Categories
мэдээ улс-төр

Хотын дарга С.Батболд “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” семинарт оролцлоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал энэ сарын 3-6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны өндөр дээд хэмжээний зочид оролцох юм.

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар Улаанбаатар хотод чуулж байгаад хотын даргын хувьд онцгой ач холбогдол өгч байна. Улаанбаатар хот цаашлаад Монгол Улс нь сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гамшигт өртөх эрсдэл өндөртэй байна. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын цочмог өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гамшиг ослын тоо, давтамж, цар хүрээ нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм. 2014 онд уур амьсгалын эрсдлийг индексээр үнэлэхэд 100 гаруй орноос хамгийн их эрсдэлд орох магадлалтай улсын жагсаалтын 8-д Монгол Улс орсон байна. Энэ нь Монгол Улсын хүн амынх нь тал нь амьдарч буй Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд бэлэн бөгөөд даван туулах чадавхтай байх шаардлагатайг илтгэж байна. Тиймээс Улаанбаатар хот газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судлагаа, шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын сургалт семинарт оролцох, зохион байгуулахыг дэмжсээр ирсэн юм” хэмээн онцлов.

ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад өнөөдрийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн ороод байгаа аж. Улаанбаатар хот анх 2016 онд энэхүү санаачилгад нэгдэн орсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *