Categories
мэдээ цаг-үе

Хийлч Дээгий: Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн сургууль мөрөөдөж байна

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

Таныг өөрийн “Deegii’s music school” хөгжмийн сургуулиа нээгээд завгүй байгаа гэж сонссон. Сургуулиа хэзээ нээсэн бэ. Уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хөгжмийн сургуульдаа анхаарал хандуулж байна. Сургуулиа энэ оны дөрөвдүгээр сард нээсэн. Нэгэнт эхэлсэн ажил учраас тэрэндээ санаа тавиад ажиллаж байна.

Хэдээс хэдэн насныхан хичээллэж болох вэ?

-Таваас дээш насныхан гэсэн ангилалтай байгаа. Хүүхдүүдийн хөгжлөөс л хамаарна. Хичээлийн дараа буюу 14.00 цагаас хойш орой болтол хичээллэж байгаа.

Сургууль тань нээгд­сэнээс хойш ямар хүмүүс ирж хичээллэж байна?

-40 хүрч байгаа мөртлөө хөгжмөөр нэг ч гэсэн ая тоглоод сурчих юмсан гэж олон жил бодож явлаа, хэзээ ч боломж нь бүрддэггүй байсан юм гээд ирж байна. Нөгөө талаас одооны хүмүүс хүүхдүүдээ багаас нь хөгжмийн боловсрол эзэмшүүлэх нь үүрэг гэж үздэг болжээ. Энэ нь ч зөв л дөө. Би хүүхдүүдээс нь гадна эцэг, эхчүүддээ бас их анхаарал хандуулдаг юм. Хүүхэд гэдэг бол порлон. Тэр хүүхдэд юу зааж, юу өгнө бүгдийг хурдан сурдаг. Тэд хүүхдээ зүгээр нэг мундаг математикч болгоод өсгөчихье гэж боддоггүй. Дотоод хүн гэдэг талаас нь хөгжүүлэх юмсан гэсэн мундаг хүсэлтэй эцэг, эхчүүд ирдэг юм. Тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа эцэг, эхчүүд миний хувьд маш том сонирхолтой сэдэв болдог.

Сургуулийн төлбөрийн хувьд ямархуу вэ?

-Хүмүүс манай сургуулийг үнэтэй гэж ойлгоод бэргэдэг. Би тэрэн дээр том хаалт тавимаар байна. Өнөөдөр нэг дэлгүүр ороод долоо хоногийн хүнсээ авахад хэдэн төгрөг болдог билээ. Гэтэл үнэндээ хоол гэхээсээ илүү хор цуглуулдаг шүү дээ. Хоёр тор хүнс аваад гарахад л 200 мянган төгрөг болно. Гэтэл манай сургалтын төлбөр хоёр тор хүнснээс хямдхан. Сарын хугацаанд найман удаагийн ганцаарчилсан сургалтыг хүүхдэдээ зориулна. Бүтэн сар хүүхэд тань хөгжмийн ертөнцөөр амьдарна гэдэг маш том боловсрол. Тэр талаас нь харж хүүхдүүдээ явуулаарай гэж би зөвлөмөөр байгаа юм.

Та анх хийл хөгжмийг хүмүүст таниулж, их хурдан олонд танигдсан. Тухайн үед менежментээ яаж хийсэн бэ?

-Өнөөдрийнхтэй харьцуул­бал хийл хөгжмийг олон хүн тоглодоггүй байсан. Би анх удаа хийл хөгжмийн CD гэж гаргаж байлаа. Анхны юм гэдэг сонин, содон учраас хүмүүст хүрэх нь хурдан байсан. Дээрээс нь сонгосон зохиол нь их оновчтой болсон байх. “Хэнтийн өндөр ууланд” гэсэн аялгуу маань монголчуудын бахархал болсон зохиол учраас хэн ч гэсэн гоё хувилбараар тоглоод гараад ирэхээр содон байсан. Менежмент гэж яривал зөв сонголт. Тухайн үед үнэхээр анхдагч байсан учраас хүмүүст их таалагдсан байх.

-“Үлэмжийн чанар” дууг үсээ хусаад, хагас нүцгэн тоглож байсан чинь бас содон шийдэж, багагүй зориг гаргаж хийлээ дээ гэж харах хүн олон байсан. Тэр талаараа дурсаж яриач?

-Эргээд харахад бараг 10 жилийн өмнө хийгдсэн уран бүтээл. Өнөөдрийг хүртэл хүмүүс ярьж, үздэг. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгж хийх нь хамгийн чухал. Их ч зориг гаргасан. Хийвэл хийсэн шиг хийе гэдгийн дотор том зорилго агуулагдаж байгаа. Тэр зохиолыг маш их судалж хийсэн учраас чанартай болсон. Хэзээд хуучрахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ байх.

Таныг долоон настайгаа­саа хийл хөгжмөөр хичээл­лэж эхэлсэн гэдэг. Яагаад хийл хөгжмөөр хичээл­лэхээр болсон юм бэ?

-Хөгжим бүжгийн коллежид хийлийн ангид ороод л хийлийн мэргэжлээр явсаар байгаад өдий хүрлээ. Одоо эргээд харахаар хувь заяаны л асуудал. Заримдаа хүн өөрөө сонгодог бол заримдаа өөрөө сонгогддог. Долоон настай хүүхэд дурлаад өөрийнхөө хүсэл зоригоор сонгохгүй шүү дээ.

Таныг их сургуульд орох­доо өөр мэргэжил сонгосон гэдэг юм билээ?

-Хөгжим бүжгийн коллеж төгсөөд 1998 онд хүн болгон англи хэл сурч эхэлж байсан үе. Гуравдагч улс гүрэн Монголын өмнө нээгдэж байсан цаг. Хөгжмийн хүн гэхээр хөгжмөөрөө яваад байвал уйтгартай шүү дээ. Энэ нь өрөөсгөл ойлголт. Тиймээс хэлтэй бол хөлтэй гэдэг утгаараа хэлээ сонгож ШУТИС-ийн орчуулагчийн ангид орж байлаа. Хөгжмийнхөө хажуугаар инженер, орчуулагч мэргэжилтэй болсон шүү.

Сургуулиа төгсөөд 2002 онд Америк руу явж тэндхийн СУИС-ийг хийл хөгжмөөрөө суралцаж төгссөн. Дараа нь Монголдоо ирэхийг үнэхээр их хүссэн. Би Монголдоо байх дуртай. Монголдоо байхаар өөрийнхөө дуртай амттай амьдралаар амьдарч чаддаг. Америкт сурсны хувьд мэргэжлийн гэхээсээ илүү маш том амьдралын туршлага болсон доо. Яагаад гэвэл 20 настай хүн заавал гадаадын их дээд сургуулиудад суралцах ёстой гэдэг шүү дээ. Тэр миний залуу насны маш том мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Амьдралыг таньж, хүн болох сургуулилтыг тэнд илүү хийсэн дээ.

Бага залуу насны чинь талаар ярилцъя. Та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав, ээж тань юу гэж захидаг байв?

-Дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Миний бага залуу нас социализмын үед өнгөрсөн. Одоо хүмүүст үлгэр домог шиг сонсогддог болж. Тухайн үед бүх зүйл нийгмээрээ хүмүүждэг байсан. Хувийн амбиц байгаагүй. Хувийн юм гэж ерөөсөө байгаагүй шүү дээ. Улс нь цаанаасаа ясли, цэцэрлэг, сургууль гээд л бараг нийгмийн хүн болж хүмүүждэг байсан. Улс орон хүмүүсээ төрөхөөс өсөх, сурах хүртэл нь бэлтгэдэг үе байлаа. Ээж, аав ажилдаа явна. Улс орондоо зүтгэнэ. Үүний хариуд хүүхдүүд нь сургуульд суралцдаг байлаа. Одоо бол улс орон гэхээсээ илүү хувь хүн өөрийнхөө төлөө зүтгэдэг болсон цаг. Тэр утгаараа эргээд маш өндөр үнээр хүүхдэдээ боловсрол олгодог болсон.

Уран бүтээлийнхээ онцлогийг яриач. Эрс тэрс ялгаатай бүтээл гаргаж байв уу?

-Миний мэргэжлийн хувьд онцлог нь сонгодог урлаг. Сонгодог урлагийг яагаад ч толгойг нь доош харуулж болохгүй. Сонгодог гэдэг зүйлийг хэзээ ч хэн ч эвдэж болдоггүй юм. Түүнийг баримтлахгүй байх аргагүй. Дээрээс нь сонгодог хөгжим гэдэг хэдэн зууны өмнө хөгжчихсөн зүйл. Өнөөдөр бид ямар зуунд амьдарч байгаа билээ. Тэр цаг үеэ мэдрэхгүй бол бас их хэцүү. Яг энэ хоёр зүйлийн огтлолцол дээр миний уран бүтээл оршдог. Одоо цаг дээр өнөөдрийн хүмүүсийн хөгжмийг ойлгох потенциал ямар байна тэрэнд тааруулж уран бүтээлээ хийх ёстой. Уран бүтээлийн гол чиг сонгодог дээр тулгуурласан мөртлөө өнөөдрийн массын сэтгэхүйд зориулсан зүйл хийдэг. Угаасаа урлагийнхны даалгавар хүмүүст дэлгэрүү­лэх, сэнхрүүлэх, нийгмийг зөөлрүүлэх үүрэгтэй. Үндсэн философийг нь барьж уран бүтээлээ хийдэг. Тэрнээс биш айхтар эвдээд харыг цагаан болгож, цагааныг хар болгож хийнэ гэж байхгүй л дээ. Магадгүй сонгодог урлагийг цахилгаан хөгжмөөр тоглож байгаа нь хүмүүст айхтар эвдлээ гэж харагддаг байж болох юм. Чингис хаантайгаа зүйрлэхэд л тэр олон мянган цэргийнхээ өмнө гараад яаж ярьдаг байсныг мэдэхгүй. Гэтэл одоо микрофон, спикер гээд асар өндөр хүчин чадалтай цаг үеийн ололтууд гарсан. Яг л тэрэн шиг үндсэн хэв маяг байгаа ч технологийг л ашигласан хэрэг.

Та хийл цуглуулдаг уу?

-Цуглуулга гэхгүй байх. Миний хувьд хэрэгцээтэй л багаж маань шүү дээ. Надад үндсэн аяа тоглодог сонгодог хийл, сайн чанарын буюу сүүлийн үеийн цахилгаан хийлүүд байгаа. Сонгодог хийл жинхэнэ мастерийн уран бүтээлээ гаргах зэвсэг учраас хамгийн үнэтэй байдаг.Цахилгаан хийлийг энд тэнд явж байхдаа авчихдаг юм. Голчлон “Yamaha” брэндийн хийлээр тоглодог.

Найз нөхдийнхөө талаар яриагаа үргэлжлүүлье. Амьдралд хэрэгцээтэй зүйлийн нэг шүү дээ?

-Миний хувьд хүн өөрөө маш олон талсттай болор гэж ойлгодог. Тэр олон талстыг бүрэн гүйцэд ойлгох найз гэдэг маш ховор. Би аливаа юманд хавчиг байхыг хүсдэггүй. Бүх төрлийн хүмүүсийг хүлээж авах шугам нь өргөн байх ёстой гэж үздэг. Ер нь олон найзтай байна гэдэг өөрөө өөрийгөө олох хамгийн гол зэвсэг. Хүнийг таниад байх нь юу юм, өөрийгөө л нээдэг юм.

Таны барим­талдаг зарчим?

-Өөрөө өөртөө үнэнч байх. Энэ амьдарч байгаа цаг хугацаа бол миний цаг хугацаа. Энэ хугацаандаа өөрөө өөртөө үнэнч амьдрах юмсан гэж боддог. Нэг ч гэсэн илүү амьсгалах юмсан. Миний төлөө хэн ч амьсгалж чадахгүй. Би ч гэсэн хэний ч төлөө амьсгалж чадахгүй шүү дээ. Тиймээс миний хувьд маш том зүйл бол өөрөө өөртөө зориулсан амьсгал бүр минийх байгаасай гэж хүсдэг.

Гэр бүлээ танилцуу­лаач?

-Хүмүүс мэднэ шүү дээ. Дэлгээтэй ном шиг байхыг хүсдэггүй.

Та өөртөө хэр их цаг зав гаргадаг вэ?

-Өөртөө цаг гаргана. Би л өөртөө цаг гаргахгүй бол хэн миний өмнөөс надад цаг гаргах вэ дээ. Тэр бол үндсэн шугам. Эмэгтэй хүний хувьд өөртөө цаг гаргаж чадна гэдэг маш том арчаа.

Чингисийн талбай дээр “Учиртай гурван тол­гой” дуурь тоглоход хүмүүс сонгодог урлагийг гудамжинд гаргачихлаа гэж нэлээд шүүмжилсэн. Та ямар бодолтой байна?

-Тэр хүмүүсийн харж буй амьдралын өнцөг тийм л хар бараан байгаа юм. Ард түмэн олон ургальч санааг гаргадаг гэдэг шүү дээ. Үнэхээр сайхан цэцэг ургуулаад харуулсан ч гэсэн тэр дундаас шүүмжлэх хүн гарч ирнэ. Тиймээс хар бараан зүйлд ач холбогдол өгөхөө больцгооё гэж л хэлмээр байна. Урьд хожид болоогүй л сайхан наадам боллоо шүү дээ. Сайхныг нь магтвал тэрийг хийж байгаа хүмүүсийн сэтгэл улам баярлаж, урам орно. Миний хувьд гайхамшигтай санагдсан. Наадмын өдрүүдэд талбай дээр өнжлөө дөө гэдэг шиг л юм болсон доо.

Та жил болгон тоглолтоо хийдэг шүү дээ. Энэ жилийн тов гарсан уу?

-Яг шийдэгдээгүй байна. Амьдрал баялаг юм чинь гэнэт л хийнэ дээ.

Өөрийн чинь хувьд хамгийн хайртай уран бүтээлээ нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Миний тоглодог бүх л уран бүтээл миний хувьд үнэ цэнтэй. Ард нь гарсны дараа эргээд харахад яаж энэ бүгдийг хийсэн юм бэ гэж боддог. Одоо харахад дандаа 20-иод насны уран бүтээл байгаа юм. Гоё ч нас байдаг юм байна. Ер нь 30 хүрээгүй байхдаа л ихзүйл хийчихмээр юм биш үү. Эрсдлээ сайн мэдэхгүй маш их зоригтой байдаг үе. Хүн алдаж болно. Зовох ч байх. Гэхдээ тэр үед зовж байгаагаа ч мэддэггүй юм билээ. 30 нас гараад ирэхээр хашир болчихдог юм байна. Эрсдлээ их боддог болж. Магадгүй 30-аас өмнөх насныхан уншиж байвал залуудаа хийсэн ямар ч ажил хэрэгтэй, амттай байдаг юм шүү гэж хэлье.

Хэдэн цомог гаргасан билээ. Цомгууд тань хоорондоо ялгаатай юу?

-Би дөрвөн цомог гаргаж байсан. Уран бүтээлийн үе байж дээ. Ардын дууг орчин үеийн хэв маягт оруулаад сүүлдээ тэр нь этник гэдэг хэллэг болсон байгаа. Яг сонгодог чиглэлээр цэвэр хийлээр бас нэг цомог гаргаж байлаа. Дээрээс нь хамтарсан уран бүтээл их хийсэн. Хамгийн сүүлд “Мint” клубээс зохион байгуулсан шоунд дуучин Энхзолтой хамтарч гоё транс ая хийсэн байна лээ. Тэгэхээр уран бүтээлийн хэв маяг хязгаарлагдахгүй л дээ. Яагаад гэвэл хийл хөгжим өөрөө юу л бол юу тоглож болдог. Уртын дуу ч тоглож болно.

Та ямар мөрөөдөлтэй хүн бэ?

-Мөрөөдөл чинь бас сүүлийн үед шунал ч юм шиг болчих гээд байгаа шүү. Мэдээж мөрөөдөлгүй яахав. Өнөөдөр би өөрийн гэсэн сургууль дээрээ сууж байна. Сургууль маань 10-аад анги танхимтай. Гэхдээ давуулаад мөрөөдөхөд тусдаа биеэ даасан зургаа, долоон давхар байшин байгаасай гэж хүсч байна. Гаднаас нь харахаар нэвт харагддаг. Нэг давхар нь тэр чигээрээ бүжгийнх, хоёр давхар нь бүтэн оркестр суугаад тоглодог. Гурван давхар нь ганцаарчилсан ангиудтай. Доороо бас концертын гоё заалтай байгаасай гэж хүсч байна. Тэр байшин маань метроны буудлын хажууд эсвэл вагоны хажууд байрлалтай зөрж өнгөрч байгаа хүмүүст нэвт харагддаг. Орой гэрэл асаахад бүх зүйл нь ил харагддаг шил, толь болсон урлагийн гоё сургууль мөрөөдөж байна.

С.Ариунжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *