“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа бөгөөд 2014 онд 60 цагдаа суралцсан бол 2015 онд нийт 50 цагдаа сургалтад хамрагдаж байна. Хотын төвийн хэсгүүдэд ажилладаг эргүүлийн цагдаа нарын хэрэгцээнд зориулсан сургалтын материал, монгол-англи ярианы дэвтэр зэргийг тусгайлан гаргаад байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.