Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06:00 цагаас нээгдэнэ

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш буюу тавдугаар сарын 22-ны өглөө 06:00 цагаас нээгдэх гэж байна.

УОК-оос гаргасан журмаас:

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэн орон нутаг руу явах нь нээлттэй болж байгаа юм. Ингэхдээ нотлох баримт буюу вакцинд хамрагдсан гэрчилгээгээ авч явна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгааг авах нь. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа.

Иргэд иргэний үнэмлэхээ авч явах ёстойг журамд заасан.

0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй, хамрагдаагүй иргэд PCR /3 хоног хүчинтэй/, түргэвчилсэн /2 хоногийн хүчинтэй/ шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг УОК-оос мэдээлсэн билээ.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 629-өөр нэмэгдэж, халдварын тоо улсын хэмжээнд 51.247 болсон байна.







Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *