Categories
мэдээ нийгэм

Ховдчууд “Малчдадаа тусалъя” аян эхлүүлжээ

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны арваннэгдүгээр сарын 01-нээс ирэх он хоёрдугаар сарын 01-нийг хүртэл “Малчдадаа тусалъя” сайн санааны аянг өрнүүлэхээр болжээ. Гурван сарын турш үргэлжлэх энэхүү аянд албан байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэд хөдөлмөрчид нэгдэж, өвс, тэжээл, бараа эд материалаар хандив өргөн иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхтэй оролцохыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас уриалсан байна.

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй малчин өрхийн 4 сая гаруй мал өвөлжих аж. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд өвс ногоо муу ургаж, хуурайшилттай байсан, мөн бэлчээрийн даац хэтэрсэн учир өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аяныг эхлүүлж байгаа ажээ.

Аяны хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөг, 30 тн өвс, 10 тн тэжээлийг малчдадаа хандивласан байна. Мөн аймгийн ЗДТГ-ын хамт олон 100 тн өвс, 100 ширхэг бээлий, 132 ширхэг малын нэмнээ, 50 боодол саван,50 боодол шүдэнз, лаа зэргийг хандивласан байна. Ховд аймгийн ЗДТГ-аас дөрвөн ажлын хэсэг томилогдон ажиллах бөгөөд аймгийн төвийн 91 байгууллага, 17 сумын 91 багийн иргэд, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж, малчдад зориулсан хандив, бараа эд материал цуглуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *