Categories
мэдээ спорт

Хэрүүл, маргаанд “хэрчүүлсэн” олимпийн наадамд ирээдүй бий юү

Монгол Улсын олимпийн шигшээ баг Токиогийн зуны олимпод харьцангуй сайн оролцоод эх орондоо ирцгээлээ.

Нэг мөнгө, гурван хүрэл медаль авч 207 улсаас 71 дүгээр байранд жагсана гэдэг боломжийн амжилт. Түүнээс ч илүү амжилт үзүүлэх нөхцөл бүрдэж байсан ч хувь хүний, дасгалжуулагчийн, багийн удирдлагын зэрэг алдаанаас шалтгаалан цааш алхаж чадсангүй. Жирийн сэтгүүлч хүн хөшигний ард юу болж яагаад чадсангүй вэ гэдгийг таамаглахаас цааш чадваргүй тул алдаа дутагдлаа мэргэжлийн хүмүүс нь юу гэж дүгнэх нь вэ гэдгийг харахаас. Харин харж үзсэнээ хуваалцах боломж бол байна аа.

Ер нь энэ олимпийн наадам чинь бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, “түрүүлэхдээ бус оролцохдоо” гэх мэт уриа лоозонтой байсан нь аль эрт алга болж, яавал түүний өмнө ямхын зайтай гишгэж, чимхийн дайтай илүүг өргөх вэ, хэнээр шүүлгэвэл чадалтайг нь сөхрүүлэх вэ гэдгээрээ уралддаг болчихсон юм биш үү.

Боксын 57 кг-ын жинд аваргалсан Оросын Батыргазиев яалт ч үгүй манай Э.Цэндбаатарт ялагдсан. Тэр өөрөө “Тун тэнцүү зодоон болсон. Шүүгчид түүнд эхлээд хоёр оноо өгсөн нь миний буруу. Ер нь эцэстээ шүүгчид надад ялалт өгөлгүй үлдсэн бол би гомдол гаргахгүй байсан” гэж үнэнээ хүлээсэн л байна лээ. Бокс угийн булхайтай спорт байсан, одоо бүр ч цадигаа алдсан байна лээ. Ер нь жүдо шиг илт харагдаж үзэгдэж байгаад оноогоо авдаг спортын төрөл биш бол маргаантай, тэр маргаан нь өдөр бүр тасралтгүй үргэлжилсээр энэ олимп өндөрлөлөө. Францын боксчин өрсөлдөгчөө илт давуу ялж явахад нь толгойгоороо мөргөлөө гээд сануулга өгөлгүй шууд хасч, нөгөөх нь цаг орчим дэвжээнд сууж тээр жилийн манай чөлөөтийн хоёр дасгалжуулагчийн “амжилтыг” эвдэж байх шиг. Каратэ, таэквондо, гимнастик, туялзуур сэлэм гээд маргаан тасраагүй спорт зөндөө. Хүндийн өргөлтийг хар даа. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг-ыг яг өргөсөн. Тэр тохой нугаралтыг ямар үзүүлэлтээр шийддэг юм бэ. Түүний хэмжээний хазайлтаар оролтоо бүртгүүлээд цааш явж буй тамирчид зөндөө л гарсан шүү дээ. Хэрэвзээ Хятад ч юмуу хүндийн өргөлтийн уламжлалт гранд улсын тамирчин байсан бол тооцогдоод явах л шүү дээ. Дашрамд дурдахад, М.Анхцэцэгээрээ ёстой ч нэг бахархлаа. Тэгж яривал Моллайгийн мөнгөн медалиас М.Анхцэцэгийн дөрөвдүгээр байр илүү чанартай гээд хэлсэн ч буруудахгүй. Дөнгөж амаржаад удаагүй байхдаа олимпод явсан, жүдо шиг Монголдоо олон жилийн арвин туршлага хуримтлуулсан спортын төрөл биш, лужгар том компанийн ивээл дор бөмбөрөөгүй тийм нэг царай нь цаанаасаа л нэг гэрэлтсэн бүсгүйтэй хамт гомдолтой ч гэлээ хамт нүдээ чийглүүлсэн нь энэ зуны олимпийн гэрэлтэй, дурсгалтай мөчүүдийн нэг байлаа. Яахав нас залуу байна, дөрвөн жилийн дараа Парист даагаа нэхнэ биз. Хэрвээ хүндийн өргөлтийн төрлийг олимпийн наадмаас хасчихгүй бол. Хүндийн өргөлт бас л будлиантай төрлүүдийн тоонд орчихоод хувь заяа нь хэцүү болчихсон сураг гараад л байна.

Чөлөөт бөхийн тэмцээнийг хар даа. Одоо чөлөөт бөхийн төрөлд “олон улсын” гэдэг нэршлийг халах цаг болжээ. Шууд л Кавказын аварга шалгаруулах тэмцээн гээд шулуухан нэрлэчихмээр. Австри, Унгар, Канад, Беларусь гээд өчнөөн улсуудыг Оросынхоо дотоодын тэмцээнээс олимпийн эрх олж чадаагүй Могамед, Исмиал, Шамийл гэх мэт сахалтай эрчүүд төлөөлөөд гараад ирчихсэн нухалцаж байна. Ширээний теннис бол улсууд нь өөр өөр байсан ч баг нь заавал нэг хятад тамирчинтай байх. Угтаа яг хөлбөмбөг шиг зөвхөн тухайн улсдаа төрсөн, тэдэн жил амьдарсан гэдэг дүрэм ялгаа оруулж өгөхгүй бол олимпийн наадам утгаа алдах нь. Ядаж байхад наадам эхлэх бүрд огт сонсогдож харагдаж байгаагүй спортын төрлүүд нэмэгдэхийг нь яана гээч.

Далай битгий хэл олигтойхон ширүүн урсгалтай горхи ч байхгүй улс энэ дэлхий дээр зөндөө бий шүү дээ. Гэтэл өчнөөн төрлийн завины уралдаан дээр дахиад шинэ төрлийн завь нэмэгдээд ороод ирэх жишээний. За тэр усанд үсэрдэг тэмцээний тоо бол утгаа алдлаа. Одоо ганцаараа, хосоороо, эрэгтэй, эмэгтэй, төдөн өдөн метрээс гээд оноог нь мэргэжлийн түвшний хүн л тооцно уу гэхээс эгэл хүн бол үл ойлгох тэмцээн байна. Найман төрөлд ус руу үсрээд долоон алтыг хятадууд хамаад л явчихлаа. Үзэмчин, хорчин нутгаас харьяалалтай шигшээдээ бараг багтах гээд хасагдсан нөхөр байдаггүй л юм байх даа. Иргэншлээ өгчихвөл бас л нэг мөнгөн медаль байж л байна. Хөнгөн атлетикт нутаг сэлгэлт аль эрт эхэлсэн, одоо бол утгаа алдсан гэж болно. Холын зайнд гүйж буй Америкийн, Английн, Италийн иргэд бас л өөр улсаас гарал үүсэлтэй байх нь цочирдохоор зүйл биш болжээ. Беларусь бүсгүй тэмцээн дундаас Польшоос улс төрийн орогнол хүсээд ирээдүйд Польшийн нэрийн өмнөөс олимпод оролцох тухайгаа илэрхийлж яваад өглөө. Нэг иймэрхүү холион бантан олимпийн эргэн тойронд өрнөх болж дээ. Одоо олимпийн ихэнх төрлүүд гурван жилийн хугацаатай мартагдана. Тэгээд Парисийн наадам дөхөөд ирэхээр гортиг, тэвэг мэтийн сонин, сонин спортын төрөл нэмэгдээд гайхшруулаад хэрүүл будлианаа үргэлжлүүлээд наадаад эхлэх буй за. Олимп минь хаашаа л урсаад байна даа.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *