Categories
мэдээ нийгэм

Хотын татвараас тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ

Улаанбаатар хотын албан татварыг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр хотын татвараас нэг тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Татвар төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээндээ хараахан хүрээгүй байгаа аж. Учир нь нэг жилд л гэхэд нийслэлийн төсөвт хотын татвараас 13.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоотой байсан юм.

Гэхдээ ирэх сарын дунд үе гэхэд хотын татвар төвлөрүүлэлт жигдэрнэ хэмээн албаныхан тооцоолж байна. Учир нь одоогоор нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн /НӨАТУС/ үйл ажиллагаа хангалтай жигдрээгүйтэй холбон тайлбарлаж байна. Гэхдээ НӨАТУС зургадугаар сарын дунд гэхэд жигдрээд эхэлнэ хэмээн тооцоолжээ. Ингэснээр хотын татвар төлөх аж ахуйн нэгж, иргэний тоо ч нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байна.

Хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан билээ. Мөн хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан байдаг.

Олон улсад татварыг хэрхэн зохицуулсан бэ?

Итали улсад – 10 хүртэлх хоногийн хугацаатай ирсэн гадны иргэдэд ногдуулдаг. Татварын хэмжээ хоногийн 4-9 евро байдаг.

Япон улсад – Оршин сууж буй нийт иргэд иргэний харьяаллаас үл хамааран “Оршин суугчдын татвар”-ыг төлөх үүрэг хүлээдэг.

БНХАУ – Нийт аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн салбар болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн эзэмшиж буй газрын хэмжээнээс хамааран ногдуулдаг. Том хотуудад 1мкв тутамд 0.5-10 юань, дундаж хотуудад 0.4-8 юань жижиг хотуудад 0.3-6 юань, уул уурхайн дүүргүүдэд 0.2-4 юанийг төлдөг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *