Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хохирогч С-ын эгч: Дүү маань хүчиндүүлчихээд, одоо нэр төрд халдсан болж давхар хохирох болчихоод байна

УИХ-ын гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн талаар дам мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Сүүлдээ хүчингийн хэрэг үйлдсэн хүн нь УИХ-ын залуу гишүүн хэмээх мэдээлэл тарж, хэрэгт холбогдсон эрхэм өөрөө үгүйсгэж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн гэх хохирогчийн эгч болон хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэвлэлийнхэнд хандлаа.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн гадаа болсон хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг болсон. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн ярилаа.

Түүний дараа хохирогч С-ын эгч “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносоны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.

Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн.

Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.

Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан.

Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан.

Дүү маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Бид хоёр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Тэгэхэд сул өрөө байхгүй байна, хурцийн тасагт хэвтүүлчих үү гэсэн. Сэтгэл санааны хувьд хэцүү байхад нь хурцийн тасагт шууд хэвтүүлчихвэл яах билээ. Тэнд байгаа хүмүүсийг хараад юу бодох вэ, тийм биз дээ.

Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Хэнд хандахаа би мэдэхгүй байсан. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга. Сая хэвлэлийн бага хурал хийе гээд ирэхэд хүртэл дарамттай байна. Хурал хийх газар нь оруулахгүй гээд бүх сэтгүүлчдийг тараах гээд байж байх жишээтэй.

Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй.

Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *