Categories
мэдээ цаг-үе

“Хэрх”-ийн сургуулийн хэрсүү ангийнхан

Сургуулийн цонхыг таглах шахам ургасан монос, мойл жимсээ даахгүй газар шүргэх шахам бөхийжээ. Улиаснууд нь навчисаараа үерлэх мэт. “Би мойл их идсэн болохоор миний хэл чинийхээс хар болсон байна” гэж хүүхдүүдийг шуугилдах үеэр сургуулийн хонх жингэнэн дуугарлаа. Хэсэг хүүхэд газар тавьсан “Школа” цүнх­нүүдээ шүүрэн авч гүйлдэн одов. Энэ бол 1995 оны ес­дүгээр сарын нэгний хичээ­лийн шинэ жилийн нээлтийн анхны хонх байв. Сургуулийн өмнөх талбайд ах нар чавх барьчихсан, охид нь хормой хотоо нуух маягтай зогсоцгооно. “Г.Халиун багш­тай 1а ангийнхан ороорой, араас нь Ариунаа багштай 1б ангийнхан яваарай” гэлээ. Манай анги аль нь юм бол хэмээн бодон явж байтал Ариунаа багш “Хөөе Боогий ангидаа ор” гэх нь дуулдав. Ямартай ч би арын гудамжныхаа эгчийн шавь болж байгаа юм байна хэмээн дотроо бодон баярлаад ангийнханыхаа араас гүйлээ.

Хичээлийн эхний цаг мэдээж танилцах. “Тэр тэрний хүүхэд үү, тэрэнтэй суу” хэмээн ангийн багш хэлж, би Магсарын Элбэгжаргал гэдэг охинтой тохой нийлүүлэн суух боллоо. Ээжээсээ өөр эмэгтэй хүний дэргэд сууж үзээгүй шахам байсан би нүүр хийх газаргүй мэт санагдаж ичиж билээ. Урд гудамжныхаа А.Отгондорж, Б.Мягмардорж, Б.Ундрах нарыгаа шоолох­тойгоо бас. Нэгдүгээр ангид 30 гаруй хүүхэд манай ангид элсэн орж байсан юм. Ариунаа багш биднийг багаас нь цэвэр бичигтэн болгоно гэж өдөр бүр бусад ангиас илүү их хуулан бичлэгийн даалгавар өгнө. Тоглох завгүй даалгавраа хийдэг байлаа. Хоёрдугаар ангид байхад хүрд тогтооно гэдэг хамгийн хэцүү ажил байсныг өнөөдөр манай ангийнхан ярьцгаадаг юм. Хүрдээ цээжлээгүй хүүхдүүдийг ангид орой 21 цаг хүртэл суулгаж нүдлүүлнэ. Ангийнхан маань багшаас айдагтаа юу, санаа гаргадаг байсан уу зарим нь өмдөндөө “морь” харчихна. Ийм амьтныг ангид суулгана гэж юу байхав.Багш “Яаж байгаа нь энэ вэ. Одоо харь” гээд явуулна. Өнөөх чинь ангиас гарахдаа мань мэт рүүгээ хараад инээх маягтай хаалга саваад гүйж одно. Бидний үеийнхэн “Цэвэр бичигтэн” өргөмжлөл авахын тулд мөн ч их хичээнэ. Бараг ангиараа цэвэр бичигтэн болж байсан цаг 1997 он. 1996 онд сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцон түрүүлж урлагийн авьяастай гэдгээ тэр хэмжээндээ харуулж байв. Би гэхэд л Х.Баянмөнх, П.Сайнжаргал маань Ж.Мөнхбат аварга гээд тухайн цаг үеийнхээ шилдэг хүмүүсийн дүрийг бүтээж байсан цаг саяхан мэт.

Манай ангид А.Баасанпүрэв гэж мундаг сурлагатай хүүхэд байлаа. Уран зохиолын хичээл дээр Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Чингэс” шүлгийг цээжлүүлэхэд хоёрхон удаа уншаад л багшийн өмнө дуржигнуулж байсныг манай ангийнхан одоо ч ярьдаг. Бидний үлгэр дуурайл болсон өөр нэг хүүхэд бол Цагаанчулууны Алтанбаатар хэмээх шавилхан бор хүүхэд байсан юм. Хичээлдээ сайнаас гадна шүлэг уншиж бичнэ гэж ярих юмгүй. Энэ хүүг дуурайдаг байснаа мартдаггүй юм.

П.Эрдэнэсүх гэж элдэвтэй, хөдөлгөөнтэй хүүхэд аавынхаа дуулах дуртай “Арслантай авдар” дууг дуулна. Сэлэнгийнхэн хар багаасаа л ногоо тарьж, хураах ажилд нухлагдан өсдөг. Энэ зам манай ангийг яаж тойрохов. Гурав, дөрөвдүгээр ангидаа Чимэдээ ахын том хашаанд лууван хурааснаар манай ангийнхны анхны намрын ажил эхэлж байлаа. Нэг хүүхэд өдрийн 400 төгрөг авч байсан нь тухайн үедээ л их мөнгө. PC тоглоом гээд янз бүрийн мөнгө үрчихээр зүйлс байсан биш. 200 төгрөгөөр гөөхий, улаан ус авч ангиараа ууцгаахаас хэтрэхгүй.

Бага ангид байхад хүүхэд бүрийн туйлын хүсэл ахлах ангид орох. “Өглөө хичээл орох гоё байхдаа” хэмээн өөр хоорондоо бувар хийцгээнэ. Төд удалгүй тавдугаар ангид орцгоож дөнгөж багшийн сургууль төгсөж ирсэн Б.Гэрэлмаа багшийн анхны шавь нар боллоо. Бидний багын мөрөөдөл шахуу болчихсон ахлах ангид орох хүсэл хүсээд байх зүйл биш юм байна хэмээн гэдгийг ойлгоцгоож эхлэв. Хичээл эхлээд төд удалгүй намрын ажилд гарцгаалаа. Хэрх уулынхаа өвөрт төмс хураалтад гарсан юмдаг. Сэргэлэн хөвгүүд нь тогооч охидууд дээрээ гүйж ирээд дал дөрвөн өндрийг нь чануулж иддэг байсныг сүүлд нь мэдэцгээж билээ. Ер нь бол манай ангийнхан хаана ч өлсөөд явахаар хүмүүс биш. Сэргэлэн нь дэндсэн ч гэсэн буруу тийшээ биш нөхдүүд байлаа.

Уран шувууны нислэг мэт гэрэл гэгээт он жилүүдээс Мандалын хөх уулс мэт охидоо бид үгүйлнэм. Уулын хөх чулуу мэт ангийн чинь хэдэн хөвгүүд “Ура” дуулан хашгирахад хавар ирнэм. Уулзах хүсэл гэгээн зовнил минь. Ургах өдрүүдийн тушаанд гэрэлтнэм. Учран золгох итгэлийн өндөр наранд минь. Энэ л ангийн охид минь солонго болон гэрэлтдэг дээ хэмээн шүлгээр өвчилж явахдаа ангийнхаа хөвгүүдэд хэлж байсан минь нэн тодхон.

1б ангийнхан элдэвтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл техник хөдөлмөрөөр Г.Нямпүрэв, П.Одгэрэл, Г.Баярхүү мундагчууд байв. Харамсалтай нь үүнийгээ хөгжүүлээгүй юм. Хэрэв сурагч ахуй цаг шигээ явсан бол өдгөө мундаг зохион бүтээгчид болсон байгаа гэдэгт ангийнхан маань эргэлздэггүй билээ.

Г.Банзрагч, А.Ганбаяр, А.Ганзориг, Н.Мөнхтогтох, Дарханболд гээд авьяастнуудаараа манай ангийнхан төдийгүй сургуулийнхан бахархана. Сургуульдаа анхны хип хоп хамтлаг байгуулж уран бүтээлээ хийж байсан юм. Манай ангийнхныг урлагт хөтөлсөн хүн бол Ганбаярын аав Алтанхуяг агсан байв. Мянган мэргэжлийн эзэн гэж байдаг бол үнэхээр л тэр эрхмийг нэрлэхээр байсан юм. Урлаг, спортоос эхлээд амьдралын бүхий л зүйлийг сургана.

Б.Алтанбагана маань Өмнөговиос шилжин ирлээ. Магадгүй анги дотроос хамгийн түрүүлж нөхөрлөсөн хүн нь Өлзий бид хоёр. Дүн өвлөөр ч гэсэн манайхаар орж гарах дуртай гэж жигтэйхэн. Нэг өдөр манайд ирэхэд хоёр дүү Хараа голоос загас барьчихсан ирэхтэй таарсан юм. Мань эр “Энэ юу вэ, Энхболдоо” гэж байна. “Чапак гэдэг загас, май” гээд гар дээр нь тавьтал чөтгөр үзсэн мэт зугтчихав. Яаав ийв гээд араас нь яваад очтол “Шпротоос өөр юм байна ш д” гэж билээ. Өлзий бид хоёр ч саваад унахын наагуур юм боллоо. Багаа маань ингэж анх удаа загас харсан юм. Долдугаар ангийн хичээл амрах дөхөж байсан үе. Хөхөө донгодсон юм чинь голын усны хор гарсан гээд ангиараа гол орж усанд орохоор явлаа. Алтанбагана говийн хүүхэд тул цэлэлзэн урсах Хараа голыг хараад уулга алдав. “Яаж байна” гэхэд “Ийм их ус байдаг юм уу” гээд гайхна. Манай нутагт хөлийн шагайгаар татсан усаа гол гэдэг юм гээд толгой сэгсрэх янзтай. Багааг шилжиж ирэхээс дөрвөн жилийн өмнө Т.Өлзийсайхан шилжиж ирсэн юм. Биеэр шавилхан тул ангийн хөвгүүд үл тоох янзтай. Биеийн тамирын хичээл дээр 3000 метрт гүйлгэв. Гэтэл өнөө үл тоогдогч адуу л гэсэн үг. Биднийг нэг тойргоор түрүүлэн барианд орж билээ. Тэр үеэс л жинхэнэ утгаараа ангийн эгнээнд бат орж, хичээлдээ шаггүй гэдгээ батлаад авсан юм. Ямартаа ч төгсөх жилээ хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртээд ирж байсан санагдана.

Биднийг наймдугаар ангид орсны дараа гар утас гэж өдрийн од шиг зүйл байдаг байлаа. Есдүгээр сарын нэгэнд Одбаяр скайтелийн данхар саарал гар утас гарган ирж нүд бүлтийлгэж билээ. Одоо тэр гар утсыг харсан хүн “тоосго” гэж хэлэх байх л даа. Гэхдээ л сургуульдаа гар утас барьсан анхны хүүхэд болсон юм. Ээж нь хотод ажилладаг байсан тул гар утас авч өгсөн байлаа. Удалгүй Багаа маань мөн л скайтелийн дэлгэдэг цагаан гар утас авч ангийнхан маань гар утсаар өвчилж эхэллээ. Тэр хоёр хичээл дээр бие бие рүүгээ залгаж нэг их чанга ая явж хичээл үймүүлнэ. Зарим хуучны багш нар хөрөнгөтний хүүхдүүд гэж ад үзэх маягтай. Ингэж л манай анги бүү хэл сургуулиараа гар утасны аян эхлүүлж байлаа.

Ангийнхан маань “зөөлөн чихт” Б.Гэрэлчимэгээр хичээлээ хуулуулна. Анги болгонд хичээл хийх дургүй нөхдүүд байдаг даа. Яг тийм хэдэн нөхдийн хичнээн ч хичээлийг хуулж өгснийг бүү мэд. Биднийг наймдугаар анги төгсөх жил багш нар “Улсын шалгалтад орохдоо энийг авч гараарай” хэмээн сурлага гайгүй хүүхдүүддээ хуваарилж өгсөн юм. Яахав дээ багш нар ангиараа төгсөг л гэж бодсон хэрэг. Б.Ундрах, Б.Мөнхзул, Отгонтуяа, Гэрэлчимэг би гэх мэт хэдэн хүүхдүүд ангийнхаа хэдийг хувааж аваад шалгалтаа амжилттай өгч төгсөж байсан юм. Наймдугаар ангийн 100 гаруй хүүхдийг дүнгээр нь жагсаахад Э.Энхболд, Б.Ундрах, Б.Мөнхзул гээд манай ангийнхан эхний гурван байрт жагсаж байв. Эхний 10 хүүхдийн талаас илүү нь ганцхан 8б-ээс байсныг багш хараад баярласан байхдаа гэж одоо боддог юм. Харамсалтай нь Б.Гэрэлмаа багш маань хүндээр өвдөж есдүгээр ангид манай ангийг Э.Буянсайхан багш дааж авлаа. Б.Гэрэлмаа багшийгаа залуу шинэ багш гээд элэг барих янзтай байсан ангийнхан шинэ багштай болж номондоо орлоо.

Хүүхэд байхад бие биедээ хоч өгөхгүй байна гэж үгүй. “Шар муур шартай даа, шарсан мах амттай даа тэр юу вэ” гэвэл “Ундрах”, “Зелёный кошка гэж ямар амьтан бэ” гэхэд “Ганбаяр” гэх жишээгээр ангийнхны хоч хөвөрнө. “Эртний хүн” гэхээр Өлзий, “Тэмээ Лхагваа”, “Трактор Энхболд” гээд хочгүй хүн гэж энэ ангид байхгүй.

Сурагч ахуйд анхны дурлалын захидал ширээнээс ширээ дамжин нисдэг цаг. Бичгийн хэв гайгүй, шүлэг оролддог гээд манай ангийнхан сэтгэлийн гүн дэх нууцаа надад дэлгэн захиа бичүүлнэ. Бараг л нэг утгатай захидлыг хэдэн ч охинд ангийнхаа хөвгүүдийн өмнөөс бичиж өгсөн юм бүү мэд. Би ч юунаас нь дутахав гээд нөгөө ангийнхаа охинд захидал бичлээ. Ичингүйрэн байж гарт нь атгуулаад гүйчихлээ. Хоёрдугаар цагийн хичээлийн завсарлагаанаар хариу нь ирж байна. Догдлон догдлон унштал “Мангараа танай ангийн Ганзоригоос яг ийм захиа ирсэн. Битгий хүний янз үзээд байгаарай” гэсэн байна шүү. Юун өнөө догдлох вэ. “Тэр захиаг чинь би бичиж өгч байсан юм аа” гэж хэлэхийг хичнээн их хүссэнийг ярих юм биш.

Баасан гариг бүр сургуулийн их цэвэрлэгээ болно. Нэг өдөр манай ангийн хэсэг хөвгүүд цэвэрлэгээний ажлаас зугтан сургуулийн хоёр давхраас үсэрчихсэн байгаа юм. Үүнийг хэн нь ч юм харчихаад сургуулийн захиргаанд мэдэгдчихэж. Асуудал бослоо. Ангийн маань хөвгүүд айхдаа “Пунцагбалжир багшийн ангийн хойд хаалгаар гарсан” гээд худлаа хэлчихэв. Пунцагаа багш намайг гүтгэж байна гээд ангийнхныг донгодохгүй яахав дээ. Нэлээд ширүүхэн хурал хуй болж байж гайгүй өнгөрсөн удаатай.

Есдүгээр ангидаа манай анги Хэрх уулынхаа өвөрт Төрөө ахын компанийн төмсийг хураахаар намрын ажилд гарлаа. Тэр жил яагаад ч юм цас эрт унасан юм. Шал ч үгүй давхарга ч байхгүй гэрт ангиараа байрлаж байсан тул даарцгаасан гэж жигтэйхэн. Зузаан хувцсаа охиддоо өмссөн дэрчийсэн хэдэн хөвгүүн даараагүй юм шиг зогсоцгоож байсан нь одоо бодоход сайхан л санагддаг юм. 17 нас хүрсэн болохоор санаа сууж байсан юм байлгүй төв рүү хураасан төмсөө машинаар зөөх боллоо. Орой ажил тарсан байхад ангийн таван хөвгүүний хамтаар төмс буулгахаар төв явлаа. “Хоёр шуудай төмс замдаа унагая” гэж тохиролцоо ёсоор хоёр шуудай төмс замын жалга руу өнхрүүлчихлээ. Ачаагаа буулгаж дуусаад өнөө хоёр шуудай төмсөө дэлгүүрт аваачиж өгөөд оронд нь чихэр, жигнэмэг, ундаа авч ангийнхнаа дайлж байлаа. Үргэр дуурайл болгож болохгүй мэт боловч тэгж л ангийнхаа охидыг баярлуулж байсан нь нэн тодхон.

Төмс хураалтын ажил заримдаа эрт бууна. Эрчүүд нь хоорондоо хөзөр тоглож хожигдсон нэгнээрээ барааны саван идүүлж, хоёр гурван литр ус уулгаж шийтгэнэ. Саван идсэн нөхдүүдээсээ ямар байна гэхэд “Тос уучихсан юм шиг байна” гээд инээдэгсэн. Эр хүний тоглоом хатуу хойно хэн хэн нь шийтгэлээ өөрийн биеэр давцгаана. Сүүлд нэг дор тэгж их ус уувал ходоод хагардаг гэж дуулаад жигтэйхэн айж билээ. Бас болоогүй ээ намрын ажил дээр ариун цэврийн цаасыг хадаг шиг дэлгэн бариад сэтгэлтэй охин дээр нь очоод “Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж…” гэж байгаад л бэр гуйнаа. Нөгөө охид чинь хадагны оронд байсан цаасыг ураад хаячихвал нөгөөх нь гомдоод сүйд болно. Харин инээмсэглэх маягтай эвхээд авчихвал их л маадгар алхдагсан.

Манай ангийнхан урлаг спортод хувиа тавихгүй. Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байраа алдаж үзээгүй анги байлаа.

Дэгж дэрвэсэн он жилүүд өнгөрч, аль хэдийнэ 10 жилийг ардаа үлдээжээ. Зургадугаар сарын 28-ны өдөр сургууль байгуулагдсаны 80 жил, 10б анги төгссөний 10 жилийн ой тохиож байгаа юм. 2005 онд 20 гаруй хүүхэд Э.Буянсайхан багшийнхаа гараас, сургуулийнхаа эрдэмтэн багш нараас “амьдрал” хэмээх томилолт авч галт тэргэнд суусан өдөр л дөө. Өдгөө Өлзий маань Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Отгонтуяа АНУ-д, Учрал Японд суралцаж байна. А.Ганзориг Спирт бал бурам, П.Сайнжаргал маань МАК, Отгонцэцэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт, Алтанбаатар, Булгантамир, Хишигдэлгэр нар хувиараа бизнес эрхэлж байгаа бол Оюун, Одгэрэл гээд нэлээд хэд нь багш болсон байна. Манай ангийнхан дотроос төрсөн ганц хос нь Отгондорж, Отгон хоёр. Тэд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.

Жаргал зовлон, баяр гунигийн алинд нь нэг л зангаараа байдаг ангийнхнаа хараад баярлах, бахархах сэтгэл төрдөг юм аа. Тэр хуримаа хийнэ тэдэн төгрөг хурааж байна, тэдний тэр өнгөрчээ яах тухайгаа ярилцъя гээд цуглах жишээтэй. Амьдрал үргэлжлэхийн хирээр сурагч ахуй цаг өөрийн эрхгүй бодогдож, хоёр давхар цагаан сургууль, захидал атгуулсан охидын дүр, багшдаа загнуулаад самбарын өмнө зогссон хором гээд тэр бүхэн улам гэрэлтдэг ажээ.

Бид ардын боловсролын тэргүүний ажилтан, нэрт багш Доржсүрэнгийн Энхбаатар, Шаравын Цэцгээ, Ганбэх, Пүрэв, Намжилмаа, Алтанчимэг, Наранчимэг, Болд гээд олон мундаг багш нараас эрдмийн охийг хүртэж байсан. Эргээд бодоход азтай хүмүүс юм даа гэсэн бодол төрдөг. Аливаад сийрэг ухаантай, Гэрэлмаагийн хэрсүү ангийнхан гэж ганц биш хэд хэдэн багшаас сонсож байсан болохоор би одоо хүртэл ангийнхнаа хэрсүү л гэдэг юм.

Аравдугаар анги төгсөөд ангийнхныгаа үгүйлэхдээ ийм хэдэн мөрт шүлэг зохиож байсан ажээ.

“Та нар минь тэнгэрт нумрах солонго юм

Харин би солонго шүтэгч нэгэн юм

Та нар минь тэнгисийн давалгаа, газрын хаад, эрхэсийн гүнж юм

Харин би та нарыгаа харж тайтгарах нэгэн шүлэгч юм.

Арван жил дуулсан

Ангийн охидоо үгүйлнэм

Арван жил зүггүйтсэн

Ангийн хөвгүүдээ санагалзнам” гэж бичиж байснаа тэмдэглэлийн дэвтрээсээ оллоо. Тийм ээ, үеийн үед биесээ үгүйлэх тийм л гэгээн хором бүр сурагч ахуй насных.

Дахин нэг сургуулийнхаа босгыг алхаж, хонхны дуугаа сонсохсон гэж яарнам. Тэр цаг удахгүй, зургадугаар сарын 28-нд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *