Categories
мэдээ нийгэм

Хотын дарга старт апуудыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг. Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.

Монгол нүүдэлчин, соёл уламжлалаа хадгалж үлдэх, дэлхийд сурталчлах зорилго бүхий НААД брэндийн Мимо – Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, эх орныхоо байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК болон дэлхийн стандарт, чанарын дагуу хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр хотын даргатай уулзаж, бүтээгдэхүүнээ танилцуулаа.

“Талын эзэн” ХХК-ийн захирал С.Сайханбаяр “Өнөөдөр хотын дарга болон бусад албаныхан бид бүхнийг хүлээж авч бүтээгдэхүүнтэй маань танилцаад дэмжихээ илэрхийлсэнд баяртай байна. НААД брэндийн хувьд танин мэдэхүйн шинж чанартай тоглоом. Бидний хийсэн бүтээгдэхүүн бүр тухайн хүний тархийг ажиллуулж, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Тиймээс бид НААД брэндийн эхний бүтээгдэхүүн болох МиМо буюу Миний Монгол гэрийг гаргасан байгаа. Лего хэлбэрийн угсардаг гэр нь 225 хэсгээс бүрдсэн. 2016 онд худалдаанд гаргаж дотооддоо 20 гаруй цэгээр борлуулахаас гадна гадны 6 оронд гаргасан. Бидний нэг онцлог бол тухайн байгууллагын логог гэрийн бүрээсэн дээр хэвлэх, мэндчилгээний үгийг хэвлэж өгөх боломжийг хэрэглэгчиддээ олгосон явдал юм. Бидний эхний бүтээгдэхүүн болох угсармал гэрийг олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөний дараагаар олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Натурал Эссеншлс” ХХК-ийн захирал Д.Хулан “Бид бүхэн 10 нэр төрлийн 80-аад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Нэг нэр төрөл нь маш олон бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Давирахаа нүүрстэй, зөгийн бал овьёостой, мөнгөл сарлагийн шингэн сүүг ашиглаж хийсэн саван гэх мэт. Гадны улс оронд сарлагийн сүү гэж байдаггүй. Тэд саван хийхдээ хуурай сүүг ашигладаг. Харин бид малчдын гар дээрээс сарлагийн цэвэр сүүг худалдан авч бүтээгдэхүүндээ ашигладаг. Ингэснээр Монголд сарлаг байдаг шүү гэдгийг сурталчилж байгаа хэрэг юм. Цаашид чанартай эрүүл бүтээгдэхүүнийг хэрэгтэй бүх хүнд нь хүргэх зорилготой. Манай бүтээгдэхүүн ямар нэгэн харшил өгөхгүй. Энэ нь бид бүхний бүтээгдэхүүний олон улсад гарах гол давуу тал юм” гэв.

“Хос аз” ХХК-ийн захирал Н.Зоригт “Манайх цэрэг, цагдаагийн алба хаагчдын өмсдөг гутал үйлдвэрлэдгээс гадна хүүхэд багачуудад зориулсан загварын гутлыг үйлдвэрлэдэг. Гутал хийхэд ашигладаг гол түүхий эд болох арьс маань 100 хувь дотоодоосоо авсан цэвэр арьс ширэн бүтээгдэхүүнүүд юм. Мөн Монгол хонины нэхий бол маш их дулаахан байдаг учраас бид түүнийг ашиглаж байгаа. Манай бүтээгдэхүүний гол онцлог бол гутлын улыг эсгий хавчуулж хийдэг. Түүнчлэн Италийн дизайнеруудтай хамтраад Монгол хүүхдийн хөлд тохирсон хэвлүүрийг зохион бүтээж хийж байгаагаараа онцлог юм. Бидний бүтээгдэхүүн 100 хувь эко, үнийн хувьд боломжийн гэж үзэж байгаа. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бидний ажлыг үнэлж тусалж дэмжихээ илэрхийлсэнд баяртай байна” хэмээлээ.

Хотын дарга үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзсаныхаа дараа “Нүүдэлчин түмний өв уламжлал болсон 3000 гаруй жилийн түүхтэй Монгол гэрийг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээж, зөвхөн монголын гэлтгүй дэлхий нийтийн хүүхэд багачуудад үндэсний соёлоо сурталчлах том ажил, төсөл эхлүүлсэнд баяр хүргэе. Хүүхдийн тоглоомын дэлхийн зах зээл асар том бөгөөд цаашид хүрээгээ тэлэх маш ирээдүйтэй зах зээл гэдэг нь ойлгомжтой. Харин монгол залуус үндэсний өв уламжлал, инновацийг хослуулж, дэлхийн стандартад нийцсэн тоглоомын үйлдвэрлэл эхлүүлсэнд миний бие талархан хүлээж авч байна. Нөгөө талаар Мимо – Монгол гэр нь улам бүр хотжиж байгаа өнөөгийн цаг үед инноваци шингэсэн уламжлалт тоглоомоороо дамжуулж, ирээдүй хойч үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зөв гарц, менежмент болж чаджээ. Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцоллоо.

Хотын дарга уулзалтын үеэр, Мимо – Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдийн хэрэглээнд нийлүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэхээ амлалаа. Мөн нийслэлийн худалдан авах ажиллагааны бодлогод үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ тэргүүн ээлжид дэмжин ажиллах, бодлого хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг 2017 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Дэлхий нийтээрээ инновацид ач холбогдол өгч, инновациар өрсөлдөж байна. Учир нь инноваци шингэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болж давуу талыг бий болгодог. Тиймээс Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Инноваци хөгжлийн төв байгуулагдаж байгаа бөгөөд нээлтээ тун удахгүй хийх гэж байна. Энэ төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготойгоос гадна, Монгол Улсад старт апын эко системийг бий болгоход голлох үүргийг гүйцэтгэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *