Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Лицензийн төвөөс жолооны үнэмлэх шинээр авч буй болон солиулсан нөхөн авах иргэдийн үнэмлэхийг хаягаар хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Жолооны үнэмлэхээ хүргүүлэхдээ ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ezasag.mnсайтаар дамжуулан ажил болон гэртээ хүргүүлэн авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 35 мянган иргэний жолооны үнэмлэх хэвлэлтэд орохоор хүлээгдэж байгаа ба лицензийн төв өдөртөө 3000 орчим үнэмлэх хэвлэн ажиллаж байна хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацралт мэдээлсэн юм.
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Х.Баясгалан хэлэхдээ “Сүүлийн саруудад ШШГЕГ-ын харьяа хорих анги болон нэг цонхны үйлчилгээний хэд хэдэн барилга шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн хорих ангиудад үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид гутлын үйлдвэр, хорих 407 дугаар ангид оёдлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хорих ангиудын төрөл дэглэмээс шалтгаалаад хорих анги бүрт хүмүүжигчид өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байна. Жишээ нь жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид гэрээт байгууллагуудтай хамтран гадуур барилгын ажил хийх боломжтой байдаг. Харин чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид гадуур ажиллах боломжгүй учраас 100 хувь хөдөлмөр эрхлүүлэх тал дээр бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Тиймээс хорих ангийн бүсэд үйлдвэр байгуулж дээрх хүмүүжигчдийг ажлын байраар хангаж байгаа аж. Хүмүүжигчид ямар нэг байдлаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан байдаг ба ажил хийсэн хөлс нь бусдын хохирлыг барагдуулахад зарцуулагддаг гэнэ. Хохирлоо барагдуулж дууссан тохиолдолд хүмүүжигч цалингаа хуримтлуулах, ар гэртээ өгөх бүрэн боломжтой байдаг” гэлээ.