Categories
мэдээ улс-төр

Хотын захиргаанд суулт зарлана гэлээ

Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-аас гадна хоёр эвслийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэн “Нэгдсэн Монгол эвсэл”-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс НЗДТГ руу дайрч орсон юм. Тэднийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хүлээн авч уулзсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Нийслэлийн сонгуульд Тусгаар тогтнол эв нэгдэл, Эх орончдын нэгдсэн эвлэл болон бие даагчдыг сонгуульд оролцох боломжгүй гэж үзэн эрх олгохгүй байх шийдвэр гаргасан байна. Үнэндээ хориглох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас ямар шалтгаанаар бүртгээгүй юм бэ гэдгийг асуухаар энд ирээд байна. Ард иргэд МАН, АН-аас өөр сонголт хүсч байгаа. Өөр сонголт болгоныг эд нар хааж байна. Ингэж болохгүй. Тэгэхээр тус намуудад айдас байна гэж харж байна” хэмээв.

Үүнд нь нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун тайлбар хийж, “Сонгуулийн хуулийн хоёрдугаар бүлэгт сонгох, сонгогдох эрхийн тухай тусгай бүлэг байдаг юм байна. Энэ бүлгийн 12.1-д санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвших эрхтэй гэсэн байна. Мөн 12.2-т намууд эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно гэжээ.

Харин тус хуулийн 14.1 буюу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай заалтад, тухайн аймаг, нийслэл сум дүүргийн сонгуульд оролцож хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байна. Эвсэл биш нам. Эвсэл, эвсэнэ гэсэн үг энд байхгүй байна. Мөн бид та бүхэнд хуулийн 14.1, 15.3 дахь заалтыг сайн хараарай. Үүний дагуу бүх зүйлээ бэлдэхгүй бол хуулийн төвөгтэй заалт шүү гэж анхааруулсан зөвлөмжийг хүргүүлсэн. Дүгэр гэдэг хүн энэ зөвлөмжийг хүлээж авсан байна. Тийм учраас та бүгдийг гадуурхсан юм байхгүй. УИХ-ын гишүүн Г.Уянга өөрөө энд байна. Энэ та нарын гаргасан хууль шүү” хэмээв.

Тамгын газрын үүдэнд цугласан хүмүүс “Анхнаасаа эвсэл орохгүй гэдгээ мэдэгдээгүй. Бид эвслээрээ аудитад материалаа өгсөн. Болж байна гээд хүлээгээд авсан. Сонгуулийн хороон дээр бид гурван материалтай очсон. Монголын ногоон нам, “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” тусдаа материалаа бэлдээд, эвслээрээ ч бэлдээд очсон. Тэгсэн эвслийг нь авсан. Өөрсдөө хүлээж авсан. Дээр нь эвслийг сонгуульд оруулж болохгүй гэсэн хориглосон зүйл байхгүй учраас гаргасан шийдвэрээ эргэн харж, дахин хуралдаж бидэнд сонгогдох эрх олго” хэмээн бухимдаж байлаа.

Дахин хуралдаж нааштай шийдвэр гаргаагүй тохиолдолд эсэргүүцлээ үргэлжлүүлэн тэмцлийн ямар ч хэлбэрт шилжиж магадгүй гэдгээ нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс хэлж байна. Тэд Нийслэлийн сонгуулийн хороог дахин хуралдах хүртэл НЗДТГ-ын хоёрдугаар давхарт суулт зарлана гэдгээ ч хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *