Хил дээр гацаад буй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан 8.9 сая тонн коксжих нүүрсийг ирэх оны хоёрдугаар сард багтаан БНХАУ-д гаргахаар төлөвлөж байна.
Нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдээд байна. Тээврийн хэрэгслүүдийг бөмбөлгийн зохион байгуулалтад оруулах журам хэрэгжиж эхэлснээр тээвэрлэлтийн явц цэгцэрч, хэвийн горимд ороод байгаа аж.
11 дүгээр сар гарсаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарсан нүүрс тээврийн автомашины тоо дунджаар 322 болсон байна. Энэ нь өмнөх сараас 19 хувиар, харин есдүгээр сартай харьцуулахад 165 хувиар өссөн үзүүлэлт болж байгааг “SXCoal” мэдээллээ.
Нөгөө талаас ОХУ БНХАУ-д нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Оны эхний есөн сарын байдлаар ОХУ-аас авсан нүүрсний хэмжээ 44.5 хувиар өсөж, 40.6 сая тонн хүрсэн байна. Цаашлаад ОХУ болон БНХАУ цөмийн эрчим хүч, газрын тосны салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
С.Өнөрсайхан