Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэсэгт долоодугаар сарын 14-ний 09:30 цагт дуудлага ирсний дагуу цагдаа нар шуурхай ажиллаж 5-8 насны дөрвөн хүүхдийн амийг аварчээ.

Уг цагдаагийн хэсэгт “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэсэн дуудлага ирсний дагуу мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09:40 цагт Гүрмийн нуурын зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 9,2 км-ийн тойрог радиустай юм. Иймээс цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгойг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон хүүхдүүдийг аварчээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсан. Үүнтэй холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж.

Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *