Манай сонины сурвалжлах баг уул уурхайн том төслийн өгөөж жирийн нэг суманд яаж нөлөөлдөгийг сонирхохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнийн говийг зориод ирлээ. Онцолсон сум маань Өмнөговь аймгийн Ханбогд. Нутагт дэвсгэрт нь Оюу толгой төсөл хэрэгждэгийг монголчууд андахгүй. Нар төөнөж налайсан намрын өдрүүд Ханбогдод ид дундаа байна. Арваннэгдүгээр сарын сүүл хүртэл энэ янзаараа налайдаг гэж сумын захиргааны үүдэнд таарсан ахимаг насны эр сонирхуулав. “Манай сум чинь утаа баагисан 200 өрхтэй, сургуульдаа 350, цэцэрлэгтээ 50 хүүхэдтэй, албан байгууллага 14-тэй жижигхэн сум байлаа. Хуучин цагт Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Хондого гэж нэгж байсан юм. 1924 онд байгуулагдсан сум шүү дээ. Ах нь энэ сумын Засаг даргаар 16 жил ажилласан Д.Буянтогтох гэж хүн байгаа юм. Далаад оноос Тамгын газрын дарга, сумын орлогч, нягтлан хийж яваад даргаар ажилласан. Одоо ажнай Д.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч” гэж ирээд хууч дэлгэв. Ханбогдод өвөл 16-17 хэмээс хэтэрдэггүй ч салхитай учраас хангайн малчид чардайдаг гэнэ. Харин сумын төвийнхөн бол ажирдаггүй, Ханбогдынхон суурьшсан энэ хонхор газарт салхигүй, нар ээсэн таатай өдрүүд үргэлжилдэг ажээ.
Сумын даргаар олон жил ажилласан Д.Буянтогтохтой хагас цаг хөөрөлдсөний дараа захиргааны байр руу орлоо. Эхлээд орсон өрөө маань Иргэдийн хурлын даргынх. Уурхайчны баримал, тэмээний сувинер, дүүрэн бичиг цаас өрсөн ширээний ард 30 гаруй насны залуу утсаар яриад завгүй угтав.
Ханбогдын иргэдийн хурлын даргыг Ж.Занабазар гэдэг аж. Өмнө нь “Бороо голд”-д ажиллаж байсан гэнэ. Биднийг цай, чихрээр дайлангаа “Манай сум чинь их онцлогтой. Төсвөөс татаас авдаггүй, өгдөг ганц сум. Бүртгэлтэй хүн ам маань 7500. Хөдөлгөөнт хүн ам нь бүр талийсан. 30 орчим мянга. Цагаан хадны 12, 13 мянган жолооч Ханбогд сумын Хайрхан багт харьяалагдаж явдаг юм. Сая аймгаас гэмт хэргийн гаралтын хувь хэмжээний мэдээ өгч байна. Манай сум гэмт хэрэг, ослын тоогоороо аймагтаа тэргүүлж байх жишээний. Бараг 50 хувь нь нүүрсний зам дээр гардаг осол гээд бод доо” гэсээр яриагаа эхлэв. Нүүрсний замд өдөр бүр осол гардаг учраас эмнэлгийн зардал хэтрээд явчихдаг гэнэ. Нүүрс тээврийн жолооч нар хил хүрэхийн тулд өчнөөн хонодог, өнгөрсөн өвөл гэхэд нэг жолооч машиндаа гал түлж хонож байгаад амиа алдсан гэх мэт өчнөөн хэцүү тохиолдлыг Иргэдийн хурлын даргын өрөөнд суухдаа сонслоо.
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй, цэцэрлэгт хүүхдээ өгөхдөө оочер дугаар болдог зовлон Ханбогдод бас байна. Сумын захиргаанаас холгүй барьж буй сургууль, цэцэрлэг энэ сарын сүүлээр ашиглалтад орох сайн мэдээ бий ч өдрөөс өдөрт өсч буй эрэлтийг гүйцэхгүй, дахиад гурван ч цэцэрлэг хэрэгтэй гэж сумын удирдлагууд ярилаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумд Ханбогдын нэг багаас цөөн хүнтэй хэр нь засаг захиргаа, төр, төсвийн байгууллагын бүтэц орон тоо ижил шахуу байдаг нь нэлээд ачаалал үүсгэдэг бололтой. Баргийн суманд байхгүй 50 ортой сум дундын эмнэлэг, прокурор, шүүх, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба энд ажилладаг аж. Бүр ямар ч суманд байхгүй Малын эрүүл мэндийн төв барьчихаж. Оюу толгойн дэмжлэгээр баригдсан энэ төвд хүнсний шинжилгээ хийх том лаборатори ч ажиллах гэнэ. Ирэх оны эхнээс Малын эрүүл мэндийн төв ашиглалтад орно гэсэн мэдээллийг сумын удирдлагууд өгөв. Ж.Занабазараас “Танай суманд иргэний хөдөлгөөн байна уу” гэж сонирхоход “Бий бий. Гэхдээ босдог, тэмцдэг, эсэргүүцдэг үеэ давчихсан. Ойлголцдог цаг руугаа орчихсон” гэж байна.
“Ханбогд хурд” компанийн захирал Б.Наранбаатар
Ж.Занабазар “Манайх чинь донор сум шүү дээ. Оюу толгойн бүтээж байгаа баялгаас улсаараа хүртэж байна. Донор хүн цусаа олны төлөө өгдөг. Тэгснийх нь хариуд цусаа төлжүүл гээд халуун цай, амин дэм өгдөг дөө. Гэтэл манай суманд тийм дэмжлэг урамшуулал алга. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд төсвийн шатлалаараа үйлдвэрлэл үйлчилгээний усны төлбөр аймгийн төсөвт ордог. 20 тэрбум төгрөг ордог юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд усны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна гээд заачихсан байдаг. Тэр заалтаа бариад 35-аас доошгүй хувийг авна гэхэд аймгийн хэмжээнд зургаан тэрбум орчим төгрөг болдог. Өмнөговь Ханбогд гэдэг ганц хүүхэдтэй айл биш л дээ. Ингээд харахаар тохиролцохоос өөр аргагүй. Аймагт ирэх 35 хувиас 35 хувийг нь усны эх үүсвэр болсон Ханбогд сум авах ёстой гэсэн яриа хэлэлцээ өрнүүлж ерөнхийдөө ойлголцоод явж байна” гэж ярьсан юм.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Занабазар
СУМЫН БАГАЧУУД КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭНЭ
Иргэдийн хурлын даргатай ойр зуурыг хөөрөлдсөний эцэст сумтай танилцахаар гарлаа. Захиргаанаас холгүйхэн томоо хашаанд сүндэрлэх өнгөлөг барилга хэний ч нүдэнд тусахаар содон юм. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх гэнэ. Барилгын ажил нь дуусчихсан, энэ сарын сүүлээр ашиглалтад орох юм байна. Нийслэлчүүдийн хүүхдээ өгөх гэж мөрөөддөг Кембрижийн хөтөлбөртэй “Шинэ эрин” сургууль өмнийн говийн Ханбогд суманд хэзээ мөдгүй үүдээ нээхээр болчихож. “Шинэ эрин” сургуулиас захирал, менежерийг нь аль хэдийнэ томилжээ. Англи, монгол хэлээр хичээлээ явуулах энэ сургууль удахгүй багш нараа шалгаруулж авах гэнэ. Энэ сургуульд 640 хүүхэд хичээллэнэ. Үүнээс гадна 200 хүүхдийн цэцэрлэгтэй. Биднийг очиход сургуулийн барилга дээр техникийн комисс ажиллаж байв. Энэ сургуулийн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг Оюу толгой компаниас гаргажээ. Тодруулж хэлбэл “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар босч байгаа сургууль аж. Зургаан тэрбум 79 сая төгрөгийн өртгөөр боссон гэх мэдээллийг гүйцэтгэгч компанийн зүгээс өглөө. Тоног төхөөрөмжийн зардлыг нэмбэл долоон тэрбум төгрөг гараад явчих бололтой. Сургуулийн барилга дээр ажилласан гүйцэтгэгч компани болох “Говийн өгөөж”-ийн менежер Б.Нямбат “Манай компанийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сургуулийн хойно хөлбөмбөг, сагс, волейболын талбайтай. Зүлэгжүүлэлтийг нь сүүлд хийнэ. Гүйлтийн замаа цутгачихсан” гэж сонирхууллаа.
Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн барилгын ажил дуусчээ
Будаг нь ханхалсан сургуулийн барилгатай танилцаж явах үеэр сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал биднийг зорьж ирсэн юм. Дөч гаруй насны гав шав хийсэн хөдөлгөөнтэй, яриа хөөрөөтэй тэрээр “Манай суманд 650 айлын орон сууц баригдана. Ажил нь эхэлчихсэн. Ханбогдын нэг компани бариулж байна. Гүйцэтгэлийн ажлыг нь бүр туркүүдээр хийлгэж байна. Зүгээр ч нэг хороолол биш. Үйлчилгээтэй, цэцэрлэг, сургуультай цогц хороолол. Энэ сургуулийг гэхэд л хувийн хэвшил, тодруулж хэлбэл Оюу толгой зуун хувь бие дааж санхүүжүүлээд бариулчихлаа. Гэхдээ л 200 хүүхдийн цэцэрлэг манай суманд багадахаар байна. 2-5 насны хүүхдүүд гэхэд л 800 хүрчихсэн. Би Монголын анхны цэцэрлэгийн хоёр эрэгтэй багшийн нэг л дээ. Миний эрхлэгчээр нь ажиллаж явсан цэцэрлэгийн багтаамж нь 175 хүүхдийнх. Гэтэл өнөөдөр 280 хүүхэдтэй ажилладаг. Ирэх жил дахиад хоёр цэцэрлэг хэрэгтэй” гэж ярилаа. “Гангар инвест” зэрэг том компаниуд нийтийн орон сууц, таунхаус, синглхаус зэрэг бүх л зэрэглэлийн хотхон байгуулахаар Ханбогдод газар аваад эхэлчихэж. Сумын төвд шинээр газар авах боломжгүйд хүрчээ. Хувь иргэн Ханбогдод газар авъя гэвэл төвөөсөө 7-10 км-т хол газарт л боломж бий гэнэ. Сургууль, цэцэрлэгтэй ойролцоо газрын хоосон хашаа гэхэд л 10 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал
Сумын засаг дарга “Ханбогдыг хот болгохоор зорьж байна” гэсэн бол Иргэдийн хурлын дарга нь “Хотыг бид өөрсдөө л байгуулах ёстой. Хувийн компани хот байгуулна гэж байхгүй. Дэлхийн хаана ч ийм жишиг туршлага байхгүй. Хамгийн гол нь төрийн бодлого зөв байх ёстой. Саяхан болж өнгөрсөн “Дисковер Монголиа”-гийн үеэр нэг эмзэглэмээр жишээ дуулдсан. Хайгуулын компанийн өчнөөн мөнгөө зарж байж хийсэн хайгуулын дээжийг бухимдсан малчид гол руу хийчихсэн тухай сонсоод их харамссан. Уул уурхайн баялгаас хүртэж чадахгүй болохоороо иргэд бухимддаг. Малчид нь буруу ойлголттой, төрийн байгууллага нь уялдаа холбоогүйгээс ийм асуудал үүсдэг. Ийм дүр зургийг бид туулсан. Харин одоо бол ойлголцолд хүрч чадсан. Уул уурхайн компаниа ойлгодог, үр шимийг нь хүртдэг болсон. Манай малчдын төлөөлөл Канадад очиж уул уурхайтай яаж хамтардаг талаараа илтгэл тавьж байна” хэмээн ярьсан юм. Нийслэлд төсөв төвлөрөөд, орон нутгаа орхичихсон учраас хүн ам нь Улаанбаатартаа шаваад, аймаг сумд чанартай эмнэлэг, сургууль, цэцэрлэггүй шахам болсон, үе үеийн Ерөнхий сайдуудын ярьдаг эдийн засгийн эргэлт аймаг, сумдад алга гэх мэт эргэж бодохоор санаануудыг Ханбогдын Иргэдийн хурлын дарга Ж.Занабазар хэлж байлаа.
ЖИРИЙН ЖОЛООЧООС КОМПАНИЙН ЗАХИРАЛ БОЛСОН ЗУРГААН ЖИЛ
Америк мөрөөдөл жирийн нэг сумын төвд биеллээ олжээ гэчихмээр олон сонирхолтой түүхийг Ханбогдод ирээд сонсов. Хөрөө, харуул хоёртой энэ сумын хүргэн болж ирээд Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг модон эдлэлийн үйлдвэрийн эзэн болчихсон залуу, дэлгүүрийн булан түрээсэлж Оюу толгойд бичгийн хэрэгсэл нийлүүлж эхэлсэн ч тун удалгүй хоёр давхар барилга бариад бичиг хэрэгслийн том дэлгүүр нээсэн бизнесмэн гэж ирээд яривал том төсөл дагаж амьдралаа танигдахын аргагүй өөрчилсөн олон хүн Ханбогдод амьдарч байна. Тэдний нэг болох Б.Наранбаатартай уулзлаа. “Ханбогд хурд”-ын оффис дээр очиход Б.Наранбаатар захирал Оюу толгой руу явах гээд зав багатай байж таарав. Гэхдээ л сумынхан нь өөр зуураа бахархангуй ярьдаг түүхийг нь яриулж амжсан юм. “Ханбогд хурд”-ын захирал 2006 ондОюу толгойд сарын 250 мянган төгрөгийн цалинтай жирийн л жолоочоор ажилд орж байж. Сүүлд 2012 онд “Ханбогд хурд” компаниа байгуулжээ. 2013 онд Оюу толгойтой анх гэрээ хийхдээ долоон ажилчин, долоон автобустай байсан энэ компани өдгөө 300 гаруй ажилтан, 50 гаруй тээврийн хэрэгсэл, автобустай болчихож. Автобус баазтай болсон Б.Наранбаатараас ирээдүйн хүслийг нь сонирхоход “Ханбогд хурд гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс Ханбогдын гудамжийг дүүргээсэй гэж хүсдэг. Сумынхаа төвөөр алхахаар манай компанийн хувцсыг өмссөн айлын эзэгтэй олон таардаг. Тэр бүхэн надад сайхан мэдрэмж төрүүлдэг. Ажлын байраа улам л нэммээр байна” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эдний компанийн жолооч нар сард багадаа сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Б.Наранбаатар ярианыхаа төгсгөлд “Оюу толгой төсөл энгийн хүмүүсийн амьдралд гайхалтай нөлөө үзүүлж байгаа. Манай компани өдрийн цагаар туслах ажилтан авъя гэсэн зар тавихаар хүн олддоггүй. Бүгд орлоготой, ажилтай болсны жишээ л дээ. Том төслийн нөлөө ийм сайхан. Би Ханбогдын уугуул. Манай суманд Оюу толгойтой хамааралгүй айл гэж байхгүй” гэсэн юм.
Ханбогдод цэвэр усны хоёр ч үйлдвэр ажилладаг юм байна. За тэгээд Оюу толгойд нэг удаагийн аяга, халбага сэрээ, аяга угаагч шингэн, дээжний уут гэх мэт төрөл бүрийн бараа ханган нийлүүлдэг компаниуд Ханбогд суманд аль хэдийнэ төвхнөчихөж. Цаашдаа ч Оюу толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх компаниудыг Ханбогдод ажиллаж, Ханбогдоос ажилчин авахыг шаардана, энэ болзолд нь толгой дохисон ямар ч компанид дэмжлэг үзүүлнэ гэж сумын удирдлагууд ярьж байлаа. Сонирхуулж хэлэхэд УИХ-ын гишүүн асан М.Зоригтын хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Ханбогдол 20 гаруй хоног саатжээ. 400 гаруй аж ахуйн нэгжтэй, нэг тэрбумаас хэдэн зуун тэрбумын борлуулалтын орлоготой компаниудтай улсдаа ганц сум учраас арга ч үгүй байх. Нэг суманд дунджаар ганц хонодог төслийн багийнхан уйдах, амрах завгүй хорь хоножээ. Сумын засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатайгаа “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөнд сумынхаа брэнд жимбий хоолыг хийж өгснөө сонирхуулав. Тэрээр “Зоригтыг лайв хийгээд дуусахад биднийг 11500 хүн үзсэн байсан. Сая орж харсан чинь 40 мянга давсан байна лээ” гэж хэлээд хөгжилтэй инээв.
ОЮУ ТОЛГОЙД АЖИЛЛАДАГ ЗАЛУУС ХАНБОГДОД ТӨВХНӨХ БОЛЖЭЭ
ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Оюу толгойд цахилгаанчнаар ажиллаж яваа Д.Мөнхжаргалынд зочиллоо. Сумынхаа төвд хувийн багавтар байшин барьж төвхнөжээ. Ханын шүүгээ, телевиз, буйдантай зочны том өрөө, гал тогооны цомхон өрөөтэй энэ айлын бүх л юм гял цал. Биднийг ороход гэрийн эзэн гурван сартай бага охиноо тэвэрчихсэн, гэрийн эзэгтэй гал тогоонд цай цүй бэлдэж байв. Энэ жил нэгдүгээр ангид орсон Ангирмаа охин ээждээ туслангаа зурагтаар гарах хүүхэлдэйн кино руу нүд унагана. Тасалсан гурил, чанасан ногоо, жигнэсэн махтай жимбийг эднийд амтлав. Хорхогорхуу амттай хоол юм. Ингэний хоормог, гоёоны архи ширээнээ өржээ. Хоолны ширээний ард гэрийн эзэнтэй ойр зуурыг ярилцлаа. Д.Мөнхжаргал бага охиноо тэврэнгээ “Оюутан цагийн ангийнхаа охинтой гэрлэсэн. Манай хүн Увсынх. Намайг дагаад говийн хүн болж байгаа. Би ээжээсээ хоёулхнаа. Багадаа өвөө эмээ дээрээ өссөн. Тэднээс минь үлдсэн ноён сэврэй хийцийн мөнгөн аяга манай гэрийн эрхэм эд зүйлсийн нэг. Хэдэн тэмээ, хонь, ямаатай галбын говийнхоо хойд энгэрт өссөн болохоор тэмээнд хайртай. Ботго ямар хөөрхөн гээ” хэмээн хууч дэлгэв. Ангирмаа охин “Аав аа, би том болоод Рапунзель, бас загвар өмсөгч болно тийм ээ” гэж завсар чөлөөгүй шулганана. Дөрвөн настай Соёмбо хүү цэцэрлэгтээ явжээ. Байвал гэрээр дүүрэн шуугиан дэгдээдэг зүггүй эр бололтой. Гэрийн эзэгтэй “Манай бага агаагийнхаа чимээ шуугианд унтаад сурчихсан” гэж хэлээд аавынхаа гар дээр унтсан охиноо орон дээр хэвтүүлэв. Д.Мөнхжаргал “Дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байгаа учраас мундаг туршлага хуримтлуулж яваа гэж боддог. Манай залуус гадагшаа гарч баг болоод ажиллаж байгаа. Шинэ Гвиней рүү гараад эхэлчихсэн. Гүний уурхайд ажиллаж байсан залуус нэг хэсэг гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход Энэтхэгт ажиллаж байгаад ирсэн. Би Ил уурхайн засварын хэлтэст цахилгаанчнаар ажиллаж байна. Цаашдаа Ханбогддоо л амьдарна. Манай компанийн залуусын дунд гэр бүлтэйгээ Ханбогдод амьдрах сонирхол ихэссэн шүү” гэж ярилаа.
Т.Насанбаяр хүүхдүүдтэйгээ
Бидний зочилсон дараагийн айл Т.Насанбаярынх. Гэрийн эзэн Ханбогдын уугуул гэнэ. Ил уурхайн өрөмдлөгөө тэсэлгээний хэсэгт оператороор ажилладагюм байна. Өнөөхөндөө Ханбогддоо ганц байгаа 40 айлын орон сууцанд лизингээр байр авчээ. Метр квадратыг нь нэг сая 450 мянган төгрөгөөр авсан гэж гэрийн эзэн сонирхууллаа. Биднийг очиход эхнэр нь ажилдаа, хоёр хүүхэд нь цэцэрлэгтээ явсан байв. Т.Насанбаяр “Оюу толгойд ажилд орсноос хойш миний амьдралд асар өөрчлөлт орсон. Би урьд нь Таван толгой хувьцаат компанид уулын мастер хийдэг байсан юм. Тухайн үед эхнэр хүүхэд Дорноговьд байлаа. Оюу толгойд ажилд орсноос хойш халуун ам бүлээрээ сайхан байна. Цогтцэцийн нүүрсний үнэ өндөр байхад их өөрчлөгдсөн. Одоо Ханбогд илүү хөгжиж, хурдацтай өөрчлөгдөж эхэллээ” хэмээн ярилаа. Т.Насанбаяр цэцэрлэгээс хүүхдээ авснаар бидний Ханбогд суманд хийсэн сурвалжлага өндөрлөсөн юм.
П.ЭНХЖАРГАЛ
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН