Categories
мэдээ цаг-үе

“Хьюстон Астрос”-ын ялалтыг тэмдэглэх таван шалтгаан

Мэргэжлийн бейсболын оргил наадаан болох MLB-ын Дэлхийн цувралд “Лос-Анжелес Дожэрс” ба “Хьюстон Астрос” багууд таарч энэ жилийн спортын наадмуудын эхэнд бичигдэхээр гайхалтай үйл явдал, эхлэл, төгсгөлтэй тэмцлийг үзүүллээ. Долоон тоглолтыг бүтэн харуулж хоёр удаа илүү иннинг тоглуулсан энэ жилийн дэлхийн цувралын аваргаар “Хьюстон Астрос” тодрох хувь тавилантай байжээ.

Нэг. “Хьюстон Астрос” баг Техасын хамгийн том хот болох Хьюстонд байрладаг. Хьюстон бол Америкийн эдийн засаг, соёл урлагийн төв гэхээсээ илүү сансар судлалын өлгий нутаг гэж бусдад танигддаг. Тийм ч учраас сагсан бөмбөгийн баг нь пуужин, бейсболын баг нь солир, хөлбөмбөгийн баг нь эрч хүч гэх мэт нэртэй. Америк улсын спортлог хотуудын нэг яах аргагүй мөн ч гэлээ шилдэг дөрвөн наадмаас гагцхүү сагсан бөмбөгийн “Хьюстон Рокетс” нь л хотынхоо нэрийг дэлхийн чихнээ шуугиулдаг байлаа. Одоо бейсболын баг нь нэмэгдэж байна.

Хоёр. “Хьюстон Астрос” баг 1962 онд байгуулагдаж тавь гаран жил MLB-д тоглохдоо унаж босон янз бүрийн л амжилт үзүүлж байжээ. Гэхдээ од нь гийсэн гайхалтай жилдээ ч гэлээ Дэлхийн лигт түрүүлж байсангүй. 2006 онд Үндэсний лигт түрүүлж Дэлхийн цувралд тоглох эрхийг олсон ч гэлээ тэнд очоод “Чикаго Уайт Сокс”-д 0:4-ээр “нам зодуулж” дахин тийм дээшээ гарч чадалгүй арван жилийг өнгөрөөжээ. Тэгэхээр тэд анх удаагаа энэ жил бейсболын оргилд хүрч байгаа нь энэ бөлгөө.

Гурав. Дээр бичлээ дээ. “Хьюстон Астрос” Үндэсний лигт түрүүлж байсан гэж. Major League Baseball (MLB) буюу Бейсболын төв лиг нь дотроо Америкийн лиг, Үндэсний лиг хэмээн хоёр тусдаа бүстэй тэр бүсэд нь тус бүр 15 баг багтдаг. Баг тус бүр улиралдаа 162 тоглолт хийдэг нүсэр урт тэмцээн юм. Тэгвэл “Хьюстон Астрос” 2013 оноос эхлэн лигээ сольж Америкийн лигт тоглох болсон, хоёр өөр лигт түрүүлж үзэж буй анхны баг юм билээ.

Дөрөв. Эхэлж дөрвөн удаа ялсан баг нь аварга болдог дүрэмтэй энэхүү цуврал тоглолтын хоёр дахь, тав дахь тэмцээнүүд үндсэн цагт ялагчаа тодруулж чадаагүй. Нэмэлт иннинг тоглох бүрд “Хьюстон Астрос” ялагчаар тодорч байсан нь хувь заяа тэдний талд байсан мэт. Учир нь цаанаа л нэг нэмэлт иннинг гэдэг чухамдаа хөлбөмбөгийн 11-ийн цохилттой л адилхан зүйл шүү дээ.

Тав. Дэлхийн цуврал эхлэхийн өмнө ихэнх мэргэжилтнүүд “Лос Анжелес Дожэрс”-т ялалтыг өгч байлаа. Зургаан удаагийн аварга “Дожерс” улирлын тоглолтыг бусдаас илүү эерэг үзүүлэлттэй өндөрлүүлсэн учир плей-оффын туршид өөрийн талбайн давуу эрхийг эдлэх боломжтой болсон. Тэд ноднин жилийн аварга “Чикаго кабс”-ыг Үндэсний лигийн финальд зүгээр л арчаад гарсан (4-1 гэсэн харьцаагаар ялсан) тул тэдэнд итгэх итгэл байлаа.

Түүнчлэн “Дожэрс”-ийн энэ жилийн бүрэлдэхүүн урьд өмнө байгаагүйгээр хүчирхэгжиж гайхалтай тоглох болсон нь Дэйв Робертс хэмээх ахлах дасгалжуулагчийн удирдсан багийн улирлын тэмцээнд үзүүлсэн амжилт батлаад байсан. Тэд 104 удаа ялж 58 удаа ялагдсан үзүүлэлттэй плей-оффт орсон нь Лигийн гучин баг дотроо хамгийн мундаг тоо байв. Ийм багийг ялсан гэхээр “Хьюстон Астрос”-ын амжилтыг онцлохгүй гээд яах билээ.

Дэлхий даяар дуурсагддаг томоохон спортын төрлүүд гэж бий. Хөлбөмбөг, хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэх мэтчилэн олны анхаарлыг татдаг спортуудын хажууд бейсбол “жижигдэх” ч гэлээ олж байгаа орлогоороо шилдэг аравт багтдаг болохыг “Forbes” сэтгүүл баталсан байна лээ. Улирлын тоглолтуудыг жилдээ ная орчим сая хүн “амьдаар” очиж үздэг гэхээр лут байгаа биз. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талын улсуудыг “галзууруулдаг” уг тоглоомын 2017 оны Дэлхийн цувралын аварга “Хьюстон Астрос” багийн плей-оффын тоглолтын цувралд хоумран буюу бүтэн оноо авсан дөрвөн тоглогч бүгд өөр улсын иргэд байсан гэдэг сонин үзүүлэлт уг наадмын цар хүрээг батлах мэт.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *