“Хоосонг идэгч” өгүүллэгийн би баатар Ганбаа ойн гүнд “ирж буй” цагийг хүлээн өлсөж хэвтэхдээ самар цөмөх жирх, хэрэмд атаархан, хамаг чадлаараа чулуу шидэвч өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр бууна. Зохиогчийн өгүүлснээр Ганбаа бол “өөрийгөө харах үйлийн үр-тольгүй эцэж туран, чих нь дэлдийж, шанааны яс босоод энэтхэг санваартан шиг болсноо мэдэхгүй байгаа” нэгэн. Өлсөж үхэх гэж байгаадаа үнэмшиж чадалгүй, амьдралынхаа тэрхэн хэсгийг зүүд болгох гэж, өөрийгөө итгүүлэхээр оролдон буй хүн. Тэр хүүхний дээд болсон сайхан хань, хэдэн сайхан үртэй хүн ч самар түүх шуналдаа хөтлөгдөн аглаг ойн гүнд гав ганцаар хоцрон өлсгөлөн ходоодныхоо эрхэнд хэрэм жирхтэй хөөцөлдөн ядарч байгаа эр хүн аж. Түүнд цатгалан цамаан үедээ жишим ч үгүй түлхэж холдуулсан хоолны үлдэгдэлтэй тавгууд нүүр дүүрэн инээмсэглэл шиг санагдан, нүдэнд нь мэлтэгнэн харагдахад жирх хэрмэнд уурласнаасаа ч илүү уур нь хүрэх ажээ. Тэрээр “Би өлсөхгүй байна” гэж бясалгал хийж буй юм шиг олонтаа давтавч шаналгаат зовлон нь “молиго оо” гээд эргээд ирэх шиг санагдан ухаан алдана. Хүний байгалиас өгөгдсөн биеийн болоод тамирын өгөгдөл ийм өчүүхэн юм. Ухаан алдаад сэргэвэл зэвхий саарал чоно нүүрийг нь долоох шахан урдаас нь ширтэн зогсох аж.
Өлсгөлөнгөөр тарчилж буй эр өөрийгөө чонын өмнө ямар хоолтой адилхан байгаа бол гэж төсөөлөх гэж оролдоно. Хэдхэн сарын өмнө хадам аавынх нь насны чалханд сайн гэж чанаж өгсөн чонын ходоод санаанд орж, өөрт нь хамгийн хайртай үзэсгэлэнт эхнэрээ бодоход дотрыг нь бялууруулж огиудас хүргэсэн хоол шиг санагдана. Тэр өөрийгөө чонын өмнө тавиастай бууз, хуушуур, цуйван, сэмжтэй шарсан элэг, бантангаар төсөөлж бодов. Гэснээ өөрийгөө самар байсан бол гэж бодно. Гэвч, тэр самар болж болохгүйгээ ухаарахын дээдээр ухаарав. Учир нь тэр нэг муу өчүүхэн махтай жирхийн үмх махыг идэх сэн гэж гурван өдөр хөөцөлдөөд, өнөө сульдаж ядран туйлдан хэвтэж байгаа билээ. Хэрвээ тэр самар болчихвол мөнөөхөн жирх түүнийг хээвнэг зооглож орхих учраас юунд самар болохыг хүсэх билээ. Тиймээс тэрээр бантан ч болтугай болж зэвхий саарлын ходоодыг баярлуулахыг хүснэ. Амьдралд тэр ямар ч үнэ цэнэгүй явснаа энэ л үед ухаарна. Үхсэнийхээ дараа өөрийг нь харамсан гашуудаж байгааг хардаг бол мөн догь оо. “Би ийм мундаг хүн байсан юм шүү” гэж нэг сайн хашгираад л, дэндүү сайхан байх сан.
Зэвхий саарал түүний бодлыг уншсан мэт тийм ч амархан зоогоо болгохгүй бололтой. Өлдөж сульдсан түүний нүдэнд үхсэн нэгнийхээ цогцсыг үүрч яваа шоргоолж харагдахад үхсэн шоргоолжноос илүү хэдэн хором урт насалж буй хувь тавиландаа талархана. Үхсэн шоргоолжноос урт настайгаа мэдэрсэн зүдэнг эр зүтгэж ятайсаар байж нэлээд өндийвөл, идэхээр анан буй чонын нүд сүүмийн алсарч, гүн ухаантны дүрийг бүтээж буй жүжигчин шиг харагдана. Чоно хүзүүгээ сунган цогнойж, амаа ангайлган улих гэснээ шилээ тэрүүхэндээ шөргөөн, сэрвээнийхээ үснээс оч үсчүүлээд малгайг нь зуун ойртуулж өгөх аж. Тэр малгай дээр хэн нэгний төлөө саналаа өгөхийг уриалсан бичиг байх бөгөөд сонгуулийн үеэр тараадаг хэрэггүй эд зүйлийн нэг байж. “Хэрэггүй малгайг хэрэггүй толгой л өмсөнө биз дээ”. “Хоосонг идэгч” өгүүллэгийн гол өгүүлэмж ийм. Хүний хорвоод хүн болж төрөөд амьтнаас ч долоон дор амьдарвал цаг хугацаа хийгээд хорвоо ертөнц гэдэг хүнийг огт оргүйд юу ч үгүй уусган үгүйсгэгч асар том ходоод юм гэсэн философийг зохиогч өгүүлсэн болов уу.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн 2009 онд хэвлэгдсэн “Хоосонг идэгч” шилмэл өгүүллэгийн түүвэрт “Унасан тэнгэр”, “Тайлан тоглолт”, “Сорвийн үнэ”, “Сатгал”, “Сүүлчийн шалгалт”, “Халзан зүрх”, “Гандангийн замаар”, Зүрх өвлөгч”, “Үнсэлт”, “Өр”, “Морь”, “Журай”, “Судрын нулимс”, “Тэнгэрийн цавчилт”, “Харанхуйлаг” зэрэг нэн шинэ сэтгэлгээтэй 19 өгүүллэг багтсаны нэг нь дээр өгүүлсэн “Хоосонг идэгч” бүлгээ.
Л.БАТЦЭНГЭЛ