Хойд Солонгос улсаас богино зайн тусгалын хэд хэдэн пуужин харваж туршсаныг Сөүлийн албаныхан мэдээлжээ. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Ходо хойгоос харвасан байна. Пуужингууд зүүн хойд зүгт өглөөний 09,00 цагт харвасан ба 70-200 км орчим зайг туулсны дараа 09,27 цагт Японы тэнгист унажээ.
Хэрэв мэдээлэл батлагдвал энэ нь Хойд Солонгос улс 2017 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа пуужин туршсан хэрэг болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын албаныхан шинэ төрлийн тактикийн зэвсэг туршсан гэж мэдээлсэн. Энэ нь Вьетнамд АНУ-ын ерөнхийлөгчтэй Хойд Солонгосын удирдагч уулзсанаас хойших анхны туршилт байв. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийлгээгүй. Өмнө нь хоёрдугаар сард Сингапурт хийсэн хэлэлцээрт Хойд Солонгос нь холын зайн тусгалын болон цөмийн пуужин туршихгүй гэж амласан аж. Тиймээс энэ удаагийн богино зайн тусгалын туршилт нь хэлэлцээрийг зөрчөөгүй гэж тооцогдоно. Гэхдээ энэ нь АНУ-аас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахгүй байгаад Пеньян тэвчээр алдарч буй хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-аас Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооход дорвитой алхам хийхийг шаардаж буй.