Categories
мэдээ цаг-үе

Хийморь жигүүрлэнэ

Нүүдэлч язгуурын монголчуудад өвлийн дунд сар оюун ухаан, эгээрэл гэгээрлийн цаг тоо байснаар ойлгогддог. Дулаан өвөлжөөнд буучихна. Сүрэг мал ойрын бэлчээртэй. Хүнс хоолоо нөөцөлчихсөн. Аргал хөрзөнгөө базаачихсан. Эсгий гэр нам гүм, аз жаргалант дүр төрхөөр бөмбийж, яндангаар аргалын утаа бөөнтөн багсалзсанаа шингэлэгтэн замхрах ийм л ахуй аястай. Энэ л тунгалаг үргэлжлэл дотор өвлийн богино өдөр, урт шөнөд үлгэр ярьж, тууль хайлж, эрт урьдын яруу сайхныг залуус балчиртаа хүүрнэн өгүүлж, сургаалыг айлдан судрын хуудас эргүүлж, номын гэгээнд амьдарч ирсэн ард түмээн. Улирагч бямба гаригт билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн нэгэн тохиов. Хачин дулаан, Богд уулын орой тод амгаланаар дүнхийсэн сайхан өдөр байв. Бэлгэт энэ өдрийн морин цагт монгол бөхийн домогт их аварга Нацагийн Жамъян, түүний зээ хүү дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарын гэр музейг нээсэн юм. Музейн захирал Ц.Гэлэгжамц гуай өргөөг нээж “Монголын ард түмний үнэт өв соёл, гайхамшигт спортын гүн зузаан түүхийг бүтээхэд, бичилцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байдаг юм. Монгол үндэсний бөхийн түүх бол олон мянганы уламжлалтай, энэ түүхийг сэргээн хөгжүүлэхэд гүн утга учир сэжмээр холбогдсон бид идэвхийлэн оролцох үүрэгтэй. Энэ түүхт шаардлагын дагуу бид монгол бөхийн түүхэнд хоёр зууныг дамнасан хоёр их аваргын бөхийн түүхийг нэгтгэн хойч үедээ үлдээх зорилгоор үзмэр, баримт материалуудыг цуглуулж гэр музей болгохоор шийдсэн юм” хэмээн утга төгс үг хэлэв. Ц.Гэлэгжамц бас “Энэ эрхэм өв соёл, хүндэтгэлд асар их хувь зохиолоор холбогдох хувь тавилан бидэнд заяажээ” хэмээн хэлсэн. Яруу бөгөөд дуурсалт сайхан үг. Наадам наадмын дэвжээнд аварга хүү Өсөхбаярынхаа дэргэд үргэлж байж, түрүүлэхэд нь бүгдээс өмнө дэгдэн очиж, хүзүүдэн үнсч байдаг уяралтай болоод бахтай дүр төрхөө ард түмэндээ хоногшуулсан Ц.Гэлэгжамц гуай бол Буур Жамъян аваргын ганц охин Насантогтохтой амьдрал, тавилангаа холбосон, өнөөдөр эдгээр эрхэм үгсийг хэлэх зүй ёсны оноол хүндэтгэлийг малгайлах хүн билээ л. Музей дэх үзмэрүүд өвөө аварга, зээ аварга хоёрын амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрэгэ, медалиуд, хүндэтгэлийн бэлэг дурсгал, зургууд, монгол бөхийн эдлэл хэрэглэл, ном сонин, бусад утга учирт холбогдлоор түгээмэл эд өлгийгөөр бүрджээ. Буур аваргын дээл, гаанс, Өсөх аваргын зодог шуудгууд, хүрэл баримлууд, малгай, гутал, барилдааны бичлэгүүд, хоёр аваргын үе үеийн төрийн тэргүүнүүдтэй амжилт алдар мөнхлөх цагаараа авахуулсан зургууд гээд баялаг намтар, энэ хоёр хүний амьдрал үйлсээр холбогдсон улс Монголын түүхийг өгүүлэл бүхий нэн гайхамшигт дурсгалаар бүтсэн аргагүй гэгээн сайхан, буян нүнжгийн агуулга даллагатай ажаам. Жирийн хамаг олны сэтгэлийг татагч. Энэ бол Н.Жамъян аваргын чимгийн үнэмлэхийн бичээс. Өвөө, зээ хоёрын олон үнэмлэх, сайшаалаас зөвхөн нэгийг нь авч харахад л энэ үгийг үзэх. Музей дэх бүхий л дурсгалд энэ мэт утга санаа, хүндэтгэл бичигдсэн нь мэдээж. Хөдөлмөрийн үнэ цэнээр олдсон алдар гавьяанд дүйцсэн энэ л үгс нь өөрөө эрдэнийн эерэг үгсийн чуулган оршоосон нь дамжиггүй. Хамаг олны сэтгэлийг татах нь маргаангүй. Г.Өсөхбаяр аваргын уншиж сэхээрсэн, ном, эрдэм боловсролын нь нотолгоо дипломууд, буддын сургаал шастирыг талбисан нь зүйнх. Оюун санаа, бяр хүчний төгөлдөр агуулгаар хослон жирэмлэгдэж бүтээгдсэн эл музейн нээлтийн анхны зочид бөхийн нэрт зүтгэлтэн, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, эх хэл, соёл, боловсролыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сангийнхан байв. Р.Нямдорж мөн л утга төгс сайхан үг хэлж байна билээ. Аварга байхын эн тэнцсэн, амьдарсан, бүтээсэн, бүтээж байгаа түүхээрээ, хүн мөн чанар-арлаараа ч сайхан аваргууд, өвөө, зээ хоёр. Манай Г.Өсөхбаяр аварга бол өнөө цагийн бөхийн тулгуур болж байгаа хүн гэсэн юм. Түүний энэ үгээс тулгуур гэсэн үг онц сайхан санагдав. Замнасан үйлсээрээ, гаргасан амжилтаараа, намба жудгаараа, бөх чанарын хэлбэрэлтгүйгээрээ, үлгэр дуурайллаараа, сэтгэл оюунаараа, бие бялдар, сахилга батаараа, нийгмийн хариуцлагаараа тулгуур нь Г.Өсөхбаяр юм шүү гэсэн илэрхийлэл байв. Үнэхээр ч тийм юм даа. Г.Өсөхбаяр аварга бол эдгээр зарчим агуулгад тэмцэж амьдарч яваа манай үндэстний зүй ёсны бахархалт хүмүүн. Бөх хүнд энэ бүхэн нэгэн дор цогцолж, эдгээрийг жигд тэгш авч явна гэдэг өндөр хариуцлага, ухамсар оюун санаа юм. Музей гэдэг бол оюун санаа, танин мэдэхүй, гэгээрэл соёрхлын өргөө юм. Энэ л зохионгуйгаараа Н.Жамъян, Г.Өсөхбаяр аваргуудын гэр музей нь үндэстний оюун санаа, соёл гэгээрлийн зам мөрт үйлс юм. Бие бялдар, оюун санааны өвч төгсийг бүтээж, ухаан, бяр хүчний нийцлэл, авьяасаар хүн ямархан өндөр даваанд гарч, тийм яруу бахархалт замыг бүтээж болохуйг энэ музей дэх бүхий л үзмэр өгүүлэн буй нь үндэстнийхээ оюун санаа, амьдрах итгэл, дэвшилтэт үзэл санаанд маргашгүй их хувь нэмрийг оруулж байгааг цохох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр эдгээр музейг бүтээсэн бүхий л үзмэр дурсгал нь хэрэг дээрээ ард түмэн, төр улсын хайр хишиг. Энэ хайр хишгийг сайн үлгэрийн булаг, өргөө музей болгон нээж, босго үүдээ тэдэндээ нээлттэйг тунхаглаж байгаагаараа ард түмэн, төрөө дээдлэн хүндэтгэх өрлөг, өгөгч сэтгэлийн хандал гэж үзэх нь үнэн. Г.Өсөхбаяр аваргын музей дотор Сүхбаатарын талбайг шинээр тохинуулан гэрэлтүүлэхэд хувь нэмрээ чинадлан хайр хишгээ зориулсны учир хэмээсэн хоёр тоот үнэмлэх байх нь энэ мэт бодлыг лавшруулах ажээ. Байгалийн гамшигт өртсөн арван айлд өвч тоноглосон гэр ахуй шийдэн бэлэглэсэн хүмүүнлэг үйлийг нь сайшаасан Хашаат сумын удирдлагын албан бичиг ч бас харагдана.

Үндэсний бөхийн аваргууд дотроос ийм музей байгуулж, энэ мэт хандлагуудаа даруухнаар илэрхийлж, үлгэр дуурайлал бүхий номоо бүтээж, хойч үедээ зөв зүйн залуур болж байгаа үйлсийг бусад олон нь хурайлан дагана буй за. Мөнхүү музейн нээлтэд заларсан хөлгөн найрагч Д.Урианхай, ер дэлхий хорвоод, хүнийг гэр бүлдээ ачлалтай, хамт олондоо хүндтэй, үндэстэндээ бахархалт, дэлхийн энтэй хэмээн түгээмлээр үнэлэмжилдэг агаад, энэ л хандлагын үүднээс ухвал Жамъян, Өсөхбаяр аваргууд эдгээрийг бие сэтгэл, оюун санаагаараа илтэд гэтэлсэн, мадагт хүрсэн хүмүүс болохыг өгүүлсэн юм. Юутай сайхан бэ. Г.Өсөхбаяр аваргын ээж Ж.Насантогтох гуай нэгэнтээ “Бөхийн удам таслаагүй нь миний гавьяа” хэмээн өгүүлсэн нь бий. Энэ гавьяа л ийм яруу түүх, үргэлжлэлийг бүтээж, ийм сайхан он жилүүдийг, ирээдүйг зөгнүүлж байна буюу. Алив сайн сайхан үйл сэтгэлийг гэрэлтүүлэн лимбэдэж байдаг. Ингэж сэтгэл гэрэлтсэн нэгэн үйлсийн гэрчүүдийн нэг байж, бодол сэтгэлд ургаснаа ийнхүү цөөн үгээр талбив. Аваргуудын музей ард түмэн морилсон өргөө байх болно оо гэж Ц.Гэлэгжамц гуай хэлсэн. Аваргуудын музейд морилогтун. Хийморь жигүүрлэнэ.

Б.ЗОЛБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *