Гэр бүлээрээ
Хорин хоёр жилийн өмнө Монгол нутагт хөл тавьж байсан энэ эрийг Алекс Декоте гэдэг. Швейцарийн иргэн, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр Монголын нүүдэлчдийн амьдралыг үзэж сонирхохоор ирсэн байна. Монголд өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан нутгийн найз нь түүнийг “тал нутгийн гайхамшгийг үз” хэмээн ятгажээ. Тэд Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт очиж, малчин айлд зочилжээ. Цагаан сарын үеэр ирж таарсан болохоор үзэж харах ч зүйл их байсан бололтой. Энэ үеэрээ Алекс талын нүүдэлчдийн тухай, хөдөөгийн малчин айлын өдөр тутмын амьдралыг харуулсан богино хэмжээний бичлэг хийж авчээ. Нутагтаа очоод өнөө бичлэгээ youtube-д оруулснаас хойш өнөө айлтайгаа холбоо барьж чадсангүй. Тухайн үед айл болгонд гар утас, интернэт гэж ч байсангүй. Ингээд л холбоо тасарчээ.
22 жилийн дараахь уулзалт
Алекс бол 50 жил дэлхийн улс орнуудаар хэрэн хэссэн хүн. Очсон орны тоо нь 80 гарчээ. Сэтгүүлчийн хувиар телевиз, радиод ажиллаж, 10 гаруй ном туурвисан аж.
Цаг хугацаа урсан одож, нэг л мэдэхэд 22 жил өнгөрчээ. Алекс ч 75 нас хүрэв. Нэг өдөр youtube дэх монгол ахуйг харуулсан бичлэгийн дор холбоо барихыг хүссэн нэгэн зурвас ирсэн байсан бөгөөд и-мэйл хаягаа үлдээсэн байв. Тэр хаяг руу захидал бичиж, өөрийгөө танилцуулан, холбоо барих хаягаа ч үлдээлээ. Удалгүй түүний хаягаар огт танихгүй хаягнаас захидал ирсэн байв. Захидлыг нээтэл, бурхан минь… Аль тэртээ зүүдний юм шиг холоос түүнд хаяглан захидал иржээ. Улаа бутарсан хацартай бяцхан хүү хээв нэг морь унан хурдалж, адуугаа эргүүлж буй тэр дүр төрх. Хөр цасан дөнгөж ханзарсан жаварт өглөө тэр холоос өлгийтэй хүүхдээ өвөртлөн ирж настнууддаа золгож буй морьтон залуус. Тал нутгийн соньхон амьдрал шууд л нүдэнд нь буугаад ирэв шүү.
Мартин
Захидлыг яаран нээж үзвэл, 22 жилийн өмнө зочилж байсан монгол айлаас түүний амрыг эрэн мэндчилсэн байв. Айлын хүүхдүүд өсч том болоод, түүний youtube-д байршуулсан өөрсдийнхөө бичлэгийг олж үзсэн тухайгаа бичээд, боломжтой бол эх бичлэгийг нь шуудангаар илгээхийг хичээнгүйлэн хүсчээ. “Аль 22 жилийн өмнөх явдал шүү дээ. Яг л зүүд шиг санагдсан. Хэзээ ч бүтэхгүй, биелэхгүй зүйл шиг санагдаж байсан тэр зүйл бүтэх шиг, зүүд бодит болж байгаа мэт санагдсан шүү” хэмээн Алекс сэтгэл догдлон ярьж байлаа. Тэгээд өнөө бичлэгийг шуудангаар биш, өөрөө биечлэн аваачиж өгөхөөр сэтгэл шулуудан, бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Түүнд монгол хэлтэй орчуулагч хэрэгтэй учраас Мартин хэмээх бүсгүй рүү залгаж “хамт Монгол явах боломжтой юу” гэж асуухад өнөөх нь шуудхан зөвшөөрчээ. Хоёр нялх хүүхдээ нөхөртөө даатгаад, ажлаасаа чөлөө аван Монголыг зорьсон энэ швейцарь бүсгүй бол өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирсэн, зан заншил ахуй соёлыг нь боломжийн мэддэг, монгол хэлээр ус цас шиг ярьдаг нэгэн юм. Зөвхөн монгол хэл бус дэлхийн 10 гаруй орны хэлээр чөлөөтэй ярьдаг ховорхон авьяастай энэ бүсгүй монгол нутаг, монгол хүмүүст сэтгэл зүрхнээсээ хайртай. Мөн л Монголд ирэлгүй 12 жил болсон хүн. Энэ хоёрт хоёуланд нь Монгол руу явах нууцхан хүсэл дараатай явсан нь ийн биелж, өдгөө ирээд байгаа нь энэ юм.
Алекс, Мартин хоёр Монголд ирсэнийхээ маргааш шууд л Сэргэлэн суманд байх танилынх руугаа давхижээ. Цаг хугацаа урсан өнгөрсний гэрч Алексийн өтөл царайнд шингээ юу гэлтэй. 20 гаруй жилийн өмнө түүнд цангинатал дуулж өгч байсан Болдоо хүү хэдийнэ өрх тусгаарлаж, амьдрал нь тэгширчээ. Хүүхдүүд том болж, ихэнх нь хот суурин газар амьдарч байгаа аж. Хөдөө машин тэрэг, гар утас, гэрэл цахилгаантай ч болж. Хөгжлийн хэрээр ахуй амьдралд нь өөрчлөлт гарсан ч нүүдэлчний соёл, тал нутгийнхны сайхан сэтгэл яг хэвээрээ байна. “Би арай эрт ирэх ёстой байж. 22 жилийн өмнө намайг ирэхэд ид гялалзаж явсан хүүгийн ээж өнгөрсөн хавар бурхны орныг зорьсонд үнэхээр харамсаж байна” хэмээн швейцарь эр нүдэндээ нулимстай өгүүлж сууна. “Монголчууд их гэр бүлсэг улс. Аав, ээж, ах дүү биенээ гэх элгэн халуун сэтгэлтэй. Би дэлхийн 80 гаруй улсад ажлаар болон аяллаар очсон байна. Тэгж явахад зарим улс орон, хүмүүс өмнө нь уулзаж учирч байсан ч юм шиг хачин дотно санагддаг. Монгол орон, монгол хүмүүс надад яг тийм дотно санагддаг. Тиймээс ч би өөрөө энэ бичлэгийг хүргэж ирсэн юм. Би нас өндөр хүн. Магадгүй, би дахиж ирж чадахгүй байх” хэмээн Алекс ярьж байна. Тэрээр Сэргэлэн суманд Болдоогийнд очоод буцахдаа сэтгэл нь ихэд хөдөлж, нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Болдоогийнхон ч уйлцгааж. Ирж буцах хорвоогийн урсгалд дахин уулзах болзоо тавьж салцгаасан ч, хожмоо инээлдэн учрах тавилан буйг хэн ч мэдэхгүй буй за.
Хорин хоёр жилийн өмнө хийсэн тэрхүү бичлэгийг үзэхийг хүсвэл youtube-ээс Mongolie: un hiver sous la yourte гэсэн нэрээр хайж болно.