Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлтэй уулзаж хөөрөлдлөө. “Алтан намар” хөгжмийн наадмын 2006 оны тэргүүн болон 2005-2012 оны хөгжмийн шилдэг бүтээлийн шагналт эл уран бүтээлчийг Монголын хөгжмийн урлагийнхан андахгүй сайн мэднэ. Хэтэрхий даруухан тэрээр урын сандаа дуурь, бүжгэн жүжиг, симфони, концерт, сонат, дуулалт болон хүүхэлдэйн жүжгийн хөгжим, дан хөгжмийн 60 гаруй, дуулаачийн 20 гаруй бүтээлтэй уран бүтээлч юм.
-Өөрийг чинь Монголын хөгжмийн ертөнцөд нэртэй мөртэй хүн гэдгийг урлагийнхан сайн мэднэ. Гэхдээ та албан тушаалаа ашиглаад ч юм уу, тэгтлээ их олны танил болох гэж эрмэлздэггүй хүн шиг санагддаг?
-Би Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, Москвагийн Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач-хөгжмийн зохиолчоор дүүргэсэн хүн. Миний хөгжмийн зохиомжийн багш бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав багш маань юм. Ерэн найман онд Шарав багшийнхаа гэрт очиж монгол ёсоор хадаг барьж, багш шавь барилдаж байлаа. Уран бүтээлийн хувьд гэвэл ерэн зургаан онд Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст байхаасаа хөгжмийн бүтээлүүд бичсэн. Морин хуур, баян хуур, төгөлдөр хуурын зэмсгүүдийг эзэмшсэн. Сүүлд ОХУ-ын анхны Хөгжмийн их сургуульд элсэн орж алдарт Борис Тищенкогийн удирдлага дор суралцсан. Энэ багшийнхаа удирдлага дор Нэгдүгээр симфонио бичсэн ч харамсалтай нь багш маань удалгүй бурхан болсон доо. Ер нь мэргэжлийн хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээл дээр л суухыг боддог. Тиймээс сүүлийн хорь гаруй жилд жар гаруй дан хөгжмийн зохиол бичиж туурвиж.
-Та дуурь бичиж байв уу?
-“Ганц цагаан шувуу” гэж сюрреалист дуурь бичсэн шүү. Манайдаа анхны, ганц хүний сюрреалист дуурь л даа. Богд хаант Монгол Улсын зуун жилийн ойгоор урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулганы найруулга, зохиолч Б.Цогнэмэхийн цомнол “Ай Нанаа” дуулалт жүжиг бичсэнийг манай үзэгчид сайн санаж байгаа байх. 2014 онд ДБЭТ-ийн захиалгаар “Төгсгөлгүй” гээд танго балет бичсэн. Цаг үеэ аль болохоор дагаж төрөл жанрын хувьд ч залуусын хайр сэтгэлийн зөрчлөөс сэдэвлэн бүтээл туурвилаа. Танго бүжгийн хэмнэлээр гол хөдөлгөөнөө хийгээд балет хийсэн маань урлаг судлаачдын сонирхлыг татсан. Танго бол манай монгол үндэстний бүжиг биш шүү дээ.
-Латин-Америкаас гаралтай бүжиг гэдэг байх аа?
-Латин-Америк, Аргентиний бүжгийн тэр хэмнэл, аялгуугаар монгол хөгжмийн зохиолч яагаад бичиж болохгүй гэж хэмээн өөртөө асуулт тавиад хийсэн. Дуурийн театрын залуу бүжигчин, балетмейстр Эрдэнэжаргал гэдэг залуу сайхан найруулж тавьсан. Энэ танго балет маань сүүлийн хоёр ч жил тайзнаа тавигдлаа. Валентины баяраар хоёрдугаар сарын 14-нд тоглодог уламжлалтай болоод байгаа.
-Үндэсний хөгжимд зориулсан ямар бүтээлүүд байна?
-Үндэсний хөгжимд зориулсан зургаан ч том бүтээл байна. Морин хуурт зориулсан бишгүй олон зохиол бий. Нийтдээ жар гаруй бүтээл байна.
-Мэргэжлийн хөгжмийн зохиолчид дууны уран бүтээлийг жижиг гээд голоод байх шиг санагддаг. Таны хувьд дуутай юу?
-Би харьцангуй сүүлд дууны уран бүтээлд орсон. Мэргэжлийн уран бүтээлчдэд багш нар “Тайзны дуурь, балет, концертуудаа насны залуу дээр бичээд ав. Том уран бүтээлээ өөрийгөө шавхаад хийчихвэл дууны уран бүтээл бол гарын үзүүрийн л ажил” гэж захиж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш арав гаруй жил дууны уран бүтээл хийгээгүй. Өнгөрсөн жил харин “Морин хуур” наадамд яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн шүлгээр бүтсэн “Дарьгангын хээр тал” дуу маань нэгдүгээр байр эзэлсэн. Би аль болохоор цөөхөн атлаа даацтай уран бүтээл хийх юмсан гэж боддог. Одоогоор хорь гаруй дуу бичсэн байна.
-Улсын санд таны нэлээд олон уран бүтээл багтсан гэдэг байх аа?
-2007 оноос тасралтгүй зургаан жил дан хөгжмийн бүтээл минь шалгарч байсан. “Ай Нанаа”, “Ятгын концертууд”, “Морин хуурын сонатууд”, “Цасны мэргэдүүд” хэмээх морин хуур, төгөлдөр хуур, цохивор хөгжимд зориулсан концерт найраглал, “Хэмнэл” гээд цөөнгүй бүтээлүүд улсын санд хадгалагдаж байна даа.
-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчийн албыг хашаад аль хэр удаж байгаа билээ?
-Би өнгөрсөн жил болсон Монголын хөгжмийн зохиолчдын арвангуравдугаар чуулганаар холбооны ерөнхийлөгчийн албыг аваад яг бүтэн жил болж байна. Манай холбоо бол Монголын хөгжмийн зохиолчид, мэргэжлийн удирдаачид, хөгжим судлаачид, хөгжимчид, дуучдыг багтаасан түүхтэй том байгууллага. Анх 1957 онд байгуулагдаж, алдарт хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаа гуай даргаар сонгогдон 1983 он хүртэл нийт 26 жил удирдсан байдаг. Энэ байгууллага бол тухайн нийгмийнхээ урлагийн бүх байгууллагыг уран сайхны бодлогоор хангаж байсан. Улсын хэмжээнд гэхэд радио телевизээр ямар сонгодог хөгжим нэвтрүүлэх вэ гэдгийг, дотооддоо урлагийн мэргэжилтнүүдээ яаж бэлддэг байх вэ гээд өргөн хүрээг хамарсан асуудлыг хариуцдаг байсан. Одоогийнхоор бол Засгийн газрын агентлагийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан байгууллага. Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдсанаасаа хойш бүтэн жаран жилийн нүүр үзээд байна л даа. Энэ жаран жилийн хугацаанд үндэсний дуурь, дуулалт жүжгүүд, үндэсний симфони, үндэсний бүжгэн жүжгүүд, дан хөгжмийн бүтээлүүд гээд бүтэн жаран жил ард түмнийг дуу хуур, хөгжим бүжгээр цэнгүүлэн хөгжүүлж ирж. Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай 1983-1990 он хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбоог толгойлсон. Ерэн онд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал энэ байгууллагыг удирдсан. Миний хувьд тус холбооны ес дэх ерөнхийлөгч нь. Яахав, ажил авсаар бүх нийтийн хөгжмийн боловсролд анхаарч “Алтан зул” хүүхдийн дууны наадмыг зохион байгууллаа.
-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гадаад харилцааг тэлэх ёстой гэж байсан. Энэ хүрээнд ямар ажил амжуулж байна даа?
-Гончигсумлаа гуайн үед манай холбоо Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой ямар ч харилцаа холбоогүй байсан юм байна. Жараад онд Хятадад Соёлын хувьсгал гарснаар манай хоёр улсын харилцаа ч муудсан. Хоёр улсад болдог хөгжмийн наадмуудад хоёр талаас огт оролцож байгаагүй юм билээ. Харин ерээд оны эхээр шахуу Монголд болсон хөгжмийн наадмаар Өмнөд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга нь ирж, алдарт морин хуурч Чибулаг гуай эд нар ирж тоглож байсан байдаг. Харин Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой харилцаа төдийлөн сайн байгаагүй.
-Өнгөрөгч зуны айлчлалаар харин Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой харьцангуй зузаан харилцаа тогтоогоод ирэв үү?
-Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбооны даргын урилгаар манай төлөөлөгчид урд хөршид зочлоод ирлээ. Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбооны дарга Е Шиа Ган гуай бол нэрт хөгжмийн зохиолч, Бээжингийн Хөгжмийн их сургуулийн дэд ерөнхийлөгч, Бээжингийн Орчин үеийн хөгжмийн наадмын уран сайхны удирдагч, профессор цолтой, жараад насны мундаг хүн байна. Бид Бүх Хятадын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран ажилласнаар манай хөгжмийн бүтээлүүд урд их хөршид, олон улсын тавцанд гарах гүүр болж байгаа юм, нэг ёсондоо. Тухайлбал, Бээжинд болдог Орчин үеийн хөгжмийн их наадамд гэхэд АНУ, Герман, Европоос ирж оролцдог байхад бид хаяа зэргэлдээ мөртлөө тийм том наадам байдгийг ч мэдэхгүй сууж байна гэдэг учир дутагдалтай биз дээ. Саяын айлчлалаар жил бүрийн тавдугаар сард хоёр долоо хоногийн хугацаанд болдог тэр том наадамд Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх болсон маань том амжилт. Монгол үндэстнийхээ томоохон хөгжмийн зохиолчдын бүтээлийг аль болохоор олон улсын тавцанд гаргах л Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гадаад харилцааны гол чиглэл болж байгаа. Хөгжим бол хил хязгаар, хэл соёлын нөлөө байхгүй гайхамшигтай урлаг ш дээ. Улс орны нүүр царай чинь урлаг, спортдоо л байдаг. Манайхан спортоороо танигдаад байдаг, одоо урлагаараа, хөгжмөөрөө дэлхийд танигдах ёстой. Хятад, Орос хоёр эртнээсээ харьцаж ирсэн Монгол Улсын мөнхийн хөрш.
-Айлчлалд хэн хэн оролцоод ирэв?
-Монгол Улсын төрийн болон Чингис хааны одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Саруул биднийг Бээжин, Чонжун хотод хүлээж авлаа. Чонжун хотод Хубилай хааны үеийн Юань гүрнээс үлдсэн ууланд амьдардаг монголчуудтайгаа уулзахад сайхан байлаа.
-Жаран жилийнхээ ойн босгон дээр ирээд байгаа том байгууллагын ерөнхийлөгч хийхээр төлөвлөсөн ажлууд их л байгаа байлгүй?
-Гучин тав дахь жилээ зохион байгуулж буй “Алтан намар”, гучин настайгаа золгож байгаа “Морин хуур” наадмуудаа мэдээж сайхан зохион байгуулна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн 100 жилийн ойд зориулсан хөгжмийн долоо хоног, Э.Чойдог гуайн 90 насны ойд зориулсан тоглолт, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн 90 насны ойг тэмдэглэх том ажлууд хүлээж байна даа.