Categories
мэдээ цаг-үе

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ

УИХ-ын гишүүн, хүнс өдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ Засгийн газарт чухал салбар хариуцсан сайдаар томилогдоод та багагүй хугацаа өнгөрч байна. улс орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд томоохон салбарыг зангидсан яамыг удирдаж эхэлснээс хойш хийж буй ажлын чинь талаар ярилцлагаа эхэлье?

-Засгийн газрын гишүүнээр томилогдоод 43 дахь хоногтоо тантай ярилцаж сууна. Уул нь би үр дүн нь гараагүй байгаа ажлаа ярих дургүй. Гэхдээ танай сонины уншигчдыг хүндлээд таны урилгыг хүлээн авч бодож байгаа, зорьж байгаа, эхэлчихсэн ажлуудаа ярья. Таны хэлснээр маш чухал салбарт буюу энэ салбартаа би шинэ хүн биш учраас салбартайгаа танилцаж цаг үрсэнгүй. Өмнө эхлүүлчихсэн, огт орхиогүй авч явсан ажлуудаараа би энэ салбартай байнга холбоотой явсан.

-Тодорхой хугацаанд дэд сайдаар ажилласнаа та хэлж байна уу. Тухайлбал, эхлүүлсэн ямар ажлуудаа орхиогүй хийж ирэв?

-2015-2025 он хүртэлх ойрын арван жилд Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулалцаж батлуулалцсаны хувьд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөгжлийн хувьсгал хийх цаг үе ирсэн гэдэг миний итгэл үнэмшил бий. Энэ итгэл үнэмшлээрээ дэд сайдаар ажиллаж байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч анхаарлаа байнга хандуулж байсан. Эхлүүлсэн орхиогүй ажлуудаасаа бодит үр дүн гарч эхэлснээс нь хэлбэл, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхны ажлын хэсгийг нь ахалж ажиллаж байсан. Энэ ажлын хэсгийн эхлүүлсэн олон ажил үе шаттайгаар хэрэгжиж явсны үр дүнд сүүлийн арван жилд анх удаагаа махны экспорт 20 мянган тонноос давлаа.

-Манай улс өвлийг өнтэй давах нь уу. Энэ жил зуд болно гэцгээгээд малчид зарим аймаг руу нүүцгээж байсан?

-Одоогоор нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Өдөр болгон шахуу их, бага хэмжээгээр нэмж орж байгаа цаснаас шалтгаалж дагтаршсан бүрхүүл тогтож эхэлж байгаа нь хамгийн санаа зовоож байгаа юм. Энэ жилийн зуншлагаас шалтгаалан малчдын түвшинд өвс, тэжээлийн хангалт муу байгаа.

Тиймээс малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж зээл олгон дутагдаж байгаа өвс, тэжээлийг ОХУ-аас импортлон аймаг сумдад хүргэж, хамгийн бага үнээр борлуулахаар өвс, тэжээлийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ сарын дундуур импортоор оруулж ирсэн малын тэжээл худалдаанд гарч эхэлнэ. ХХААХҮЯ өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг аймгуудаас авч, дүгнэлт хийж, шаардлагатай үед тулгамдсан асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлж ажиллах зорилгоор “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллуулж байна.

Учирч болзошгүй цаг үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулаад малчдын зүгээс авах хоёр арга хэмжээ байгаа. Мал махны борлуулалт, өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх. Тийм учраас бид үүн дээр нь бодлогоор дэмжиж махны борлуулалтыг нэмэгдүүлэхээр үржлийн бус бог малыг экспортлох буюу хөлөөр нь гаргах Засгийн газрын тогтоол гаргуулсан.

Энэ жил манай улс ургацынхаа 60 хувийг алдсан. Саяхан Засгийн газраас импортоор авах малын тэжээл, өвс, хүнсний үрийн буудайг ОХУ-аас Гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Энэ нь яг малчдад бодит дэмжлэг болох уу. Эсвэл тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэдэг асуудал бий?

-Засгийн газар “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийг өргөн барьж батлууллаа. Энэ хуулиар 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаанбуудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хийгдэж байгаа юм. Ингэснээр өнөөдөр дутагдалтай байгаа 50-иас дээш мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах болон шаардлагатай байгаа 225 мянган тонн улаанбуудайг импортлон авч малчдад хямд өвс тэжээл очих, гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ. Энэ бодлого малчид тариаланчдаа дэмжих зорилготой бодлого. Зорилгоо ч биелүүлнэ. Хивгээр жишээ авъя л даа. Тэжээлийн хивэгний үйлдвэрийн үнэ кг нь 420-450 төгрөгөөр харин гадна худалдаанд кг нь 500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл импортоор орж ирж байгаа тэжээлийн хивэгний тухайд хууль батлагдахаас өмнө тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийн хамгийн хямд худалдан борлуулах үнэ өрсөлдсөөр 420 орчим төгрөгөөр эцсийн шалгаруулалтад орсон. Одоо “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх” тухай хууль батлагдсаны дараа үнээ дахин буулгах хэлцэл явагдахад 375 орчим төгрөг болж байна. Эндээс хэн хожих нь ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь бол 12-16 хувиар үнийг буулгаж чадах дүр зураг харагдаж байна. Тодорхой бизнесийн бүлэглэлд ашиг өгөх үү гэж та асуусан. Бүлэглэлсээд байх юм байхгүй дээ. Бүх сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй зарлагдаж нийтдээ 58 аж ахуй нэгж өрсөлдсөнөөс 29 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан. Эдгээр аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахдаа худалдааны туршлага, тэжээл борлуулах боломжийг нь судалж бүгдтэй нь бодлогын, зээлийн, барьцааны гэсэн гэрээг үе шаттайгаар байгуулсан. Дээрээс нь зээлийн мөнгөө зориулалтын бус зүйлд зарцуулахаас сэргийлж 25/75 хувийн харьцаагаар буюу 25 хувь нь үйл ажиллагааны зардалд 75 хувь нь зөвхөн нийлүүлэгчийн данс руу орох нөхцөлтэйгөөр зохицуулалт хийж өгсөн. Нэг зүйлийг зориуд тодотгож хэлэхэд энэ хууль зөвхөн зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдэд зориулагдсан зохицуулалт биш. Өвс тэжээл импортоор оруулж ирж байгаа бүх аж ахуй нэгжүүдэд хуулийн хугацаандаа ижил үйлчлэх хууль юм шүү.

-Гаалийн татваргүйгээр өвс, тэжээл ороод ирлээ. Малчид нэг тонныг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Малчдад бэлэн мөнгө хомс байна?

-Өвс тэжээлийн борлуулалтыг аж ахуй нэгжүүд өөрсдөө хийнэ. Бидний харж байгаагаар гурван арга зам байна. Нэгдүгээрт мэдээж бэлэн мөнгөөр худалдан авах, хоёрдугаарт өвс тэжээл борлуулж байгаа аж ахуй нэгжүүд үнийн дүндээ мал мах авах эсвэл мал мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдтэй гэрээлж ажиллах. Гуравдугаарт, 2017 оны ноос, арьс ширний урамшууллын дүндээ өвс тэжээл дүйцүүлэн авах гэх мэт. Ер нь бол борлуулалтын ихэнх хувь мал махаар байх болов уу.

-Газар тариалангийн салбарт яамнаасаа дэмжлэг ихээхэн өгдөг. Техникийн тусламж болон хөнгөлөлттэй зээл олгох, гаднаас үрийн буудай авах гэх мэтээр. Тариалан эрхлэлтийг дэмжих сан ажилладаг. Тэгсэн хэрнээ энэ жил гэхэд ургацынхаа 60 хувийг алдчихсан ОХУ-аас авч байна. ОХУ-аас үрийн буудай нэрэн дор чанарын шаардлага хангахгүй буудай оруулж ирдэг тухай яриа гарч байсан?

-Энэ жилийн ургац алдалт цэвэр байгалийн давагдашгүй хүчин зүйл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас стратегийн бүтээгдэхүүн гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах, 2018 оны тариалалтад дутагдах үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхээр төрөөс бодлогоор зохицуулалт хийж “Үрийн буудай, хүнсний улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл 15,5 хувиар татварыг бууруулж байгаагийн хэрээр хямд үнээр гурил, үрийн буудай орж ирэх ийм нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Би бол энэ бодлогоос тариаланчид, ард түмэн, улс хожино гэж бодож байгаа шүү. Бизнесийн зорилгоор аж ахуй нэгжүүд гурил татваргүй оруулж ирээд зараад ашиг олоод байх боломж байхгүй. Жишээ нь, хүнсний улаан буудайн квотыг олгохдоо зөвхөн гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд тодорхой шалгууртайгаар олгоно. Өнгөрсөн жилийн ургацаас авсан буудайн хэмжээ, мөнгө төгрөгөө цаг хугацаанд нь төлдөг эсэх, үйл ажиллагаа нь тогтвортой юу гэдгийг нь харна. Буудайн чанарын тухайд хяналтын байгууллага шат шатандаа хянадаг. Хилийн мэргэжлийн хяналт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд норм стандартынхаа дагуу хяналтаа тавиад хилээр нэвтрүүлдэг.

-Малын махыг гадагш гаргахыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Ерөнхий сайд сая “Мах маркет” ХХК-д очиж тус компанийн чадавхийг сайжруулахад анхаарна гэж хэлж байна лээ?

-Махны экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг судалж тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. 2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 3.6 сая адуу, 4.0 сая үхэр, 400 мянган тэмээтэй. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох нөөц байна. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 21.5 мянган тонн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катарт экспортолсон. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн дүнд шилжүүлэн үзвэл энэ онд 108 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүний экспорт хийгээд байгаа юм. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэсэн судалгааг манай яамнаас гаргасан. Энэ бол эдийн засгийн нөөц мөн. Ерөнхий сайд мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлынхаа хүрээнд дотоодын экспортлогч компаниудынхаа чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх бодлого барьж ажиллахыг үүрэг болгосон байгаа.

-Мал сайхан өсөөд 70 орчим саяд хүрчихлээ. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхан хөөцөлдөөд жилд 15 сая хонь, ямаа экспортолж болно. Тэр мөнгөөрөө эдийн засгийнхаа хүнд нөхцөлийг шийдэж болно гэж та чуулган дээр хэлж, ярьж байсан?

-Үнэн шүү дээ. Нөөцөөрөө бол ийм боломж бүрэн дүүрэн бий. Малын эрүүл мэндийн асуудал хүндрэл учруулаад байгаа болохоос. Тийм л учраас малаа эрүүлжүүлье, тооноос чанарт шилжье, малынхаа ашиг шимээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гээд байгаа юм. Гадаад зах зээл бидэнд хангалттай байна.

-Таны томилгоотой холбоотой нэг яриа дуулдаж байсан. Таныг сайд болгох санал Ерөнхийлөгчөөс оруулсан гэж яригдаж, бичигдэж байсан. Сайд болох санал анх хэн, хэрхэн танд тавьсан юм бэ?

-Таны хаанаас ямар мэдээлэл авсныг би мэдэхгүй юм. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээсээ өмнө салбар салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцсон юм билээ. Намайг санал болгосон салбарын цөөнгүй хүн байсан гэж Ерөнхий сайд надад хэлсэн. Энэ нь миний сайных биш. Хувь тохиолоор ч гэх юмуу би энэ салбарын ойрын 10 жилд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон. Энэ баримт бичгийг ажил хэрэг болоосой гэж бодож явдаг хүмүүсийн дэмжлэг, даалгавар Ерөнхий сайдыг шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Анх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр ажиллуулах санал тавихдаа салбарын хөгжлийг юу гэж харж байна вэ гэж асуусан. Би өөрийн итгэл үнэмшлээ л ярьсан.

-Тухайлбал юу гэж ярьсан бэ?

-Их урт яриа болсон доо. Товчхондоо Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийх ёстой тэр нь хөгжлийн хувьсгал гэсэн санаа.

-Таны эзэмшсэн үндсэн мэргэжил юу вэ. Салбар удирдахад цаашид ямар бодлого барьж ажиллана гэж үздэг вэ?

-Анх эзэмшсэн мэргэжил маань савхин эдлэлийн эсгүүрчин. Ажлын гараагаа жирийн ажилчнаас эхэлж байлаа. Дараа нь эдийн засгийн чиглэлээр сурсан. Нэг л тодорхой юм байгаа шүү дээ. Салбарын хөгжлийг яавал богино хугацаанд түргэтгэж улс орны эдийн засагт нэмэр тус болох вэ гэдэг. Үүний тулд өөрөөс шаардагдах бүх нөөц бололцоогоо шавхана. Зорилгоо өмнөө тавиад хариуцлагыг өндөржүүлж зоригтой шийдмэг алхмуудыг хийнэ. Энэ миний салбар удирдахад барьж ажиллах зарчим. Салбарын хөгжлийн чиг баримжаа бол тодорхой. Газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс хот суурин газраа түшиглээд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлнэ гэсэн чиг баримжаатайгаар бүх бодлогоо гаргаад хэрэгжүүлэхээр зорьж явна. Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улс 20 гаруй сая малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, улаан буудай жилдээ зуун мянган тонн орчим хураадаг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхээргүй байсан. Сүүлийн 15 жилийн дотор манай салбар яаж хөгжиж байгааг статистикийн үзүүлэлт харуулж байна. Мал өсөж 66.6 сая боллоо, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоод удаж байна. Эрчимжсэн мал аж ахуй яаж хөгжиж байна. Одоо бид экспортын тухай ярьж байна. Цаашдаа экспортын чиг баримжаатай, чанарт түшиглэсэн, өрсөлдөх чадвартай салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилго тавьчихсан явж байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж байгаагийнх малчдаа дэмжсэн ямар бодлого баримталж байгааг асууя. Малчид бүтээгдэхүүнээ хямд өртгөөр ченжүүдэд биш худалдан авагчдад шууд яаж хүргэх вэ?

-Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тодорхой тусгасан зорилтууд бий. Тухайлбал, малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэх, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон биржийн худалдаа явуулах тогтолцоог бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр орон нутагт байгуулан ажиллуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт. Тодорхой байгаа бодлогоо хэрэгжүүлэхийн тулд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэг, хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Миний зорьж хүсэж байгаа зүйл бол бодлогоо богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бий болгох. Өөрөөр хэлбэл хөгжлийн зөв суурийг бий болгох юм. Суурь нь зөв бодлого нь дэмжлэг болохуйц байвал бусад нь хөгжлийнхөө замаар зах зээлийнхээ хуулиар цаашаа явчихна. Асуудал ченж гэдэг хүндээ биш тогтолцоондоо байгаа юм. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо нь бүрдээгүй дэлхий нийтээр мөрдөж байгаа стандарт гэдэг юмаас хол байгаа нь өрсөлдөөн үүсэх нөхцлийг бий болгохгүй байна. Үүн дээр бас л эрхзүйн зохицуулалт бодлогын томоохон шийдлүүд гарах ёстой.

-Малын хөлийн татвартай байх тухай яриа саяхнаас гарах болсон. Та татварыг авах ёстой гэдэгт санал нэг байна гэдгээ хэлсэн байсан?

-Малын хөлийн татвар заавал байх ёстой. Мэдээж бэлчээрийн даац, малын чанарыг зохист харьцаанд нь байлгах зохицуулалт хэдий боловч үр ашигтай байлгах талаас нь бодож үзэх ёстой. Хувь хэмжээнээсээ илүүтэй энэ татвараас хуримтлагдаж байгаа орлого эргээд малчдаа, мал аж ахуйгаа дэмждэг байхад л гол асуудал байгаа гэж би боддог. Эндээс цугларч байгаа хөрөнгөөрөө худаг усаа гаргадаг, дундын өвс тэжээлийн цэг байгуулдаг гэх зэргээр үр ашигтай байх үүрэгтэй байж сая үр дүн гарна. Одоо бидний өмнө өвөл, хаврыг яаж өнтэй давах вэ гэдэг цаг үеийн тулгамдсан асуудал байна. Энэ асуудал зөвхөн манай яам, Засгийн газрын асуудал биш ээ. Дор бүрнээ хариуцлагатай бие биенээ дэмжиж байж хүндрэлийг даван гарна. Тиймээс би салбарын сайдын хувьд иргэдээ, малчдаа нөөц бололцоогоо зөв тооцож боломжуудаа цаг алдалгүй ашиглаж учирч болзошгүй хүндрэлд бэлтгэлтэй байхыг уриалж байна. Өвлийг өнтэй сайхан давахын ерөөл тавья.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *