэ гэж ирээд “Дулмаа юм лаа даа” дуугаа бичсэн байх жишээтэй. Харин зоотехникч Г.Сүхээ гэнэт л нэг өдөр мэргэжлээ сольж сэтгүүлч болсон нь ангийнхныгаа гайхшируулан авсан анхдагч. Энэ төгсөлтөөс хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг таван хүн хүртжээ. Ш.Адилбиш, Г.Батхүрэл, Б.Магванжав, С.Мягмардаш, Ш.Жаргалсайхан нар. Мөн Р.Бибиш, С.Бор, Г.Батхүрэл, С.Дамдинсүрэн, Л.Дуламрагчаа, З.Жавзандулам, Ш.Жаргалсайхан, Б.Магванжав, С.Мягмардаш, Н.Сүхбаатар, Г.Сүхээ, Л.Хадаа, Ш.Цогбаатар нарын арван хүн Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан гэж байгаа. Цэргийн гавьяаны одонг Ш.Цогоо, Р.Мишигдорж нар хүртсэн бол хөдөлмөрийн хүндэт медалийг Ш.Адъяа, Б.Эрдэнэдулам, А.Энхтуяа, Ч.Цэвэлмаа, С.Цогдэлгэр зэрэг 11 хүн хүртжээ. Цэргийн хүндэт медалийг Д.Цэвээнжав, Ш.Цогоо, Ш.Цогбаатар нар авчээ. Ш.Цогбаатар мөн тагнуулын I,II зэргийн медальтай, Р.Мишигдорж “Цагдаагийн гавьяат үйлстэн”, байлдааны медальтай гээд энэ ангийн медаль, цол гуншинг дуудаад барамгүй. Салбарын тэргүүнээс дурдвал банк,санхүүгийн тэргүүний ажилтан найм, эрүүлийг хамгаалах тэргүүн 10, эдийн засгийн тэргүүн гурав, боловсролын тэргүүн долоо гээд цааш бас л багагүй урт цуваа хөвөрнө. Таван уяачтай, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой долоон ээжтэй гээд үнэхээр шагналын цуваа дуусахгүй бололтой. Тус төгсөлтөөс гурван сайхан гэр бүл туурга тусгаарлажээ. 76-гаас дөрөв нь Адъяа нэртэй. Тэднийг Адъяа нэрээр нь бараг дуудахгүй. Х, Ши, Ш зэрэг овгийн эхний үсгээр л дуудна. Нөгөөдүүл нь ч дасчихаж. Ихэнхдээ эднийг тойрсон андуурч, төөрөлдсөн онигоо олон. Ялангуяа Ж.Ариунцог ангийн уулзалт, арга хэмжээ хаана л явна уран цэцэн, хошин наргианаар нөхдөө баясгаж явдаг нэгэн.

Гурван жилийн өмнө төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэжээ. Зөвхөн өөрсдөө тэмдэглээд зогсохгүй сургууль хамт олондоо талархал илэрхийлж, багш нартаа хүндэтгэл үзүүлжээ. Мөн төгсөлтөөрөө Улаанбаатар хотод уулзаж 2013 оны үндэсний их баяр наадмыг ангиараа үзэж, музей, театруудаар аялан хоттой танилцаж нэгэн өдрийг өнгөрөөсөн байна. Өөрсдийн нандин дурсамжаараа шигтгэсэн ном хүртэл гаргажээ. Өнгөрсөн хугацаанд төгсөлтийнхөнтэйгөө амь нэг ирсэн багш нар бол УИХ-ын гишүүн явсан Ш.Бадам, орос хэлний багш Баяраа. Д.Тамжид, Л.Дашдаваа багш нар олон жилийн өмнө өөд болжээ. Тиймээс тулж түшиж явсан багш нар бол яах аргагүй Ш.Бадам, Баяраа багш нар гэсэн. Угаас ангийнхан аливаад чамбай. Сүхбаатар аймагт ангийн хориод хүүхэд байдаг бөгөөд ангийн зөвлөлийн даргатай гэнэ. Нэг газар амьдарч, ажиллаж байгаа нь нэгдээд дундаасаа зөвлөлөө байгуулна. Хотынхон ч мөн адил. Зөвлөлийн дарга нар уулзалт, арга хэмжээг зохицуулна гээд ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Яг л сонгууль шиг солигддог гэж байгаа.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *