Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүйгээр, хүнд сурталгүйгээр, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой” хэмээн онцолсон. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 7, Хан-Уул дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 6 хороог шилэн кабельд холбоод үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Тухайлбал, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн баталгааны цуцлалт, гэрлэлтийн баталгааны сэргээлт, дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг олгож байна. Дээрх ажлын үргэлжлэл болох есөн дүүргийн үлдсэн 102 хороог батлагдсан хуваарийн дагуу үе шаттай холбох ажил эхлээд байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газар мэдээллээ.