Categories
мэдээ цаг-үе

Хоёр гавьяат, “18 хос”-той арын хангайн 10Б-гийнхэн

Архангай аймгийн арван жилийн сургуулийг тэртээ далан гурван онд төгссөн “охид, хөвгүүд”-ийг “Нэг ангийнхан” буландаа зочноор урилаа. “Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрдөг юм байна. Саяхан л сургуулиа төгсөөд инээд хөөр болон мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байсан охид, хөвгүүд бид өнөөдөр эмээ өвөө болж, алдрайхан бага нас минь түүх болон үлджээ. Архангайн төвийн арван жилийн сургуулийг төгссөнөөс хойш нэг л мэдэхэд 45 жил болсон байна” гэж тус ангийн эрхэм сурагчид өгүүлж байна. Далан нэгэн онд Архангай аймгийн төвийн найман жилийн наймдугаар ангийг дүүргэсэн гурван ангиас энэ удаагийн хүндтэй зочид маань бүрдэж “10Б” хэмээх ангийнхны нэгэн цагийн түүх эхэлсэн байдаг. “Тухайн үед Булган уулаараа нөмөрлөсөн Архангайн төвд ЗХУ-ын (хуучнаар) тусламжаар баригдсан арван жилийн шинэ сургуулийн хоёр дахь төгсөлтийн эзэд болох хувь заяа бидэнд оногдсон юм” хэмээн бахархалтайгаар дурсч байна.

Архангайн арван жилийн хоёр дахь төгсөлтийнхний ангийн багшаар жижиг Тунгаа хэмээх багш ажиллаж байгаад удалгүй А.Нямринчин гэдэг аймагтаа төдийгүй улсад нэр алдар нь түгсэн математикийн шилдэг багш ангийг нь даасан байна. А.Нямринчин багш арын хангайн олон сурагчдыг математикийн олимпиадад амжилттай бэлтгэж, математикийн шинжлэх ухаанд сургасан буянтан билээ. “Багшийн ухаан шавиас” гэдэг. Тэгвэл Нямринчин багшийн Монгол Улсын математикийн олимпиадад аваргалсан үе үеийн шилдэг сурагчдыг ард түмэн андахгүй ээ. Тэд бол Монгол Улсын нэрийн хуудас болсон, хайрт багшийн минь алдар гавьяаг бахдуулсан сурагчид юм. Тухайлбал, Монгол төрийн эрхэм түшээ, Монгол Улсын их даргын өндөр албыг хашиж байсан Р.Гончигдорж олон улсын математикийн олимпиа-даас анхны хүрэл медалийг хүртэхдээ манай багш дээр бэлтгэгдэж амжилтад хүрс-нийг тэмдэглэх нь зүйтэй. Математикийн шинжлэх ухаанд гараас нь хөтөлсөн шавь нараас нь шинжлэх ухааны академич гурав, ШУА-ийн жинхэнэ гишүүн тав, математикийн доктор долоо болон бусад олон эрдэмтэн төрсөн байна. Тэдгээрийн дотроос УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, сансрын нисгэгч М.Ганзориг зэрэг алдар цуутнууд олон бий.

Монгол Улсад математикийн ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулж математикийн 1994 оны улсын олимпиадыг А.Нямринчин агсны нэрэмжит болгон анх удаа хөдөө орон нутагт Архангай аймагт зохион явуулсан түүх бий. Эрхэм багштай хамтран ажиллаж байсан анд нөхөд, шавь нар, үр хүүхдүүдийнх нь санаачилгаар 2011 оноос эхлэн түүний нэрэмжит санг байгуулж А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг болсныг дуулгахад сайхан байна. Сургуулийнх нь захирлаар Ц.Нямдорж гэж шударга зарчимч, шаардлага өндөртэй, зохион байгуулах гоц авьяастай, олон багш сурагчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм ажиллаж байжээ. “Манай сургуулийн сурагчид гадуур хувцас, гутлаа тайлж цагаан ултай тавчик, кет өмсөж хичээлдээ ордог. Хэрэв байхгүй бол хичээлд суулгахгүй, сургуулийн цагаан хулдаасан шалан дээр хар зураас гаргавал ангиар нь арчиж арилгуулж байж хичээлд оруулна. Хичээлийн байранд шуугих, ноцолдох, ямар нэгэн хог хаях зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй сургуулийн дотоод журмыг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлдэг нь захирлын маань ажлын арга барил, сурагчдад тавьж байсан өндөр шаардлагатай холбоотой байв. Хожим манай сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Бид бүхэн шугам зургийн багш Р.Барамсайдорж, астрономийн багш Г.Магвансүрэн, физикийн багш Б.Бүргэдээбазар гээд шилдэг багш нараар хичээл ззалгасан. Бидний үеийнхэн тэдний зарчимч шаардлагаар хүмүүжсэн учир сурах зорилгыг эрхэмлэдэг байлаа” гэж баяр бахдал дүүрэн хэлж байна.

Тус ангид 36 хүүхэд суралцаж байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь 18 эмэгтэй, 18 эрэгтэй сурагчид байсан аж. Нямринчин багш нь ангидаа математикийн хичээл ордог байсан бөгөөд зарим нэг бодлогыг бодож дийлэхгүй болохоор “Та нар 18 хос болоод Халх голын Сангийн аж ахуйд очиж тариа ногоо тарьж амьдарвал зохих юм байна” гэж тоглоом шоглоомын аястай, цаанаа л хор шарыг нь хөдөлгөж хичээлийг нь давтуулдаг байсан гэдэг. Халх голын шумуул гэж айхтар юм бий. Та хэд бэлтгэлээ сайн хангаж яваарай гэх зэргээр даажигнадаг байсныг шавь нар нь инээд наргиан болгон дурсч байна. “Аравдугаар ангид суралцаж байхдаа манай ангийнхан аймгийнхаа зүг зүгээс хичээлдээ явдаг байлаа. Арван жилээ төгсөөд амьдралын эрхээр арван зүгтээ салан одсон ч гэнэн томоогүй, гэгээн цайлган насныхаа нандин он жилүүдийг хамтдаа туулсан болохоор нэгнээ үгүйлэн санадаг. Боломж л гарвал уулзахын хүслэн болдог” гэж чин үнэнээ дэлгэсэн билээ.

Хавар болж шалгалт эхлэхээр аймгийн баруун хэсэгт байсан нөхөд Арслан цохио, Мааньт ууландаа дотуур байрныхан Булган ууланд зүүн дэнжийхэн зүүн уулынхаа хадан цохионд өглөө эрт гарч хичээлээ давтдаг байсан гэнэ. Заримдаа хичээлийн дараа уулзаж хичээлээ давтан зарим дүрсгүй нэг нь охидоо оролдон ганц нэгийг нь уйлуулчихдаг, өөрсдөө баахан барилдаж ноцолдож байгаад ирдэг байсан гээд инээд хөгжөөнтэй дурсамж тасрахгүй. Мөн ногоо хураахаар явж байхдаа ногоон Зилийн тэвшин дээрээс унаад нэг ч хүүхэд бэртээгүй тухай, хадлан хураахаар явж байхдаа охидын майханд орж унтчихдаг “овсгоотой” банди байсан тухай, түлээ мод бэлтгэж олон нийтийн ажилд оролцож явсан гээд гэнэн хонгор насных нь гэгээн дурсамжууд дэвтэр дүүрэн байх нь бий. Арван жилийн сурагчид байхад анхны хайрын болзоо, хаврын анхны бороо гээд нандин мөчүүдээ яахин мартана билээ. Анхны гэнэн хонгор хайр амьдралынх нь үүрдийн баталгаа болж тус ангиас хоёр сайхан хос төрж, одоо олон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл өрх болцгоожээ. Мөн С.Чимэдсүрэн таван хүүхдийн эх болж ангиасаа хамгийн түрүүнд “Алдарт эх”-ийн одон энгэртээ гялалзуулсан ажээ. “Алдарт эх”-ийн одон гэснээс тус ангийнхан ёстой нэг одонгийн эзэд ажгуу. Тухайлбал, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт гурав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт хоёр, Алтан гадас одонт гарав гаруй, Цэргийн гавьяаны одон зургаа төрөөд байна. Хоёр гавьяатаа залгасан гавьяатууд ч төрөхөд ойрхон байна.

“Бидний үеийнхэн чинь сурч боловсрох эрмэлзэл дүүрэн, оргилуун сэтгэлтэй шинэ шинэлэг зүйл сурахыг үргэлжид эрэлхийлнэ. Манай ангийхан ч тэдний нэгээхэн хэсэг байлаа Сурлага, спортоор сургуульдаа тэргүүний анги байлаа. Ш.Лхагвасүрэн, А.Доржпалам нар арван жил дараалан онц сурч Ч.Болд ахлагчтай гар бөмбөгийн баг сургуулийн аварга болсон гээд спортын одод байсны дотор Сүхбаатар маань бүхий л төрлийн хөгжмийг тун чадварлаг тоглодог урлагийн од байсан” гэв. Дотуур байрныхан тухайлбал, М.Төмөрбаатар, Б.Балжинням, П.Доржготов, П.Хандсүрэн нар нийтийн бүжгэнд бусдыгаа хошуучлан оролцдог байсныг онцолъё.

Ямар чиг цаг мөчид ангийн нөхдөө халуунаар дурсдаг, эвтэй найрсаг тэд 2013 онд төгсөлтийн 40 жилийнхээ ойг БХЯ-ны амралтад өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Тэгэхдээ хамт төгссөн хоёр ангийнхаа нөхдийг урьж сургуульд байсан он цагаа дурсан, төгсөлтийн ойг ёстой нэг бүрэн утгаар нь өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэхүү уулзалтынхаа үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан, салбартаа түүчээлэн яваа нөхдөө урамшуулан шагнасан нь хүн бүхэнд ихээхэн урам зориг нэмсэн нь мэдээж. Түүхт энэ ойдоо зориулж 1973 онд 10 дугаар анги төгссөн бүх төгсөгчдийн дурсамжийг бичүүлэн авч, гэр бүл үр хүүхдүүдийнх нь хөрөг зурагтай “Бид нэг ангийнхан” номыг эмхтгэн гаргахад идэвхийлэн ажилласан, ангийн анд П.Болдодоо нөхөд нь талархаж явдаг байна. Тус ангийхан 10 дугаар ангиа төгсөөд ихэнх нь гадаад, дотоодын их, дээд сургуульд зарим нэг нь техникум төгссөн ч хожим их, дээд сургуульд суралцаж төгссөнөөр тус ангийн 80 гаруй хувь нь дээд боловсрол эзэмшсэн нь бахдалтай.

Энэхүү ангиас Монгол Улсын гавьяат цолтон хоёр төрсөн юм. “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал Ө.Магсаржав 2014 онд Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэж ангийн нөхдөө баярлуулсан бол, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан М.Төмөрбаатар 2018 онд Монгол Улсын гавьяат барилгачин цолоор энгэрээ мялааж гавьяатын буухиаг үргэлжлүүлсэн байна. Дархан- Уул аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагч, хурандаа М.Төмөрбаатар, Тагнуулын ерөнхий газрын хурандаа, ТЕГ-ын Хүндэт ажилтан, дэд профессор Д.Гантөмөр нар 10б ангиас төрсөн. Ийнхүү нэг ангиас гурван хурандаа төрсөн нь мөн л хамт олныхоо бахархал болж, тус ангийг ямархуу анги байсныг илтгэх чухал үзүүлэлтийн баталгаа болсон билээ. Тагнуулын хурандаа Д.Гантөмөр нь БНХАУ, ОХУ-д ЭСЯ, ЕКГ-т нэр төртэй ажиллаж байсан, салбарынхаа шилдэг боловсон хүчин юм.

Энэ ангиас Б.Балжинням, Д.Нямдорж. Ш.Лхагвасүрэн. Л.Галбадрах нар цэргийн сургуулиас ажлын гараагаа эхэлж цэргийн цолтон болсон бол иргэний их, дээд сургууль төгсөөд дараа нь цэргийн байгууллагад ажиллаж байсан Д.Гантөмөр, М.Төмөрбаатар нар хурандаа, Д.Далхсүрэн дэд хурандаа, Ч.Болд хошууч цол хүртсэн нь байдаг юм. Тус ангиас боловсролын тэргүүний ажилтан Д.Гантөмөр, П.Болд, С.Чимидсүрэн, Батсайхан, хууль зүйн албаны тэргүүний ажилтан Д.Гантөмөр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Б.Гүнсмаа, Б.Баасанхүү, С.Алтанцэцэг, санхүү банк-ны тэргүүний ажилтан С.Оюунчимэг, С.Нарангэрэл, улсын тэргүүний барилгачин М.Төмөрбаатар, С.Нарангэрэл, уул уурхайн тэргүүний ажилтан Ж.Наранчимэг, Ш.Жамц, статистик бүртгэлийн тэргүүний ажилтан Б.Ням, Монголын улаан загалмайн болон Төмөр замын тэргүүний ажилтан Н.Зина, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан Ш.Нямжав, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан Н.Оюунгэрэл гээд бүгд л салбарын тэргүүнүүд болцгоосон байна. Тухайн үед пионерийн болон эвлэлийн байгууллагыг дамжин олон талын хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлдэг байсан цаг үе байсан юм. Тиймдээ ч МХЗЭ-ийн тэргүүний сэхээтэн залуу алтан медальтан Н.Зина, Д.Гантөмөр нар шагнагдсан бол тус ангийн төгсөгч Батсайхан, Долгорсүрэн, Сайнууз Далхсүрэн нар төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байна. Ч.Болд УБДС сургууль төгсөөд Монгол телевизэд сэтгүүлчээр ажиллаж олон сайхан нэвтрүүлэг хийж олны хүртээл болгосон билээ. П.Болд Архангай аймгийн багшийн сургуульд тэнхимийн эрхлэгч, багшаар олон жил ажилласан М.Төмөрбаатар Барилгын цэргийн ангиуд болон Барилгын цэргийн ерөнхий газарт удирдах ажил хийж, Улаанбаатар Дархан хотуудын бүтээн байгуулалтад оролцож Гутлын үйлдвэр, Нэхээсгүй даавууны үйлдвэр, Монгол бөхийн өргөө зэрэг олон томоохон барилгыг барьсан бол одоо барилгын хувийн компанийн захирлаар ажиллаж байна.

Б.Балжинням Оросын алдарт Фрунзийн Цэргийн Академи төгсөж Зэвсэгт хүчний 016-р ангийн штабын даргаар, Д.Далхсүрэн Завхан, Төв аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарцгаажээ. Ө.Магсаржав Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг одоо ч нэр төртэй гүйцэтгэсээр байгаа бол Ш.Жамц, А.Доржпалам, Ж.Наранчимэг нар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт олон жил удирдах ажилтнаар, Б.Ням Архангай аймгийн Төвшрүүлэх сумын орлогч дарга, Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, С.Оюунчимэг төрийн болон хувийн секторын санхүүгийн байгууллагад одоо ч нэр хүндтэй ажиллаж байна. П.Доржготов ХААЯ, Сүүний үйлдвэрийн Авто баазын ерөнхий инженерээр ажиллаж байсан бол, Н.Зина Төмөр замын техникум төгсөөд Бага хангай дүүрэгт удирдах ажлыг одоо ч хийсээр байгаа юм. Б.Гүнсмаа эм хангамжийн байгууллагад, Н.Оюунгэрэл мод боловсруулах болон мебелийн үйлдвэрүүдэд зохион бүтээгч инженерээр олон жил ажиллаж байсныг тэмдэглэе. Харин Ш.Нямжав хөнгөн хүнсний салбарт олон жил ажиллаж Монгол Улсын мах шуллагааны дээд амжилтыг тогтоож хоёр өрөө байраар шагнуулж салбарын мэргэжлийн аварга болж байлаа гээд бахдам түүхтэй, нэгэн цаг үеийнхний нэрийн хуудас болсон шилдэг хамт олон юм.

Тус ангийнхнаас С.Нарангэрэл маань Санхүүгийн техникум, МУИС төгсөөд санхүүгийн салбарт олон жил амжилттай ажиллахын зэрэгцээ хүний төлөө гэсэн сайхан сэтгэлээр ангийнхандаа хандаж аливаа зовлон бэрхшээл гарсан үед хамгийн түрүүнд гараа сунгаж, бүхий л ажлыг санаачлан хийдэг тул хамт олноосоо “Өндөр ээж” хэмээх эрхэм нэртэй болсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй юм. Ийнхүү хүмүүний амьдралын гэрэл гэгээт сурагч насныхаа цаг мөчийг хамт өнгөрүүлж, 45 жилийн хугацаанд нэгнээ үргэлжид санан дурсч, уулзан учирч, баяр хөөр, жаргал зовлонгоо хуваалцаж яваа хамт олны тухай өгүүлэхэд ийм байна. Эвсэг халуун сэтгэлтэй олон шилдэг хурандаа, хоёр эрхэм гавьяат төрүүлсэн Арын сайхан хангай нутгаараа овоглож яваа тэд аз жаргалтай, хийморь лундаатай, сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч явна аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *