Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хойд нутгийн хавар DNN.mn

Өдөржин улаан шороон дунд талбай боловсруулсан тракторчин үдэш харуй бүрий болохуйд мотороо унтраан амс хийв ээ. Нүргэлсэн их дуу тасарч нам гүм болохуйд моторын тос шүүгч жингэнэн дуугарсаар өргөгч элдэв тоног төхөөрөмж нь таг чаг хийхээс өөр чимээ үгүй болон чих амарна. Чийг ханхлан боловсруулсан талбай том хээлтэй хар үнээ нэлхийтэл хэвтэх шиг алсран бараантаж тэртээ талын замаар албин цагаан гэрэл тэнүүчилнэ. Хэн нэг нь хаанаас ч юм ирж байгаа биз ээ. Өдөржин ажилласан тариаланч эр халаасан усаар нүүр гар, толгой цээжээ цэмбийтэл угаан, эвхээд тавьчихсан хувцсаа солин өмсөж талбайн захад барьсан гэрт тухаллаа. Гэрийн эзэгтэй түүнд цай аягалан, хөрчихнө хэмээн зузаан хувцасанд бандайтал боон тавьсан халуун хоолоо задлав. Хуршмал үнэртэй үхрийн хугархай хавирга, чанасан төмстөй шөл гарган таваглалаа. Хоёул дув дуугуй сууцгаан хооллох аж. Өлссөн нөхрийнх нь хоолоо шор хийтэл сорох, огтолсон махаа амтархан тамшаалахаас өөр чимээ үгүй. Доод голын бургасанд нойрмог ангир хааяа нэг нургилан дуугарна. Харин саяны боловсруулсан талбай дээр хур шувуудын үдшийн бүжиг эхлэж, зогсоо зайгүй тор тор тор хийн хоолойгоо татан шаагилдаж эхэллээ. Нарны зайн цав цагаан гэрэл онгорхой үүдээр зурваслан тусаж түрүүнээс хойш л эзнээ эргүүлдэн тоглох гэж өдөж байсан банхар шүлсээ савируулан харуулдан хэвтэнэ. Эзний гар цочмог хөдлөх тоолонд банхрын толгой мөн дагаж цочин, хэзээ ясаа шидэх юм бол гэж цөхрөлтгүй харуулдах аж. Өдөржин их дуу чимээнд явсан нөхрөө чих амраг хэмээн юү ч үл дуугаран гал зуух хавьцаа бөртөлзөх эхнэр нь босож тал шанага нэрмэл шар тостой халааж аягалан өглөө. Нөхөр дув дуугуй доошоо тонгойн бүлээсгэсэн архи шимэн тахир гаансандаа тамхи нэрэн татаж утаан хөшиг дунд сууна. Хойд нутгийн хавар тариалалтын цаг тулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *