Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоолны газрынхантай “Хариуцлагын гэрээ” байгуулж ажиллахаар боллоо

Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс ресторан, хоолны газар, кафе эрхлэгчдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах “Хариуцлагын гэрээ” байгуулах уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Халдварын цар тахлын улмаас дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ-аар дамжуулан хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллах хүсэлтийг НОК болон нийслэлийн удирдлагад тавьсан юм. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зоогийн газар эрхлэгчдийн холбооны гишүүн, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ болон ААН-үүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж байна. Энэ нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавих тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хянах, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна гэж үзэж буйг нийслэлийн удирдлага илэрхийллээ.

Хариуцлагын гэрээг байгуулсан ААН, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. Гэхдээ гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, тухайлбал, “Халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй бол үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.

Тодруулбал, хоолны газруудад ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. “Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулж байна.

Үүний өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, НМХГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөлөлтэй уулзаж, дээрх асуудлаарх санал солилцсон юм. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “хаах, торгох бодолгүй байгаа” гэдгээ хэлж, “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, удаан хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүд хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *