Олон ястны өлгий Ховд нутгийн Хар ус нууранд 2018 оны 2-р сарын 24-25-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 18 мянга гаруй зочин гийчин хүрэлцэн иржээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой наадмын түүх ингэж эхэлжээ. Дэлхий дээр долоон зүйлийн хотон шувуу байдгаас Монголд борцгор хотон л байдаг ажээ. Усны шувууд дотроос хамгийн том, “Улаан ном”-д орсон нэн ховор гэдгээс нь илүү 50 см шахуу урт хошуугаар нь хүмүүс сайн мэдэх байх. Хотон шувууны хошуугаар уяачид хурдан морины хусуур хийж зиндаархдаг болоод удаж байна. Уг нь аль тэртээ 1953 онд хотон шувуу агнахыг хориглосон юм билээ. Нэг аймгийн наадмаар хотон шувууны хошуугаар хийсэн хусуур бүсэндээ хавчуулсан 100 гаруй уяач байсан гээд бодохоор нэн ховор амьтныг агнахыг хориглосон хууль журам ямархуу хэмжээнд мөрдөгдөж байгааг бэлээхэн илтгэнэ. Шувуу судлаачдын хэлж байгаагаар борцгор хотон шувуу нүүдлийнхээ үеэр Монголын хэд хэдэн нуураар дайрдаг боловч зөвхөн Ховд аймгийн Хар ус нууранд өндөглөдөг. 1960-1970 оны үед хэдэн зуугаараа нүүдэллэн ирдэг байсан энэ шувуу хулгайн анчдын балгаар устаж үгүй болох дээрээ тулаад байжээ. Хар ус нуур орчмоор нутагладаг малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг зүгээр хараад суусангүй. Сум, аймгийнхантайгаа хамтраад Хар ус нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай хатуухан тэмцэж эхэлжээ. Малчдын бүлгийн энэхүү тэмцэл хэдэн жилийн дараачаас үр дүнгээ өгч 4-5-хан болж цөөрөөд байсан хотон шувууны тоо толгой эдүгээ 80 гаруй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарынхан энэхүү санаачилгыг эхнээс нь бодитоор дэмжин ажилласан гэдгийг нутгийнхан хэлж байлаа. Үүнд урамшсан нутгийн малчид Хар ус нуурынхаа мөсөн дээр цугларч байгаль орчин, ан амьтнаа хайрлах уриан дор цэнгүүн хийсэн нь “Мөнгөлөг шагшуурга” наадмын эх суурийг тавьсан гэдгийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолсон юм. Өнөө жил долоо дахь удаагаа тэмдэглэсэн “Мөнгөлөг шагшуурга” наадам баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болж өргөжсөн төдийгүй гадаад, дотоодын 18 мянга гаруй хүн хуран чууллаа. Ховд аймагт захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 ястны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгодгоороо “Мөнгөлөг шагшуурга” бусад цас мөсний баяраас ялгардаг. Энэ удаагийн мөсний баярт 17 сумын иргэд, ястан бүрийн төлөөлөл, аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, “Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Ж.Хүрэлбаатар, Дарви сумын “Мөнгөн аяга” багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид, оролцож, ирсэн зочид гийчдэд хүндэтгэл үзүүллээ. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадамд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн зочноор оролцохдоо “Өв соёлоо дээдэлж, байгаль орчин, ан амьтнаа хайрлах чин хүсэл дор нэгдсэн ийм баяр олон байгаасай. Уг гайхалтай наадам нь Хар ус нуурын лусын зүүд юм” гэж хэлж байсан удаатай.
Энэ жилийн баярт хүрэлцэн ирж оролцсон Японы Элчин сайд Масато Такаока “Баруун монголчуудын өв соёлыг байгалийн сайханд нь үзэх боломжийг олгодог ийм сайхан наадамд оролцсондоо маш их баяртай байна. Энэ сайхан өдрийг насан туршдаа мартахгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Бүх зүйл энгийнээс эхэлдэг. Баруун бүсийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Мөнгөлөг шагшуурга” наадам борцгор хотонтой хамт ийн иржээ. Байгалиа хайрлан хамгаалах уриатай, өв соёлоо таниулан сурталчлах эрхэм зорилготой наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, “Улаан ном”-д багтсан борцгор хотон шувууны тоо толгой нэмэгдэж байгаа нь хамгийн олзуурхууштай мэдээ байлаа. “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос шалгаруулах уралдаанд 50 гаруй иргэн оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Д.Цогбадрахын гэр бүл захчин ястны иж бүрдэл хувцсаар, дэд байрт Дөргөн сумын оролцогч Б.Цэгмэдийн гэр бүл шалгарлаа. “Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд 130 орчим хүүхэд оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Ц.Бадралт, Ц.Энхцэцэг нар манлайлав. Энэ жилийн “Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд оролцогчид ангийн арьснаас татгалзаж, уламжлалт эсгий, хурганы арьсаар урласан дээлээр гоёсноороо онцлог байлаа. Баруун бүсийн тулгуур төв олон ястны өлгий Ховд аймаг аж амьдрал, байгаль, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой нутаг. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга-2018” наадмыг амжилттай зохион байгууллаа.