ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
ХАТАГТАЙ
ЖЕЙ “МОНГОЛ, МОНГОЛ” ХЭМЭЭН ДАВТАН ХЭЛСЭЭР ИНЭЭМСЭГЛЭН ЯВЖ ОДЛОО
Зөөлөн
уур амьсгал оруулахаар бүүдгэр гэрэл тусгасан болор танхимд хөл тавилаа. Тэр
гэрэлд болор улам тод гялалзах аж. Болороор чимсэн жижигхэн багануудын хөлд болор
шигтгээнүүд шалаар нэг асгажээ. Үлгэрт л
болор ордон байдгийг мэдэхээс хөлөөр нэг болор асгасан ийм зүйл харж байсангүй.
Танхим дүүрэн хүн. Гаднаас ороход ялаа дүнгэнэж байна уу гэлтэй дуу чимээ гэж жигтэйхэн.
Болор танхимд хөл тавиад шууд л танил
царай олж харлаа. Хэдэн хүнээр хүрээлүүлчихсэн зогсоо хар арьст эр өөрийн эрхгүй
анхаарал татав. Урт хар савхин хүрмэн дотуураа даавуун цамцан дээр ноосон цамц өмсч, час улаан будгаар уруулаа будчихсан, гараа аальгүйтэн хөдөлгөж ярих тэр эрийг Монголд байхдаа “Америкийн ирээдүйн топ модель”
хэмээх Тайра Банксын телевизийн шоунаас олонтаа харж байлаа. Ижил хүйстэн тэрээр
энэ онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн ном
бичсэн нь АНУ-д борлуулалтаараа дээгүүрт орж байгаа гэсэн.
Загвар
өмсөгч, дизайнер тэрээр алдарт загвар өмсөгч Тайра Банкстай 16 жил нөхөрлөж байгаа
аж. Тавхан алхмын зайтай зогсоо түүнийг хараад шууд л хамт явсан сэтгүүлч бүсгүй
бид хоёр зургийн аппаратаа шүүрэх нь тэр. Аппаратны гэрэл ч гялсхийлээ. Нөгөө хүн
маань харин гараараа боль гэсэн дохио үзүүлээд бусдаасаа тасарч бид хоёрыг зүглээд
ирлээ. Зургийн аппарат булаачихвий гэж болгоомжлон зугтах газаргүй хэрнээ хүн дүүрсэн
тэр танхимд орон зай хайн арагш ухарч хэд
алхлаа. Гэтэл юу болсон гээч. Нөгөө нөхөр
чинь загвар өмсөгч шиг гунхан бидэн рүү дөхөөд ирлээ. “Сая авсан зургаа арилгачих. Түрүүнд санаандгүй байхад дарсан
болохоор муухай гарсан байх. Харин одоо ав” гээд инээмсэглэн зогсдог байгаа. Тэртэй
тэргүй загвар өмсөгчдийг бэлтгэдэг, тэдэнд яаж зогсож зургаа авахуулах талаар
зөвлөдөг хүн шүү дээ. Итгэж ядсан бид хоёр ч түүний зургийг дарчихаад бас даварч
өөрсдөө хамт зургаа татууллаа. “Та хоёр хаанаас ирсэн билээ” гэж тэр асуув. “Монголоос”
гэж хариултал “Монгол, Монгол” хэмээн амандаа дахин дахин хэлээд улаан алгатай хар гараараа “Баяртай” гэх хөдөлгөөн үзүүлээд хамт байсан хэд рүүгээ зүглэлээ. Түүний энэ уриалгахан
зангийн дараа бид хоёр дэмий юманд санаа зовсноо бодоод инээлдэж мөн бодсоноо давуулан
биелүүлсэндээ сэтгэл хангалуун үлдлээ. Үзэсгэлэнт залуу охидыг зургаа муухай авахууллаа,
ингэж буруу алхлаа, тэгж ч эвгүй зогслоо гэж
шүүмжлээд байдаг нөхөр шүү дээ.
ХОЛЛИ
БЕРРИ ХОРИН ДАГУУЛТАЙГАА ОРЖ ИРЭЭД…
Яг
энэ агшинд зочид шаагиад явчихлаа. Хорь хол давсан хүн дагуулчихсан нэг хүний зургийг
авах гэж хэвлэлийнхэн зүтгээд барсангүй. Үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар байж
гэдэг шиг л Холли Берри нүд ирмэхийн зуурт
хамгаалагчдынхаа дундаас цухуйх төдий харагдаад алга болов. Зөвхөн хэвлэлийнхэн
төдийгүй тэнд хүрэлцэн ирсэн зочид ч Холли
Берриг харах гэж зүтгэсэн нь түүнийг энд удаан байхаас цэрвэхэд хүргэсэн биз. Оскарын
шагналт жүжигчин бүсгүйг Жеймс Бондын цувралын нэг ангид тоглосныг нь манай үзэгчид
андахгүй. Мөн “Муур эмэгтэй” киног нь санаж
байгаа байх. Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй болсон бөгөөд
тайзан дээр догдолсон сэтгэлээ нууж чадалгүй хэсэг зуур уйлж зогссон билээ. Тас хар даашинзтай үзэсгэлэнт тэр бүсгүй
кинон дээр гардгаа бодвол бодит амьдрал
дээр жижигхэн биетэй аж. Гэвч төгс бие галбиртай,
өө хэлэх аргагүй гоо үзэсгэлэнтэй ажээ. Гэрэл цацруулаад л алга болсон доо. Түүнээс
илүү харж анхаарч амжсангүй. Дөнгөж орж ирээд л том биетэй олон дагуулуудтайгаа ихэмсэгээр гарч одсон.
АМЕРИКИЙН
САЯТНУУДЫН ЭХНЭРҮҮД ИРСЭН БАЙВ
Тэнд
цугласан хүмүүсийн анхаарлыг татахаар хувцасласан нэг бүсгүй толгой дээрээ аалзны дүрстэй малгай шиг юм тавьчихсан, малгай ч гэж
дээ толгой дээр нь амьд аалз арваганаад байх шиг харагдсан. Загвар муутай урт улаан
даашинз, толгой дээрх улаан аалзны дүрс хоёр нь өөрийн эрхгүй анхаарал татаж инээд
хүргэв. Түүнд хүн болгон анхаарал хандуулж өөрийнх нь содон жигтэй хувцсыг сэм
сэмхэн харахад улам өөртөө итгэлтэй болох аж. Манайхаар бол марзан хувцасласан
тэр бүсгүйг шоолох хүн нэгэнт байхгүй болохоор тэр анхаарлын төвд байх гэсэн санаагаа
гүйцээсэн бололтой. Эрх чөлөөний орны эрх чөлөөний нэг хэсэг энэ аж. Хажууд нь
бас нэг үзэсгэлэнт бүсгүй хундага улаан дарс шимэн зогсоно. Түүний өмссөн даашинз нөгөөгийнхөөс бүр өөр. Урдуураа
богино, ар талын хормой нь газар шүргэсэн
даашинз нь “Guns\’ n Roses” хамтлагийн “Арван нэгэн сарын бороо” хэмээх алдарт
дууны клипэн дээр сүйт бүсгүйнх нь өмсдөг
цагаан даашинзны хар өнгөтэй хувилбар гэлтэй.
Эргэн
тойронд нүд гялбам болор чимэгтэй үй олон гоо бүсгүйчүүд мөн энгийнээс энгийн,
хайш яйш хувцасласан эрхмүүд ч зөндөө. Америкийн саятнуудын мөнгөө барж ядан эрхэлсэн
эрхэмсэг авхай нар. Ихэнх нь Америкт гардаг “Саятны эхнэрүүд мөнгөө хэрхэн үрдэг
вэ” шоунд оролцож байсан олны танил хатагтай нар. Гарынхаа шуунаас тохой хүртлээ
алтан бугуйвчаар чимсэн залуухан хатагтай, болор эдлэлийг хайр найргүй зүүсэн
баян бүсгүйчүүд. Фраг өмсч эрвээхэй зангиагаар чимсэн эрхэмсэг эрчүүд энэ оройг
өөрсдөө чимж байв.
Нэг
ёсондоо америкчуудын мөрөөдлийг энэ хүмүүс аль хэдийнэ олж авсан хүмүүс.
Бас
нэг бүсгүй олны харааг өөрийн эрхгүй татах аж. Өндөр зэгзгэр биетэй ч хэт туранхай
биш үзэсгэлэнтэй хар арьст бүсгүйн нөхөр нь ахимаг насны буурал толгойтой баян эр
аж. Эхнэрийнхээ гоо үзэсгэлэнгийн сүрэнд дарагдах мань эр ямагт хойно нь дагуул
мэт нэг алхам ч холдсонгүй. Харин эхнэрийг нь босч, суух бүрий зочдын хараа түүн
дээр тусах аж. Түүний бие яг л зорсон юм шиг сайхан. Эвгүй хэлбэл дотуур хувцас
шиг богино өмд, энгэр цээжээ ил гаргасан тачаангуй хувцаслалт, өөлөхийн аргагүй
гоё бие нь олон хүний харааг булааж байгаа нь тэр. Эндээс гарч явахдаа цахилгаан шатанд тэр хостой
таарлаа. Хаалга руу хараад цааш харж зогсох
түүнийг цахилгаан шатанд суусан хүмүүс ч ар нуруунаас нь цоортол ширтэж байсан.
МОНГОЛЫН
БИЗНЕСМЭН ЭХНЭРТЭЭ 8500
АМ.ДОЛЛАРААР СВАРОВСКИЙ ШИГТГЭЭТЭЙ ДААШИНЗ АВЛАА
Тусгайлан
зассан тайзны өмнө нэрт загвар өмсөгч болон алдартнууд сваровский шигтгээтэй ганган даашинз, чимэглэлээр
гоёсон од бүсгүйчүүд ээлжлэн хэвлэлийнхэнд зориулж зургаа татуулах аж. Тэд хэзээний
сурцтай нь аргагүй эвлэгхэн зогсч инээмсэглэлээр чимж зургаа авахуулахаа мэдэх
аж. Энд Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Х.Отгонтуяаг мөн зарлаж тэрээр
хүүгийн хамт зургаа татуулав. Эхлээд анзаараагүй байсан гадны хэвлэлийнхэн шивэр авир хийж зургийн аппарат шаг
шаг хийж эхлэв. Олон танхимын нэгэнд энэ оройны гол арга хэмжээ болох болор
шигтгээтэй даашинзуудыг дуудлага худалдаагаар зарах ёстой байв. Танхим дүүрэн суусан хүмүүс дуудлага
худалдаанд оролцохоор тус бүрийн дугаартай пайзыг гартаа барьжээ. Энэ танхим бусдыгаа бодвол энгийн.
Хамгийн
хямд даашинз мянга таван зуун ам.доллараас дөрвөн мянга таван зуун мянган ам.доллар
хүрэв. Зарим нь 30, 40 мянган доллараас эхэлж
дуудаад 100 гаруй мянган ам.долларт хүрч байлаа.
Айлчлалын
бүрэлдэхүүнд явсан бизнесмэн монгол эр эхнэртээ 8500 ам.доллараар сваровский болороор
битүү чимсэн урт хар даашинз дуудлага худалдаанаас авсан. Болор даашинзны дуудлага
худалдаанд очих боломж олгосон учраас хэвлэлд
нэрээ бичихгүй байхыг аминчлан гуйсан тул түүний нэрийг бас азтай эхнэрт атаархах
олон бүсгүйчүүдээс болгоомжлон энд бичихгүй байхаар шийдлээ. Гэхдээ тэрээр “Манай
эхнэрийн энэ жилийн бэлэгний лимит дууслаа” гэж хэлээд гар утсандаа даашинзны зургийг
аваад эхнэр лүүгээ илгээснийг харин дуулгачихъя.
Дуудлага
худалдаанаас өмнө нэгэнт бусад танхимд маникюрт
өмсгөсөн ганган даашинзуудыг олны нүдэн дээр ил тавьсан байсан болохоор оролцогчид
сонгох даашинзаа хэдийнэ товлочихсон байлаа. Зарим хүн үнэтэй даашинзуудыг хоёр,
гурваар нь авч байна. Зарим нь эхнэртэйгээ зэрэгцэж суугаад саналыг нь асууж ирээд
л пайзаа өргөх аж. Эрх муур шиг эхнэрүүд
нь нөхөртөө наалдан сууж байгаад дэлгэцэн дээр танилцуулах болор шигтгээт даашинзуудыг
өөрсдөд нь тараасан танилцуулган дээрх зургаас хуруугаараа заагаад л хэдэн мянган
долларыг нь дураараа үрж орхихыг харж суулаа.
Дуудлага
худалдаанаас олсон орлого хавдартай хүмүүсийн
эрүүл мэндэд зориулагдах учраас нэг ёсондоо буяны арга хэмжээ. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий буяны энэ арга хэмжээнд
оролцож байгаа нь энэ.
Хавдрын
эсрэг байгууллагын тэргүүн эмэгтэй Ерөнхий
сайдын гэргий Х.Отгонтуяатай ирж уулзан зургаа татуулав. Ерөнхий сайдын гэргий энэ
үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий, тэргүүн хатагтай Х.Болормаа
Хавдрын эсрэг сан байгуулсан. Танай байгууллагын
талаар уламжилж хэлнэ” гэлээ.
Холоос
хол мэт санагдах Холливудын одод, Америкийн баячуудын дэргэд өнгөрөөсөн нэг үдэш
ийнхүү өндөрлөв.
Гартаа дарс барьсан, жаахан
халамцаж дуу нь чангарсан баян америкчууд тэнд сэтгэл хангалуун үдэшлэгээ үргэлжлүүлэн
үлдсэн дээ.