Categories
мэдээ улс-төр

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН оролцох шийдвэрийг гаргажээ

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус нам энэ сарын 20-ны өдөр бага чуулганаа хийсэн байна. Энэ чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар хэлэлцэж, оролцох шийдвэрийг гаргажээ.

Энэ тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Шударга ёс тогтоохын тулд манай нам нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан” гэдгийг хэллээ. Мөн тэрбээр “Бид Монголд тулгамдсан засаглалын асуудлыг шийдэж, монголчуудын эрх ашгийг хамгаалах ажилдаа тууштай орох зорилготойгоор энэ сонгуульд оролцоно” гэсэн тайлбарыг өглөө.

Тус намын дэд дарга С.Ганбаатар “МАХН Хэнтий нутгийн ард иргэдийг төлөөлж УИХ-д ялалт байгуулахын тулд сонгуульд оролцохоор боллоо. Биднийг 2017-нд Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр тэрбумтантай өрсөлдөж байхад Монгол орон даяар шударга үнэний төлөө оролцсон. Бид ялсан. Тэд луйвардсан байж болно” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Харин МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хэн өрсөлдөх нь тодорхойгүй байна. Тус нэр дэвшигчээ Хэнтий аймгийн сонгогчдоос асууж тодруулах аж.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль 06 дугаар сарын 30-нд явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *