Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хонгил устгах хууль уу? Хонгил солих хууль уу?

Өнгөрөгч баасан гаригийн Их хурлын чуулганаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулах хууль батлагдлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд ийнхүү батлагдсанаар энэ сарын 25-ны өдрөөс хэрэгжихээр болж байна. Үндсэндээ энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар М.Энхболдыг Их хурлын даргын суудлаас огцруулна. Парламентын засаглалтай Монгол Улс анх удаа Их хурлын даргаа огцруулах хуулийг Төрийн тэргүүнийхээ өргөн барьсны дагуу баталж байгаа юм. Уул нь хуулинд тодорхой заасны дагуу дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно гэж хуульчилсан байдаг.

Үүнд 10.2.1-т нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тул эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн Цэц Улсын Их хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их хурал хүлээн авсан, 10.2.5-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэх ийм таван тохиолдолд УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө огцрох хуультай. Тэгвэл зургаа дахь заалтыг Ерөнхийлөгч нь санаачилж парламент нь баталж байна.

Энэхүү хууль батлагдсанаар гишүүдийн олонх санал гаргасан тохиолдолд Их хурлын даргыг огцруулах бүрэн боломж нээгдэж байгаа. Монголын парламентад ердийн олонх 39 гишүүнээр хэмжигддэг. Тэгэхээр 39 гишүүний кнопоор л хууль тогтоох дээд байгууллага парламентыг удирдаж байгаа эрхмийг өөрчлөөд байх ийм л нөхцөл улс оронд бүрдэж байна. М.Энхболд гэж хүнийг огцруулах хууль батлахын төлөө үнэндээ бид улс орноо нураачихаа шахлаа. Улсын Их хурал 40 хоногийн хугацаанд хуралдсангүй. Ямар ч хууль хэлэлцэж баталсангүй. Ерөөсөө л МАНАН дэглэмийг нураан, шударга бусын хонгилыг устгаж нийгэмд шударга байдлыг тогтооно гэж сурталчлан зай завсаргүй орилолдсон.

Ер нь Их хурлын даргыг огцруулах асуудал өнгөрөгч жилийн наадмын үеэр жаран тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэх тэр ярианаас эхэлсэн. М.Энхболд гэдэг хүн жаран тэрбум, МАНАН, шударга бусын хонгил гэх гурван “зүйлчлэл”-ээр Их хурлын даргын суудлаасаа огцорч байна. Үнэндээ Их хурлын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн тэмцэлд ард түмэн итгэсэн. Тэд ч ард түмнийг итгүүлтэл хонгил устгана, шударга ёсыг тогтооно гэж зогсоо зайгүй сурталчилсан. Үүний үр нөлөөнд ард иргэд хоёр удаа жагссан, хорь гучин гэр барьж идэр есийн хүйтэнд тэмцэл суулт зарласан.

Шударга ёс тогтооно гэх гишүүдийн тэмцэлд итгэж үнэмшсэн захын нэг иргэн л “Энхболд зайлаад өгөөч” гэж бухимдалтай хэлж байна. Энхболд гэдэг хүн Их хурлын даргын сэнтийгээс зайлаад өгөх юм бол Монгол Улс диваажин болчих юм шиг бодож байна. Өргөн хэрэглээний барааны үнэ хямдраад л, Монголын төр иргэддээ хэрэгтэй зүйлийг нь үнэгүй тараагаад л. Ерөөс хүн бүхэн Энхболд л буучихвал жаргана гээд бодчихсон. Монголын нийгмийн бодит хөрс яг л ийм байна.

Харин М.Энхболдын талынхан Ерөнхийлөгчийн санаачилж оруулж ирсэн хуулийг айхавтар шүүмжилж байгаа. Парламентын дархлаанд маш муугаар нөлөөлсөн хууль, цаашлаад улс орны ирээдүйд сөрөг үр дагавартай, хор хөнөөл, урхагтай. Энэ хууль хэрэгжсэнээр парламентын засаглалын нэр хүнд шавар шавхайтай хутгалдана, УИХ-ын дарга олонхын буюу Ерөнхий сайдын утсан хүүхэлдэй болж, УИХ Засгийн газрыг хянаж чадахгүй болно. Хууль тогтоох дээд байгууллага парламентын дээр нам нь гараад сандайлаад суучихлаа, нам ямар бодлого барихыг парламентаа шахаад бүрэн шийдүүлдэг болох нь гэцгээж байгаа. Гэвч хууль батлагддагаараа батлагдаж, жам ёсныхоо дагуу хэрэгжихээр болж байна. Уг хуулийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын Их хурлын чуулганаар батлуулсан анхных нь хууль гэцгээж байгаа. Ерөнхийлөгч өмнө нь “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” хуулийн төсөл санаачилсан ч төсвийн байнгын хороо дэмжээгүй. Дараа нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачилж Их хуралд хоёр ч удаа өргөн мэдүүлсэн талтай.

М.Энхболд огцроод өнөөх хонгил нь нураад шударга ёс нь тогтдог бол үүнээс сайн юм гэж юу байхав. Ер нь Энхболд огцорч байгаад харамсаад байх ч юм алга, баярлаад байх ч юм алга. Гол нь шударга ёсыг тогтооно гэж олон түмний итгэл үнэмшлийг хүлээсэн нөхдүүд хонгилоо нурааж эхлэх юм байгаа биз. Их хурлын шинэ даргаа томилоод эхний хуралдаанаараа шууд л ЖДҮ-гийнхээ асуудлыг хэлэлцээд явчихна байлгүй дээ. ЖДҮ-г халхлаад нийгмийг бухимдуулаад байсан хүн нь М.Энхболд байв. Одоо нэгэнт огцорчихсон учир халхавч байхгүй ЖДҮ-ийн асуудал ном журмын дагуу хэлэлцэгдэж шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг Их хурлын “шударга” нөхөд нь хүлээж аваагүй. Эхлээд М.Энхболдын асуудлыг хэлэлцэнэ гэдгээ хэлсэн. Тэгэхээр одоо ЖДҮ-тэй холбоотой гишүүдийнхээ асуудлыг шийдэх байлгүй. Нийгэм ч үүнийг хүлээж байгаа. Дээрх дөрвөн гишүүнийг авч үлдэх үндэслэлээ “мөрдөн шалгах явцад саад учруулаагүй” гэж гишүүд тайлбарлаж байсан. Тэгвэл саяхан дээрх дөрвөн гишүүнийг мөрдөж шалгах явцад саад учруулсан хэмээн АТГ-аас мэдэгдсэнийг бас ард түмэн харж л байгаа. Мөн Номтойбаярын мэдэгдсэнчлэн Ерөнхий сайдын дүүгийнх нь ЖДҮ-ээс авсан тэрбум 300 саяын асуудал хүлээгдэж байгаа. Тэгэхээр одоо Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Батзандан, Болд нарын зарлаад байгаа сайн цаг ирэхийг харах л үлдлээ.

Харин сүүлд нь нэмээд хэлэхэд, Их хурлын даргыг огцруулах хуулийг хонгил устгах хууль уу, эсвэл хонгил солих хууль уу гэх эргэлзээ нийгэмд байна. Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Энхбаярыг баривчилсан. Одоо Баттулга гарч ирээд Элбэгдоржийг Таван толгойн асуудалтай холбогдуулж шалгана уу гэдгийг Ерөнхий прокурорт мэдэгдчихлээ. Тиймээс юмны наад цаад нарийн учир мэдэх хүмүүст “Шинээр хонгил үүсчих вий” гэх болгоомжлол төрөөд байгаа юм. Хэрвээ Монголын нийгэмд дараагийн шинэ хонгил үүсчихвэл парламент ёсоо сүйдэлж байж хууль батлуулсны хэрэг гарахгүй ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *