Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Монголын Элэг цөс нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Япон улсын Накаяма Хавдар судлалын институт хамтран “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт олон улсын хурлыг 9 дэх жилдээ зохион байгууллаа.
Хурлыг нээж Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлэхдээ “Энэхүү олон улсын хурлыг анх зохион байгуулсан 2009 оноос хойш хоол боловсруулах замын хавдрын үед хийгдэх олон мэс заслын аргыг нэвтрүүлэн, хавдар судлалын салбарт нутагшуулсан. Манай улсад оношилж эмчилж чадахгүй байгаагаас гадаа улс оронд эмчлүүлэхээр зорчих иргэдийн тоог бууруулах, гадагшаа урсан санхүүгийн урсгалыг багасгах, иргэдээ өвчний улмаас санхүүгийн бэрхшээлд оруулахгүй байх чиглэлээр Эрүүл мэндийн яам онцгой анхааран ажиллаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтэн, техникчдийг багаар нь өндөр хөгжилтэй улс оронд сургах ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн олон улсын хурал юм. Энэхүү хурал нь манай эмч мэргэжилтнүүдэд бусад орны туршлагаас суралцах, туршлагаа солилцож, одоогоор хийж чадаж байгаа мэс заслынхаа арга технологийг улам боловсронгуй болгоход чухал өгөөжтэй болно” гэдгийг онцлон тэмдэглээд, хуралд оролцож байгаа эмч мэргэжилтнүүд, гадаад улс орноос уригдан оролцож байгаа эрдэмтэн, эмч нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.