Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Хонхтой цэцэрлэгт 58 нарс суулгалаа

Өнөөдөр Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Үндэсний мод тарих өдрийн хүрээнд өнөөдөр /2016.10.08/ Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд талбайн өмнөх хонхтой цэцэрлэгт мод тарилаа.

Таван метр өндөртэй, 20-25 насны нарс тарьж байна

Энэ үеэр Монгол Улсын байгаль орчны гавьяат Б.Чимид гуай “Манай Улаанбаатар хотод олон мод тарьж, цэцэглэн хөгжиж байна. Гэхдээ хотын төв гудамжны модод сийрэгжиж, голдуу навчит модоор дүүрсэн харагддаг. Ер нь ирэх жилүүдэд хотын гудамжиндаа мод тарьж, хотоо сайхан болгох бодлого явуулж байгаа юм байна. Өнөөдөр төв талбайн хонхтой цэцэрлэгт 20-25 насны, таван метр өндөртэй, 58 ширхэг нарс модыг суулгалаа. Модыг ингэж тарьснаар хотын ногоон байгууламж маш хурдан нягтарч, ургах боломжтой юм. Жишээ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд байгаа 33 нарс модыг 2007 онд тарьсан. Одоо 10 дахь жилдээ ургаж байна. Энэ нь модыг арчилж, ургуулж чадвал ямар ч мод ургадаг гэдгийг харуулж байна” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидний тавьж буй зорилт нь ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болох юм. Ингэснээр иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж чадна. Мөн дүүргүүдэд ногоон байгууламжийг байгуулж, Дунд гол, Туул гол зэрэг голын дагуу амралт, аялал зугаалгын бүс болгон хөгжүүлнэ. Хотын ногоон байгууламжийг нягтруулах бодлого баримтална. Энэ ажлуудыг мэргэжлийн дадлага туршлагатай компаниудаар хийлгэнэ. Эдгээр байгууллагууд маань хотын удирдлагуудтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, гурван жилийн турш тарьсан модоо арчлах юм” хэмээн тайлбарлалаа.

Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу энэ сарын 8-нд Амгалангийн өртөөнөөс Толгойтын өртөө хүртэлх 17 км-ын төмөр замын хамгаалалтын зурвасын дагуу Сибирын улиасыг хоёр эгнээгээр тарих ажлыг эхлүүлж байгааг албаныхан дуулгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *