Categories
мэдээ нийгэм

Хилийн 0 цэгээс 1894 чингэлэг ачаа татан авчээ

“0” цэгээс чингэлэгтэй ачаа татан авах үйл явцын талаар Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатараас тодрууллаа.


-Нэгдүгээр сарын 11-нээс хойш хоёрдугаар сарын 17-ны байдлаар “0” цэгээс нийтдээ 1894 чингэлэг татан авч, гаалийн талбайд бүрдүүлэлтийг нь хийлгэж, ачаа хүлээн авагч нарт олгоод байна. Өдөрт татан авч байгаа чингэлгийн тоо харилцан адилгүй байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 40, хамгийн дээд тал нь 73 чингэлэг татан авсан.

-Татан авч байгаа чингэлгийн хувьд ямар ачаа голлож байна вэ?

-Төрөл бүрийн буюу каргоны ачаа. Барилгын материал, өргөн хэрэглээний бараа түлхүү орж ирж байгаа. Цөөн тооны хүнс, түргэн гэмтэх, муудах ачаатай чингэлэг, мөн бага хэмжээний химийн бодисууд байна.

-Чингэлэг татан авалт, олголтын явцад хүндрэл гарч байна уу?

-Замын-Үүд Шилжүүлэн ачих анги үндсэн чиг үүргээсээ гадна “0” цэгээс татан авсан чингэлгийг Логистикийн төвийн терминал дээрээ төвлөрүүлж, тэндээсээ олголтыг гүйцэтгэдэг. Энд манай ангийн 20 ажилтан, ОУ-ын Тээвэр зуучийн төвөөс долоон ажилтан өдөр болгон 07.30-00.00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлийн хувьд харьцангуй гайгүй.

-Татан авсан чингэлгүүдийг Замын-Үүдээс-Улаанбаатар хүртэл хэрхэн тээвэрлэж байна вэ?

-Төмөр замаар 20 футын 96, 40 футын 120 чингэлэг явсан байна. Бусад нь авто тээврээр явжээ. Авто тээврээр явж байгаа ачаа дотроо хоёр төрөл байна. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй авто машинд шууд ачигдсан 20 футын ес, 40 футын 83 чингэлэг ачигдаад явсан. Дийлэнх нь Замын-Үүдэд олголт хийгдээд автомашинд шилжүүлэн ачилт хийснээр явж байна.

-Төмөр замын тээврийн тариф, авто тээврийн тарифаас хямд байгаа. Тээврийн үнийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна гэдэг. Гэтэл үйлчлүүлэгчид авто тээврийг түлхүү сонгож байгаагийн учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Үнэ тарифын хувьд төмөр замын тээвэр авто тээврээс 2-2.5 дахин хямд, аюулгүй байдлын хувьд хамгийн найдвартай. Гэвч үйлчлүүлэгчдэд авто тээврийг сонгох хэдэн хэдэн шалтгаан байх шиг байна. Нэгдүгээрт, авто тээврээр явж байгаа ачаа цаг хугацааны хувьд харьцангуй хурдан, хаалганаас хаалганд хүргэдгээрээ давуу талтай. Хоёрдугаарт, өөрийн гэсэн салбар зам, агуулахгүй үйлчлүүлэгчдийн хувьд төмөр замаар очсон ачаагаа аль нэг салбар замтай терминал дээр авчхаад тэндээсээ дахин автомашинд ачиж, өөрийн агуулах, талбайд хүргүүлэх шаардлага тулгардаг бололтой. Харин өөрийн гэсэн салбар замтай, терминал, агуулахтай үйлчлүүлэгчид төмөр замыг шууд сонгодог. Гэхдээ тийм үйлчлүүлэгч маш цөөн шүү дээ.

-Хоосон чингэлгүүдийг буцааж эхэлсэн гэсэн байх аа?

-Тиймээ, “0” цэгээс чингэлэгтэй ачааг бид Логистикийн төв дээрээ хүлээн авч олголтыг гүйцэтгэхийн зэрэгцээ хоосон чингэлгийг буцаах үйл ажиллагааг хариуцаж байна. Өөрөөр хэлбэл, чингэлэгтэй ачааг хүлээж аваад автомашинд гар аргаар болон авто ачигчаар шилжүүлж ачаад суларсан чингэлгийг буцаана. Ингэхдээ Замын даргын тушаалаар эдгээр хоосон чингэлгийг өөрийн талбайдаа үнэ төлбөргүй хадгалах, талбай дахь өргөлт, буулгалт, “0” цэг рүү ачих ажлыг төмөр замчид үнэ төлбөргүй гүйцэтгэж байгааг энд онцлон хэлмээр байна. Мөн Улаанбаатар руу ачаатай явсан чингэлгүүд ч гэсэн буцаад Замын-Үүдэд ирэхэд буулгах, зөөх, хураах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байгаа. Тээврийн үнийн өсөлтөөс бараа бүтээгдэхүүний үнэ асар хурдтай нэмэгдэж байна шүү дээ.

Тэгвэл УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдэд “0” цэгээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний аль болох хямд өртгөөр хүрээсэй гэдэг үүднээс ийм арга хэмжээг авч байна.

Одоогийн байдлаар 500 чингэлгийг “0” цэг рүү хүргэж, Хятадын талд хүлээлгэж өгсөн.

Б.Гүнжинлхам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *