Categories
мэдээ улс-төр

Хэнтий хан уулын өндөрлөг хэсгийг Бурхан халдун болгохыг гишүүд дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун болгож өөрчлөх талаар хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудлын талаар саналаа хэлэв.

Гишүүд Хэнтий хан уулын талаар болон түүнд агуулагдаж байгаа Хүннү гүрний булш бунхан, Дуурилаг нарс, Шүтээн мод зэрэг газруудыг түүхийн дурсгалт газарт бүртгүүлэх хэрэгтэй хэмээн сануулж байлаа. Мөн газар нутгийн нэршил Баруун Алтайд маш их өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг анхаарах хэрэгтэй байна. Өндөр хаан хотыг Чингис болгосон. Уг нь бид хүндэлж биширдэг уул хайрханыхаа нэрийг ч хэлэхээс цээрлэдэг ёс бий. Гэтэл одоо Чингис, Чингис гээд дуудаад байх нь хэр оновчтой юм бол доо гэх мэчилэн саналаа хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хэнтий хан уулын нуруунд байгаа Бурхан халдун уул гэж хэсэг нурууг нэрлэх гэж байгаагаа тодорхой тайлбарлаж хүмүүст ойлгуулмаар байна. Мөн энэ тогтоолын төсөлтэй хамтатгаад Ноён уулын нэршлийн асуудлыг ч бодолцохыг сануулав. Ноён уулын алттай хэсгийг ухаж болно, Ноён уул биш гэж өөрчлөөд алтгүй хэсгийг нь Ноён уул гэж нэрлэснээ болих хэрэгтэй шүү дээ гэлээ.

Ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 56 нь дэмжлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөхөөр заасан юм.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог аж. Зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарах юм байна.

Улмаар ЮНЕСКО-гоос Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн учир уугуул нэрийг нь сэргээх асуудлыг Засгийн газраас мэдүүлсэн нь энэ аж.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бага Хэнтийн оргил нь Асралт хайрхан, Их хэнтийн хайрхан нь одоогийн нэрлэх гээд байгаа Бурхан халдун юм. Хуучин ЗХУ-ын экспедиц 100 мянган масштабын газрын зураг хийхдээ Хэнтийн хан уул гээд нэрлэчихсэн, тэр нэршлээрээ нэрлэгдсэн байгаа” гэж тайлбарлалаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм.

Уг сонгуульд автоматжуулсан машин ашиглана. Мөн сонгуулийг зохион байгуулахад 14.9 тэрбум төгрөг зарцуулна хэмээн заалаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *