Categories
мэдээ нийгэм

Хэт халуунаар хэрхэн сэрүүцэх вэ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар халуун нар шарж, агаарын темпартур ихсэж байна. Нийслэл хотод шөнөдөө бороо орж, өглөө нь нар гарч байгаа хэдий ч халуун нар төөнсөөр. Хүн цэв хүйтэнд дулаацах аргаа олдог ч хэт халуунд сэрүүцэх аргыг төдийлөн мэдэхгүй. Юутай ч ус, сүүдэр бодогддог. Тэгвэл хэт халуун өдөр хэрхэн сэрүүцэх талаар хэдэн зөвлөгөө өгье. Зуны бүгчим халуунд торгон, торгомсог, гялгар, нийлэг материалтай ор дэрний хэрэглэлээс татгалзаарай. Зөөлөн, дулаан өнгөтэй, агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх цэвэр даавуун материалтай цагаан хэрэглэл танд бага ч болов тус болно. Мөн унтахаар хэвтэхээсээ хэдэн минутын өмнө хөнжил, дэвсгэрээ хөлдөөгчид хийгээд түр байлга. Гялгар уутанд хийхээ мартав аа. Энэ арга таныг бүхэл шөнийн туршид сэрүүцүүлж чадахгүй ч орондоо ороод гүн нойрондоо автах хүртэлх хугацаанд бол хангалттай. Хүйтэн, халуун аль ч улиралд нэг супер арга байдаг. Усны саванд ус хийгээд жин болгож ашиглах. Усны саванд ус хийж хөлдөөгөөд хүйтэн жин байдлаар ашиглаж болно. Бас унтахдаа дэрнийхээ хажууд тавьчихаж болно. Халууцаж байна гээд заавал нүцгэлэх хэрэггүй. Харин сул загвартай, зөөлөн, даавуун дотуур хувцас, шорт, цамц өмсөөрэй. Зарим хүмүүс халууцлаа гээд хувцсаа тайлаад нүцгэлчихдэг. Ингэснээрээ сэрүүцэж байна гэдэг ч үнэн хэрэгтээ бие хөлөрч, хөлс биед наалдсан хэвээрээ л байдаг. Эсрэгээрээ нимгэн даавуун хувцас өмсвөл хөлсийг ядаж шингээж авах болно. Өрөөгөө сэрүүцүүлэхээр тавьсан сэнс чинь халуун агаар үлээж, байдлыг бүр ч дордуулж байгаа мэт санагдаж байна уу. Тэгвэл томоохон аяганд, эсвэл задгай амсартай саваар дүүрэн мөстэй ус хийгээд сэнснийхээ яг урд нь тавиарай. Ингээд сэнс үлээж эхэлмэгц сэрүүн сэнгэнсэн агаар таныг илбэх болно. Асар богино хугацаанд сэрүүцэхийг хүсвэл нимгэн арьстай, судас тодрон харагддаг бугуйн дотор тал, чихний ар тал, тахим, тохойны нугалам, цавь, хөлийн шагай орчимд мөстэй хүйтэн жин тавиарай. Биеийн дулаан богино хугацаанд буурах болно. Орондоо орохын өмнө нэг аяга ус уух нь шингэний дутагдлаас сэргийлнэ. Халуун, бүгчим орчинд шөнийн турш нааш цааш хөрвөөж, эргэж, хөлөрснөөр бие их хэмжээний шингэнээ алдана. Үүнээс сэргийлэх зорилгоор унтахынхаа өмнө багахан ус уухыг эмч нар зөвлөж байна. Харин шөнө дунд босож, угаалгын өрөө орохгүйн тулд нэг аягаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ. Мөн унтахын өмнө хүйтэн бүлээн шүршүүрт орсноор биеийн дулаан буурч, улмаар хөлрөх нь ч багасна. Энэ нь таныг амар тайван нойрсоход тань туслах болно.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *