Categories
арын-нүүр булангууд мэдээ

Холуур яваа зүйлийг өөртөө дуудах хэрэг байна уу

Саяхны нэг өдөр бие өвдөж эмнэлгээр явлаа. Амьхандаа л эртлэн босч очсон болохоор эмчид ч эрт үзүүлэхээр боллоо. Ер нь бол улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг чинь эр зориг шаардсан ажил бололтой шүү. “Рентген” гэдэг өрөөнд очиж хүзүү, нурууны зураг авахуул гэсэн болохоор яваад очлоо. Дараалал ч гэж жигтэйхэн их юм. Ашгүй явсаар миний ээлж дөхөхөд таяг тулсан өвгөн дэргэд ирээд “Миний хүү, өвөөгөө бод” гэх юм ярьсаар байгаад урдуур орчихлоо. Настай хүн болохоор хүмүүс ч юм ярьсангүй. Удалгүй нэг эмч рентгений эмчид хандан “Ахын маань хүүхэд” гэж зүтгэсээр байгаад хөтлөөд орчихлоо. “Угаасаа эмч нар тэгдэг юм” гээд хүмүүс бухимдангуй аястай болоод ирэв. Нүдний шилнийхээ дээгүүр харсан харваас яхир байрын өвгөн “Дахиж хүн оруулаад үзээрэй, нөхөөр” гээд загнаж байна. Өөдөөс нь толгой дохилоо. Хариугүй төрөх дөхсөн бололтой бүсгүй дэргэд ирээд зогсчихлоо. Настайчууд “Наад жирэмсэн амьтнаа оруулчих аа” гэж байна. Дахиад л оруулчихлаа. Өнөө яхир өвгөн надаас хоёр цагийн дараа ирсэн юм. Орох дугаар нь бол болоогүй. Гэтэл “Алив нэг шагайгаадхая” гэснээ үсрээд орчихлоо. Хүмүүс ч өнөө өвгөнийг зүхэж гарлаа. Одоо л орохгүй бол оройтох нь гэж бодоод зогсож байтал хар шил зүүсэн, хараагүй бололтой хүүхдээрээ хөтлүүлсэн чийрэг байрын залуу ирж байна. Хар шилтэй залуу “Хүүхдээрээ хөтлүүлж яваа ядарсан хүнийг оруулчих хүн байна уу” гээд тулаад ирлээ. Аргагүйн эрхэнд оруулахаас өөр зам байсангүй. Төд удалгүй “Дараагийн хүн ороорой” гэхээр нь яваад ортол өнөө хараагүй нөхөр маань шилээ авчихсан зүгээр алхаж байх юм. “Та чинь…” гэтэл “Ингэж л дараалал дайрдаг юм” гээд алгын чинээ рентген зургаа сугандаа хавчуулаад гарч одлоо. “Өөрөөс холуур яваа өвчнийг ингэж дуудах хэрэг байсан юм уу” хэмээн бодол тээн үлдсэн юм даа.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *