Categories
мэдээ цаг-үе

Хэнтий, Сүхбаатарт хөдөө аж ахуй, Дорнодод аж үйлдвэрийн парк хөгжих боломжтой

Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх, эрх зүйн бодлого баримтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нийтэд хүргэх сурталчлах зорилготой “Инновацийн долоо хоног” өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрөв. Энэ өдрөөр шинжлэх ухаан, инновацийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хууль эрх зүйн орчны хэлэлцүүлэг, залуу эрдэмтэд судалгааны бүтээлээрээ өрсөлдсөн “Best Paper Awards – 2019” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг өргөн хүрээнд зохион байгуулагдав.

“Best Paper Awards-2019” эрдэм шинжилгээний бага хуралд нийт 20 гаруй залуу судлаач бүтээлээ ирүүлснээс шилдэг докторант залуу судлаачаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Хэрлэнбаяр “Spatial analysis on social economic of Mongolian East­ern Zone and Development resource” буюу “Монголын зүүн бүсийн болон хөгжлийн нөөцийн нийгэм эдийн засгийн орон зайн судалгаа” бүтээлээр шалгарсан байна. Энэ удаагийн булангаар залуу эрдэмтэн Б.Хэрлэнбаярын шагнал хүртсэн бүтээлийг онцолж байна.

Монголын зүүн бүс нь Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид хамгийн ойр оршдог. Уг интеграцид оролцоход аймаг, бүсийн түвшинд хөгжлийн ямар нөөц, боломж, орон зайн хувьд хаана байгааг тодорхойлох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгардаг. Тэгвэл Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Хэрлэнбаяр энэ сэдвийг судалжээ. Тэрээр Монголын зүүн хэсэгт хөгжлийн дотоод нөөцийг хүн амын суурьшил, ажиллах хүч, хөдөө аж ахуй, хилийн боомтоор нэвтэрсэн ачаа, зорчигч тээвэр, тээврийн дэд бүтэц гэсэн үзүүлэлтүүдээр орон зайн анализ хийжээ. Судалгааны үр дүнд бүсийн түвшинд хөдөө аж ахуйн салбар нь эдийн засаг, ажиллах хүч дийлэнх хэсгийг хангадаг тулгуур салбар байна. Төмөр замын зүүн коридороор ачаа тээвэрлэх дотоод нөөц байна. Харин аймгийн түвшинд Хэнтий, Сүхбаатар аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйчилгээ, хөнгөн аж үйлдвэрийн салбар дээр тулгуурлан хөгжих боломжтой. Тэгвэл Дорнод аймаг Чойбалсан хот дээр тулгуурлан аж үйлдвэрийн парк болж хөгжих боломж өндөр байгааг шинжлэх ухааны үндэслэлээр харуулжээ.

Ингэснээр үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад гол нөлөөтэй эдийн засгийн тулгуур салбараа хөгжүүлэх, шаардлагатай ажиллах хүчний хуваарилалтыг зөв төлөвлөх, хөгжлийн ирээдүй сайтай хот, сум сууринг тэргүүн ээлжинд сонгон хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг тухайн хөгжлийнхөө нөөц, боломждоо үндэслэн оновчтой нэмэгдүүлэх, замаар бүс нутгийн бие даасан байдлыг хангах зэргээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулахад ач холбогдолтой гэж байна. Тухайлбал, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн зүүн коридорын төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн орон зайн төлөвлөлтийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хоорондын уялдаа холбоог хангахад энэ судалгааг ашиглаж болох аж.

Сонирхуулахад, Монголын залуу эрдэмтэд сүүлийн үед шинэ тутам судалгаа хийж, олон улсын чансаа өндөртэй сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлүүлэх болжээ. Шинжлэх ухааны салбарыг байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан гэж хуваадаг. Байгалийн шинжлэх ухаан нь урт хугацааны судалгаа шаарддаг, тэр хэрээр ажиллах хүн цөөн байдаг юм байна. Харин нийгмийн шинжлэх ухааны салбарт бизнес, эдийн засгийн судалгаа хийх боломжтой учраас судлаачид түлхүү сонирхдог ажээ.

Байгалийн шинжлэх ухааны хувьд Монгол орон арвин их судлагдахуунтай гэнэ. Тийм ч учраас гадны судлаач, эрдэмтэд Монголыг сонирхож ирдэг, монгол судлаачид тэдэнтэй хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй байдаг гэж Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох ярьж байна.

Тэрээр Монгол Улс шинжлэх ухаанч бодлого гаргадаг боловсруулдаг эсэхэд “Монгол Улс сайн ч, муу ч бодлого гаргадаг. Харин бодлогын залгамж халаа байхгүй болчихсон нь хамгийн том асуудал юм. Монгол зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос Засгийн газрын дундаж насжилт 1.5 жил болсон гэж байгаа. Ийм настай Засгийн газар урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд маш хэцүү. Үндсэндээ боломжгүй. Аж үйлдвэрийн салбар хөгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан бол энэ. Хоёрдугаарт, аливаа бодлого шийдвэр, ялангуяа Засгийн газрын шийдвэрүүд тооцоон дээр үндэслэж гарах ётсой. Шинжлэх ухааны үндэстэй бодлого төлөвлөлт, шийдвэрүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй. Тэр нь бас дутагдалтай. Эрдэмтдийн судалгааны үндсэн дээр бодлогын анализыг давхар хийж, шийдвэр гаргавал илүү бодит байдлаар хөгжих бололцоотой” гэж байна.

Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ДНБ-ний 0.2 хувийг зарцуулдаг. Харин дэлхийн жишиг бол хоёр хувь байдаг аж.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *